| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2208000001661 |
| Дугаар | 2023/ДШМ/133 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Энхням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/133
А.Нт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхням,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Н.Баясгаланбат,
шүүгдэгч А.Нын өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын өмгөөлөгч Н.Баясгаланбатын гаргасан давж заалдах гомдлоор А.Нт холбогдох эрүүгийн 2208000001661 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................. овгийн А.Н, ....................................... төрсөн, ....... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, манаач ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ..............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;
Шүүгдэгч А.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ....... тоотод байрлах гэртээ эхнэр болох Д.Рыг “өөдөөс хэрүүл хийлээ” гэж уурлан түүний цээжний хөндий рүү хутгалж зүүн уушгийг гэмтээсний улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд оруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Ныг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ныг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхэд Н.Э, Н.Э нарт асран хамгаалагч томилох, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга /П.Алтанхуяг/, Сүхбаатар дүүргийн Засаг дарга /Х.Болормаа/ нарт тус тус даалгаж, насанд хүрээгүй хүүхэд Н.Э, Н.Э нарт асран хамгаалагч томилуулах, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох, холбогдох бусад асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэхийг түр асран хамгаалагч М.Гүнжалам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарт хариуцуулж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээж, цагаан өнгийн “Самсунг” маркийн 1 ширхэг гар утсыг хохирогчийн төлөөлөгч Д.Цт, хар өнгийн “Самсунг” маркийн 1 ширхэг гар утсыг А.Нт тус тус олгож, харин “Хараа” нэртэй 0,5 грамм архины шил 2 ширхэг, ногоон өнгийн иштэй ажлын хэсэг 16 см, бариул хэсэг 10,5 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн иштэй ажлын хэсэг 12 см, бариул 18,6 см урттай хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, бариул 13 см урттай заазуур 1 ширхэг, бор өнгийн модон иштэй онгойлгогч 1 ширхэг, мөнгөлөг өнгийн иштэй ажлын хэсэг 9 см, бариул 10,5 см урттай маслоны хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн иштэй ажлын хэсэг 10,5 см, бариул 11,5 см урттай хутга 1 ширхэг, дэгээ хэсэг 8 см урттай ажлын хэсэг 51,8 см урттай дэгээ төмөр 1 ширхэг, цус мэт бохирлогдсон цагаан өнгийн хос пүүз 1 ширхэг, улаан өнгийн хивсний хэсэг, орны бүтээлэг 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, “Найк” брэндийн логотой малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, төмөр аралтай хар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, ягаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, бор өнгийн оймс 1 ширхэг, ягаан цэцэгтэй хар өнгийн турсик 1 ширхэг зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, шүүгдэгч А.Ныг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын өмгөөлөгч Н.Баясгаланбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрийн талаар дараах гомдлыг гаргаж байна.
Тогтоолын тодорхойлох хэсгийн 2.2-д амь хохирогчийн “... цээжний хөндий рүү нэвтлэн дүрж ...” алсан гэж дүгнэсэн нь А.Нын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...хонь янзалж байсан модон хүрэн иштэй хутгыг аваад эхнэрийн зүг шидэхэд эхнэр хойшоо харах шиг болсон ба ... зүүн далны дор хутга зоогдсон байсан... ” гэж мэдүүлсэнтэй зөрүүтэй. Энэ нь мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй байхад дүгнэснээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Амь хохирогчийг түүний биед үхэлд хүргэсэн шархнаас гадна хэд хэдэн гэмтлүүд тогтоогдсон, хэргээ түүний бага насны буюу 8 настай хүүхдийг байхад, 2,0 хувийн согтолттой буюу өөрийгөө хамгаалах чадваргүй байхад /амь хохирогч эмэгтэй хүн, бие бялдрын хувьд шүүгдэгчийн довтолгооноос өөрийгөө хамгаалах боломж, чадваргүй гэдгийг анхаарна уу/, түүнчлэн хувийн хэрэгцээний хөрөнгөгүй байлгаж буюу хэрэгт авагдсан Төрийн банкин дахь Д.Рын нэр дээрх данснаас 2021 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 2 удаагийн зарлагын гүйлгээгээр нийт 500.000 төгрөг авснаас өөр хувийн болон хуваарьт хөрөнгөгүйгээр хэрэгцээг нь хясан боогдуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад тогтоолд зөвхөн бие махбодын хүчирхийллийн талаар дурдаж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн тогтоолын тодорхойлох хэсгийн 3-т заасан хохирол, хор уршиг гэсэн хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гаргаагүй, шүүгдэгчийн ар гэрийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 9.710.046 төгрөг зарцуулсан ... эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөнд тооцогдоно гэсэн. Энэ хэргийн улмаас амь хохирогчийн буяны ажилд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц болон Улаанбаатар хотод оршин суудаг түүний нагац эгч П.Т-д шууд бодитоор 10.101.825 төгрөгийн, амь хохирогчийн төрсөн ээж Ө-ын сэтгэл санааны хохирол буюу хор уршгийг арилгахад 30 сая төгрөгийн хохирол учирсан ба тэдгээрийг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тогтоолгохоор хяналтын прокурор, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч тэдний хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас шүүх хуралдаанаар дээрх баримтуудыг хэлэлцэж хохирол, хор уршгийн талаар бодит дүгнэлт гаргах боломжгүй байдалд хүргэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх биш улам нэмж зөрчөөд байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдлүүдийг арилгуулж, урьд гаргасан хүсэлт, гомдолд дурдагдсан ажиллагааг хийлгүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Нын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нөхөн төлсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч А.Н нь оршуулгын бүх зардлыг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “бид ийм хэмжээний зардал гаргасан” гэх байдлаар шүүхэд баримт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан. Гэтэл хохирогч талаас анхан шатны шүүхийн шийдвэр гарахад хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, урьдчилсан хэлэлцүүлгээр болон анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байхад шүүхэд ямар нэгэн байдлаар баримт ирээгүй. Иймд анхан шатны шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс тодорхой албан тушаалтны буруугаас болж баримт ирээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, баримт байсан бол шүүх хэлэлцэж, дүгнэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Нт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлуудын талаар нэг бүрчлэн тодорхой, ойлгомжтой дурдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг онц ноцтой, харгис хэрцгий аргаар буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэтгэлцдэг. Харин анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэргийг онц ноцтой, харгис хэрцгий аргаар үйлдээгүй буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар тодорхой тайлбарласан. Шүүгдэгчийн ар гэрээс хохирол төлбөрт нийт 9.710.046 төгрөг төлсөн. Уг төлбөрийг оршуулгын зардалд хэрэглэсэн. Энэ талаар баримтыг хохирогч талаас гаргаж хэрэгт хавсаргасан бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь прокурорын хяналтын шатнаас эхэлж оролцсон. Уг хугацаанд хавтаст хэргийн материалтай танилцах, санал хүсэлт гаргах зэрэг эрхийг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа биечлэн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөөгүй. Хэрэг шүүхэд шилжсэний дараа прокурорт нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хавтаст хэргийн материалд хавсаргуулахаар хүсэлт явуулсан боловч өргөдөл гомдол хүлээж авах журам зөрчигдсөн асуудлаас үүдэн хүсэлт буцаагдсан тул шууданд баримтуудаа хийж явуулсан” гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хохиролд зарцуулсан баримтуудаа нотлох баримтаар тооцуулж, хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна” гэж тайлбарладаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан баримтын агуулга нь амь хохирогчийг шүүгдэгчийн ар гэр авч явж оршуулсан. Мөн амь хохирогчийн эхээс сэтгэл санааны зардалтай холбоотой зардлыг нэхэмжилсэн баримтуудыг прокурорт шуудангаар хүргүүлсэн гэдэг. Прокуророос баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... .... тоотод байрлах гэртээ эхнэр болох Д.Рыг “өөдөөс хэрүүл хийлээ” гэж уурлан, түүний цээжний хөндий рүү хутгалж зүүн уушгийг гэмтээсний улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд оруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ын “...Амь хохирогч Д.Р миний төрсөн дүү. А.Н, талийгаач хоёр 2013 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн ба Улаанбаатар хотод А.Нын ээжийн хашаанд амьдардаг байсан, ер нь талийгаач нөхрийнхөө талыг дагаад явсан. Би талийгаачтай хааяа гар утсаар ярихад нөхөр архи уугаад намайг зодсон гэж хэлдэг байсан, тэрнээс бол яг харж байгаагүй, 4-5 жилийн өмнө утсаар ярихад л тэгж хэлж байсан. ...” /1хх 63/,
гэрч Д.М-ын “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн орчим миний бие компани дээрээ ирээд, граш дотроо машин засаж байтал 12 цаг 30 минутын орчимд Нэмэхээ гэх манаач залуугийн 10 гаруй насны эрэгтэй хүүхэд аав таныг дуудаж байна гээд гүйж орж ирсэн. Гэрт нь ороход эхнэр болох Лхамаа газар дээш харсан байдалтай, 2 нүд хоёр тийш гүйж, амьсгал тасалдсан байдалтай хэвтэж байсан. Нэмэхээ нь сандарчихсан цээж хэсэгт 2 гараараа дарчихсан, туслаарай, ухаан орохгүй гэж хэлээд хажууд нь сууж байсан. Би яасан юм бэ гэж асуухад Нэмэхээ энд унаад ухаан алдаад, ухаан орохгүй байна гэж хариулсан. Би өөрийн 99998623 гэсэн дугаараас 103 дугаарт дуудлага өгсөн. ...” /1хх 70-71/,
шүүгдэгч А.Н-ын яллагдагчаар өгсөн “...Би эхнэрийн өглөө дэлгүүрээс авсан 0,5 граммын архинаас нэг татчихаад эмээлт рүү хонь авахаар явсан, ирээд хонь гаргаад гэрийнхээ баруун талд хонио янзлаад сууж байхад эхнэр мөнгөний хэрүүл хийж, танай хамаатан садан баячууд, чам шиг гуйлгачин, лалар байхгүй гээд хараагаад, мөнгө олж ир гэж хэлэхэд нь хонио янзалж дуусаад мөнгө олоод өгье гэж хэлсэн. Манай эхнэр хүүхдийн үсний найранд явах гээд надаас мөнгө нэхээд байсан. Хонь янзлаад сууж байхад дахиад намайг муу үгээр хараагаад, гуйлгачин гээд байхаар нь уур хүрээд галын төмөр аваад эхнэр рүү шидэхэд гараад яваад өгсөн. Тун удалгүй орж ирээд муу лалар минь гээд нөгөө хараалын үгээ хэлээд хойморь өөд явахад нь хүн олоод өгөхийн хооронд гэхэд эхнэр хойморь зогсоод наашаа хараад солиор гээд хэлэхэд хонь янзалж байсан модон хүрэн иштэй хутгыг аваад эхнэрийн зүг рүү шидэхэд эхнэр хойшоо харах шиг болсон ба чи намайг оночихлоо гэхлээр нь харсан чинь зүүн талын далны дор хутга зоогдсон байсан. Тэгээд хутгыг сугалж аваад үүд рүү шидээд хүүхдээ дуудаад Мөнхөө ахыг дуудаад ир гээд явуулсан. ...” /1хх 249-250/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2652 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаачийн цогцост цээжний зүүн талын 9, 10 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгийг хатгаж гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн 1500 мл шингэн цус хуралдалт, баруун хацар, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, зүүн гуя, зүүн тавхайн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж нас баржээ. ...” /1хх 95-99/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1025 дугаар “...А.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай, хэл ярианы хөгжил сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. А.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочролд орсон гэх шинж тэмдэг, баримт мэдээлэл үгүй, хэрэг үйлдэгдэх үед болон үйлдлийн дараа өөрийн үйлдлийн нийгмийн асуудлын шинжийг ухамсарлан ойлгож удирдах, хэрэг хариуцах чадвартай. ...” /1хх 165-166/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-44/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, амь хохирогч Д.Рыг “өөдөөс хэрүүл хийлээ” гэж уурлан түүний цээжний хөндий рүү хутгалж зүүн уушгийг гэмтээсний улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд оруулан алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд түүнийг анхан шатны шүүхээс “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч А.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 13 жилийн хорих ял оногдуулсан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Баясгаланбат нь “...тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн цээжний хөндий хөндий рүү нэвтлэн дүрж алсан гэж дүгнэсэн нь А.Нын “хонь янзалж байсан модон хүрэн иштэй хутгыг аваад эхнэрийн зүг шидэхэд эхнэр хойшоо харах шиг болсон ба зүүн далны дор хутга зоогдсон байсан” гэсэн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс зөрүүтэй. ... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад зөвхөн бие махбодын хүчирхийллийн талаар дурдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангаагүй гэсэн нь үндэслэлгүй. ... Энэ хэргийн улмаас амь хохирогчийн буяны ажилд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц болон Улаанбаатар хотод оршин суудаг түүний нагац эгч Пүрэвийн Түвшинжаргалд шууд бодитоор 10.101.825 төгрөгийн, амь хохирогчийн төрсөн ээж Өлзийбаярын сэтгэл санааны хохирол буюу хор уршгийг арилгахад 30 сая төгрөгийн хохирол учирсан ба тэдгээрийг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж, тогтоолгохоор прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч тэдний хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас шүүх хуралдаанаар хэлэлцэж хохирол, хор уршгийн талаар бодит дүгнэлт гаргах боломжгүй байдалд хүргэсэн. ... Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдлүүдийг арилгуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч А.Н нь яллагдагчаар өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэхдээ хутга шидэхэд зоогдсон гэсэн байх бөгөөд хутга шидэж болон шидэхгүйгээр хүний бие махбодод буюу цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгийг хатгаж гэмтээсэн байдал нь хутгалсан байдалд хамаарах бөгөөд шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж нас барсан болох нь тогтоогджээ.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засгийн хүчирхийлэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг хэлэх бөгөөд хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч нь ямар нэгэн хэлбэрээр амь хохирогч Д.Рыг санхүүгийн хувьд хараат байлгасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Нын ар гэрийн зүйгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 9.710.046 төгрөг зарцуулсан нь нотлогдсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн оршуулгын ажилд зарцуулсан мөнгөн төлбөрийг нэмэмжлэх эрхтэй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хортой холбоотой нотлох баримтыг прокурорт гаргаж өгөх цаг хугацаанд шүүгдэгч А.Нт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байсан тул уг баримтуудыг прокуророос шүүхрүү шилжүүлсэн боловч шүүхэд хэрэг хэлэлцэгдэхээс өмнө ирээгүйгээс гэм хорын хохирлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй байна.
Харин иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.
Түүнчлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын өмгөөлөгч Э.Баясгаланбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын өмгөөлөгч Н.Баясгаланбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР