Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Р.О

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2015/01184/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Р.О нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Х аймгийн Ш сумын Ж нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ээс 1992 оны 06 дугаар сарын 31-ийг дуустал саальчин, төлчнөөр ажиллаж байсан юм. Гэтэл Х аймгийн Ш сумын Ж нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт намайг Р-ийн О гэж бичсэн байна. Иймд Р-ийн О нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Р-ийн О мөн болохыг, мөн өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны бичилтийг хөдөлмөрийн дэвтэртийн дутуу бичсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний ажилласан жил тооцогдохгүй байгаа юм. Иймд 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 06 дугаар сарын 31-ийг дуустал саальчин, төлчнөөр Ж нэгдэлд ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.О нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Р.О нь Х аймгийн Ш сумын Ж нэгдэлд 1981 оны 03 дугаар сарын 26-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан болох нь Х аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Р.Оюуны ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зураг, гэрч Б.Бүрэндэлгэрийн ...Р.О Х аймгийн Ш сумын Ж нэгдлийн Сангийн далай 1 дүгээр бригадад 1980 онд фермэд саальчнаар элсэн орж ажиллаж байгаад 1992 онд хувьчлал явагдаж, нэгдэл тартал ажилласан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. ...Би тус нэгдлийн 1 дүгээр бригадад хонин суурьт төлчин, малчнаар ажилладаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Ё.Далайжаргалын ...Р.О Х аймгийн Ш сумын Ж нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оноос 1992 оныг дуустал үхрийн фермэд саальчнаар, хонин суурьт төлчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1978 онд 16 настайдаа элсэн орж фермийн сүүний тасагт сүү авч байгаад 1982 онд цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдаж ирээд 1992 оныг дуустал үхэрчнээр тасралтгүй ажиллаж байсан. Р.О ийг багад нь нутгийн хүмүүс болон гэрийнхэн нь О гэж дууддаг байсан учраас хөдөлмөрийн дэвтэр дээр нь Р-ийн О гэж бичигдсэн байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Ш сумын Ж нэгдлээс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Р-ийн О нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон Х аймгийн Ш сумын Ж нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Р.О-ийн Х аймгийн Ш сумын Ж нэгдэлд 1981 оны 03 дүгээр сарын 26-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Ш сумын Ж нэгдлээс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Р-ийн О нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн Х аймгийн Ш сумын Ж нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ