Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01930

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан 17 080 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ' байгуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур толгойд баригдаж буй Поларис Апартмент-1 орон сууцанд 68,4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 82 080 000 төгрөгөөр худалдан авах болсон. Тухайн үед орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зааснаар “М-” ХХК нь захиалгын орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж захиалагч талд шилжуүлэх ёстой байсан. Гэтэл барилгын ажил удааширч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд орох боломжгүй болсон. Үүний дагуу захиалагч Б.Б- миний зүгээс “М-” ХХК-тай харилцан тохиролцож №П 1-с-1/6-53 тоот Захиалгаар орон худалдах, худалдан авах гэрээ-г цуцлахаар шийдвэрлэж талууд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ цуцалсан протоколыг үйлдэж, “М-” ХХК нь захиалгаар орон сууц худалдах худалдан авах гэрээний нийт төлбөр болох 82 080 000төгрөгийг гэрээ цуцалснаас хойш 60 хоногийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор бүрэн буцаан олгохоор тохиролцсон. Гэвч “М-” ХХК нь дээрх төлбөрийг хугацаандаа буцаан төлөөгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдер 30 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 65 000 000 төгрөг буцаан төлсөн. Иймд хариуцагч “М-” ХХК-аас 17 080 000 төгрөг гаргуулж өгнө үү энэ хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч ирээгүй тул ажиллагаа дуусгавар болсон. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “М-” ХХК-аас 17 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “М-” ХХК-иас 243 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үндэслэх хэсгийн “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн нь хуульд заасан шаардлага хангаагүй /эмэг эх өвчтэй гэх боловч баримтгүй/ тул” гэснийг, тогтоох хэсгийн 1-т “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “М-” ХХК-аас 17 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай” гэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандад би шүүх хуралдааны тов зарлагдсан өдөр хүндэтгэн үзэх /эмэг эх өвчтэй сахиж байсан/ шалтгааны улмаас оролцох боломжгүй болж, өөрийн биеэр оролцох боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Эмэг эхийг өвчтэйг нотлохын тулд ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн талаар ажил олгогчийн тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангуулан хүсэлт гаргахдаа хавсарган өгсөн. Шүүх нотлох баримтын үнэн зөв эсэхийг шинжлэн судалж, шалгалгүйгээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан эрхийн хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №П1-с-1/6-53 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсаны үлдэгдэл төлбөр 17 080 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №П1-с-1/6-53 тоот Захиалгаар орон сууц худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур толгойд баригдаж буй Поларис Апартмент-1 орон сууцанд 68,4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 82 080 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-7 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь байрны төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 41 040 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 41 040 000 төгрөг нийт 82 080 000 төгрөгийг төлж, хариуцагч “М-” ХХК-аас нэхэмжлэгч Б.Б-т 65 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Харин шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэх юм бол нэг тал нь орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боловч талууд дээрх гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цуцалж, хариуцагч “М-” ХХК нь 82 080 000 төгрөгийг 60 хоногийн дотор буцаан олгохоор тохиролцсон протокол үйлдсэн болохыг хариуцагч няцаасан тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Иймд нэхэмжлэгч Б.Б- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-аас орон сууцны үлдэгдэл 17 080 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх гомдол хэргийн баримтаар няцаагдаж байна. Тодруулбал, шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт товлон, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэргийн оролцогчид мэдэгдэх ажиллагааг хийсэн байна. /хэргийн 24, 26 дугаар тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эмэг эхээ эмнэлэгт асарч байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагч байгууллагаас чөлөө авсан баримтын хамт шүүхэд ирүүлжээ. /хэргийн 31-33 дугаар тал/ Уг баримтыг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдлыг нотолсон гэж үзэхгүй. Гэвч түүний эмэг эх нь өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эрх бүхий байгууллагын баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

                   

                                                                                            С.ЭНХТӨР