| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01218/и |
| Дугаар | 155/ШШ2016/00056 |
| Огноо | 2015-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц.П-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01218/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд 1976 оны 8 сард Х аймгийн Б сумын Д нэгдэлд ачигч буулгагчаар орж ажиллаж байгаад 1978 оноос 1981 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1993 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд Д нэгдэл 1993 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хувьчлагдаж, Д бүрэн бус хариуцлагатай компани болон өөрчлөгдсөн ба 1994 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Иймд намайг Х аймгийн Б сумын Д нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 сарын 01-нийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Д бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Ц.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ...саяхан элэг тайруулах мэс засалд орсон, биеийн байдал муу байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ц.П Х аймгийн Б сумын Д нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Д бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Д нэгдлээс 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц-ийн П-ийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.П-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн Б сумын Д нэгдлийн даргын 1977 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай, 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай Ажилд томилох тухай, 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай 1994 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ц-ийн П-д олгосон Баярын бичиг, Д компаний захиргаанаас 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон Баярын бичиг, Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Г.Ядамгаравын ...Би Ц.П-ийг Х аймгийн Б сумын Д нэгдлийн үйлдвэр бригадад 1983 оноос 1994 оныг дуустал ачигч, буулгагч, грушигээр ажиллаж байсныг мэднэ. Намайг сургуульд байхад Ц.П нэгдэлд ажилладаг байсан. ...Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Угтаал цайдмын техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж ирээд 1983 оны 8 сараас Д нэгдэлд тракторын туслах жолоочоор орж ажиллаж байгаад 1984 оны 6 сард цэрэгт татагдаж ирээд 1987 оны 8 сараас тус нэгдэлдээ комбайны жолоочоор 1992 оныг дуустал ажилласан. Ц.П намайг нэгдлээс гарахад ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Ганширэмийн ...Ц.П Х аймгийн Б сумын Д нэгдэлд 1976 оноос 1992 оныг дуустал Д бүрэн бус хариуцлагатай компанид 1992 оноос 1994 оныг дуустал ачигч буулгагч, грушигээр ажиллаж байсан. 1978 оноос 1981 онд цэргийн алба хааж ирээд тасралтгүй ажилласан. ...би тус нэгдэлд 1977 оноос 1994 оныг дуустал ачигч буулгагчаар ажиллаж байгаад цомхтголоор гарсан. Д нэгдэл 1992 онд хувьчлагдаж, Д бүрэн бус хариуцлагатай компани болж өөрчлөгдөн 1994 оны 12 дугаар сарын 31-нд татан буугдсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Пийн Х аймгийн Б сумын Д нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Д бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.П нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.П-ийн Х аймгийн Б сумын Д нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Д бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ