Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2024/01406

 

2024 11 11 135/ШШ2024/01406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01509/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг,*** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******од холбогдох

"Хүүхдийн сургалтын зардлын 50 хувь болох 4,966,500 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.*******ын ******* нь 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 11 настай. 2024 оны 09 дүгээр сарын 01-нд 6 дугаар ангид элсэн суралцаж байна. Хүүхдийн ирээдүйн сурч боловсрох тал дээр илүү сайн сургуулийг сонгож суралцуулж байгаа. Энэ талаар Х.*******од хэлсэн боловч чаддаг юм бол шүүхэд хандаад ав, өгч чадахгүй өөрөө хариуцаад яв гэж удаа дараа хэлж, эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байна. Д.******* нь өөрөө эрүүл мэндийн асуудалтай, дуу чимээнд байж чадахгүй, тархи толгойны өвчтэй. 2024-2025 хичээлийн төлбөр 8 сая төгрөг байгаа. Үүний 2 сая төгрөгийг ******* төлсөн. Үлдсэн 4 сая төгрөгийг Х.*******оос гаргуулах хүсэлттэй байна. Иймд Хан монгол сургуулийн энэ жилийн сургалтын төлбөр 8,000,000 төгрөг, сургуулийн өдрийн хоол, хувцас, номын төлбөр нийт 9,933,000 төгрөг болж байгаа. Үүний 50 хувь болох 4,966,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд танилцаад үерхэж байгаад 2013 оны 06 дугаар сарын 11-нд хүү Г.******* төрсөн байдаг. Хүү төрсний дараа хамт амьдарч байсан. Тухайн үед Д.******* зах дээр сэлбэг зардаг. Х.*******ыг хүүхэд харах хүнгүй гээд ажлаас нь гаргаад 1 жил гаран хүүхдээ харсан. Д.******* Солонгос улс руу хүүгээ аавтай нь үлдээгээд явсан. 5 жилийн хугацаанд Х.******* хүүтэйгээ байсан. 2023 онд Д.******* Монголд ирэхдээ Х.*******ыг хүүгээ харж хандаж байгаа гээд бэлэглэлийн гэрээгээр байрны урьдчилгаа өгсөн. Д.******* нь Солонгос хүнтэй сууж тэндээ амьдардаг. Энэ хүүхэд аавтайгаа байхдаа сургуульдаа маш сайн сурч байсан. Энэ хүүхэд Сайн дураараа ээжийнхээ асрамжид очоогүй. Өвлийн амралтаар нь түр зуур авч яваад ирье гээд буцаж авчраагүй. Фейсбүүк, утсыг нь блоклоод бага насны хүүхдийг аавтайгаа харьцах боломжгүй болгож, уулзуулахгүй байгаа. Д.******* нь группт байдаг гэж худлаа ярьж байна. Энд улсын сургуульд зүгээр сурч байгаа хүүхдийг Х.*******той зөвшилцөхгүй өөр сургуульд оруулсан байгаа. Хэрэгт сургуулийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн баримт дээр дарсан тамга нь Хан Монгол сургуулийн тамга биш, тамга тэмдэг байхгүй байсан учраас мөнгө төлөгдөөгүй харагдаж байна.Иймд 1-5 дугаар ангид улсын сургуульд сайн суралцаж байсан хүүхдийг зөвшилцөлгүйгээр хувийн сургуульд оруулсан, мөн хэрэгт өгсөн төлбөр төлсөн баримт нь тухайн сургуулийн тамга тэмдэггүй байх тул төлбөр төлсөн гэж үзэхгүй тул татгалзаж байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас 2024 оны 08 сарын 27-ны өдрийн кассын орлогын ордер, Нийслэлийн Ерөнхий боловсролын Хан монгол сургуулийн сургалтын гэрээ, Хан монгол сургууль НҮТББ-ын 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 24/17, 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 24/169 дугаартай нэхэмжлэх, Нийслэлийн ерөнхий боловсролын Хан монгол сургуулийн тодорхойлолт, Г.*******ий төрсний бүртгэлийн гэрчилгээ, Хан монгол сургуулийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 102 дугаартай тодорхойлолт, 2024 оны 09 сарын 28-ны өдрийн кассын орлогын ордер зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Х.*******од холбогдуулан гаргасан хүүхдийн сургалтын нийт зардлын 50 хувь болох 4,966,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөлийг сайжруулж, илүү сайн сургуулийг сонгон суралцаж байгаа бөгөөд эцэг Х.******* үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... өмнө нь эцэг дээрээ байх хугацаандаа буюу 1-5 дугаар ангидаа Дархан-Уул аймагт улсын сургуульд сайн суралцаж байсан. Гэтэл хүүхдийг Улаанбаатар авч яваад харилцан зөвшилцөхгүйгээр хувийн сургуульд сургасан байх тул сургалтын зардлыг хариуцахгүй. Мөн сургалтын төлбөр төлсөн баримт нь тухайн сургуулийн тамга тэмдэггүй байгаа зэрэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарладаг болно.

4. Хэрэгт авагдсан 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 327 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын Хан Монгол сургуулийн сургалтын гурвалсан гэрээгээр Г.*******, түүнийг төлөөлж Д.******* тус сургуультай гэрээ байгуулан 2024-2025 оны хичээлийн төлбөр нийт 8,000,000 төгрөг, 2024 оны 08 сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг төлөхөөр тохирчээ.

Мөн сургуулийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн нийт 4,000,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх, 2024 оны 08 сарын 27, 2024 оны 09 сарын 28-ны өдрийн тус тус 2,000,000 төгрөг 6а Г.*******ээс гэж шилжүүлсэн кассын орлогын ордерууд хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан Хан монгол сургуулийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн гэрчилгээгээр Г.*******ий эцэг нь хариуцагч Х.******* мөн болох, хүү Г.******* нь Хан монгол сургуулийн 6 а ангид суралдаг зэрэг нь тогтоогдож байна.

5. Хүү Г.******* нь 1-5 дугаар ангидаа Дархан-Уул аймагт Төрийн өмчийн сургуульд суралцаж байсан талаар талууд маргаагүй бөгөөд хүү Г.*******ийг 2024 оны хичээлийн жил буюу 6 дугаар ангид нь хувийн өмчийн Хан монгол сургуульд оруулсан, нэхэмжлэгч Д.******* нь хүү Г.*******ийг тус сургуульд суралцуулах талаар хариуцагч Х.*******той харилцан тохиролцоогүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т: Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 сарын 25-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор дээрх хуулийн заалтыг тайлбарласан бөгөөд тус тайлбараар  Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь ... Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэгэн адил хамааруулна гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д: ...Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан.

Дээрх хуульд зааснаас үзэхэд хувийн өмчийн төлбөртэй сургуульд хүүхдээ суралцуулах нь эцэг, эхийн харилцан зөвшилцөл, тэдний сонголт хийх эрхтэй холбоотой бөгөөд тусдаа амьдарч байгаа эцэг эхийн тухайд нэг нь нөгөөдөө мэдэгдэлгүй төлбөртэй сургуульд оруулсныг зайлшгүй шаардлагатай гарсан зардал гэж үзэж нөгөө талд нь хариуцуулах боломжгүй юм.

7. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар гарсан зардлыг хариуцуулах асуудлыг зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Д.******* нь хүү Г.*******ий сургалтын зардалд нийт 9,933,000 төгрөг зарцуулсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн хэрэгт авагдсан нийт 4,000,000 төгрөгийн кассын орлогын ордер дээр Монголын цогц сургалт хөгжлийн академи ТББ-ын санхүүгийн тэмдэг дарагдсан байгаа бөгөөд энэ нь Хан Монгол сургуульд 4,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Х.*******од холбогдуулан гаргасан хүүхдийн сургалтын зардлын тал хувь болох 4,966,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

8. Нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,424 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч Х.*******оос 4,966,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,424 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ