| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2024/0092/З |
| Дугаар | 126/ШШ2024/0106 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 126/ШШ2024/0106
2024 07 16 126/ШШ2024/0106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Г овогт Ц.Б******н /РД**********/-ы нэхэмжлэлтэй, Х******** аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Ц.Б******н, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 4 сар ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах.
2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:
Нэхэмжлэгч Ц.Б******н төрийн албанд 29 жил 4 сар ажилласан. Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хүссэн. Аймгийн Засаг дарга түүнийг Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба уг хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
3.Процессийн түүх:
3.1.Х************ аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/428 тоот албан бичгээр “Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хавсралтын “...1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бус төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө ...” гэж заасан ба иргэн Ц.Б******н нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба уг хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй тул таны гаргасан “...Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ...” хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу өгчээ.
3.2.Нэхэмжлэгч Ц.Б******н урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандсан.
3.3.Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/72 тоот албан бичгээр “Монгол Улсын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул та өргөдөлд дурдсан буцалтгүй тусламжийн талаарх асуудлаа Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх, эсвэл хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгчээ.
3.4.Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/316 тоот албан бичгээр “...Таныг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд энэ нь дээрх хууль, журмын зохицуулалтад хамаарахгүй гэж үзэхээр байна. Иймд таны хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч Ц.Б******н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
4.1.Би 1981.07.29-нээс 1982.06.26-ны хүртэл 18 настайдаа Хатгал хотын Гал командад гал сөнөөгчөөр 10 сар 27 хоног,
1989.09.06-ны өдрөөс 1991.11.09-нийг хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1 жил 3 сар 4 хоног,
1991.11.09-нөөс 1992.05.28-ныг хүртэл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд үйлдвэрлэл үйлчилгээний “Залуус” төвийн захирлаар 8 сар 7 хоног,
1992.10.01-нээс 1993.03.17-нийг хүртэл Мөрөн сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн дундын аж ахуйн брокероор 2 жил 4 сар,
1993.03.17-ноос 1995.12.06-нийг хүртэл аймгийн Хүүхдийн төлөө төвийн “Урандөш” зуслангийн захирлаар 2 жил 9 сар 11 хоног,
2000.09.01-ний өдрөөс 2021.04.29-ний хүртэл Хөвсгөл аймгийн “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн даргаар 20 жил 8 сар тус тус ажиллаж нийтдээ төрийн албанд тасралтгүй 29 жил 4 сар ажилласан болно.
4.2.Миний бие хүүхэд, өндөр настан, өвчтэй зовлонтой харж асрах хүнгүй хүнд нөхцөлд байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг асран хамгаалах үүрэгтэй туйлын хүнд орчин нөхцөлд сүүлийн 20 гаруй жилийн ажил амьдралаа зориулж ажилласан бөгөөд ажлын хүнд орчин эрүүл мэндэд нөлөөлж чихрийн шижин өвчнөөр өвчилсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл ажиллах байсан боловч өвчин хүндэрч 2020 оны 09 сараас хойш Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт гарч улмаар өвчин хүндэрсээр жилийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.
4.3.Би ажлаас чөлөөлөгдөх үед 60 нас хүрээгүй 58 настай байсан бөгөөд 2023.03.23-нд тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд зааснаар хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгосон.
4.4.Миний бие Нийгмийн даатгалын хамгааллын салбарт хүүхэд, залуучууд, нийгмийн халамжийн байгууллагад тасралтгүй 29 жил 4 сар ажилласан бөгөөд эдгээр байгууллагуудад ажилласан нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1, 3.1.2-д зааснаар төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласанд тооцох хугацаанд хамаарч байгаа болно.
4.5.Миний бие төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хүссэн өргөдлөө 2024.01.04-нд Хөвсгөл аймгийн Засаг даргад өгсөн боловч намайг Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба уг хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж 2024.03.11-ний өдрийн 1/248 тоот албан бичгээр хариу өгсөн байна.
4.6.Ц.Б******н би өвчний улмаас аймгийн “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ийн шийдвэрээр өвчтэй байсан тохиолдол нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд Төрийн албан хаагчийн эдлэх нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Энэ нь “Шударга ёсны” зарчимд огт нийцэхгүй гэж үзэж байна.
4.7.Миний бие өвчний улмаас 2021.04.29-нд ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн өдрөөс хойш төрийн албанд ажил, албан тушаал эрхэлж чадаагүй нь төрийн албанд 29 жил 4 сар ажилласан үр дагаврыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4.8.Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2,5 дахь хэсгүүдэд заасан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдолд мөнгөн тусламж авах эрх зэрэг суурь эрхийг зөрчиж байна. Иймд Ц.Б******н би улсад 31 жил 8 сар 29 хоног төрийн албанд ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг Хөвсгөл аймгийн Засаг дарга олгохгүй байгаа нь эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна.
4.9.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг батлах эрх бүхий Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөхдөө Үндсэн хуулийн зарчмыг баримталж тангараг өргөдөг юм билээ. Ийм учраас өмнө нь Засгийн газрын тогтоол бол Төрийн албаны тухай хууль тогтоомжтой зөрчилдөж явсан байсан.
4.10.Ийнхүү зөрчигдөж байсан байдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим олж тогтоон хохирсон иргэдийн эрхийг сэргээж, гомдлыг барагдуулж, Засгийн газрын тогтоолуудад тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаад иргэн би туйлын их баяртай байгаа.
4.11.Хууль тогтоомжийн дагуу миний нэхэмжлэлийн шаардлага хангагдах болов уу гэж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. Би төрд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэх эрхтэй. Урьд нь энэ асуудлаар шүүхэд хандаж байсан Гомбын Жаргалсайхан гэж хүнтэй уулзаж шүүхээс гарсан шийдвэртэй нь танилцаж байлаа.
4.12.Засгийн газар сүүлийн 5 жил ажилласнаас 3 жил завсаргүй ажилласан хүнд олгоно гэсэн зохицуулалтаа хүчингүй болчихоод байхад сүүлийн 2 жил та ажлаагүй байна гээд олгохгүй байгаад би гайхаад байгаа юм.
4.13.Би шүүхийн шийдвэрээр шийтгүүлж ажлаас халагдаж шийтгэлээ хүлээсэн байтал төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж байгаа нь давхар шийтгэж байгаа хэрэг юм. Нэг асуудалд хоёр удаа шийтгэл хүлээх ёсгүй. Иймд шүүх хуулийн хүрээнд хянаж тогтоох байх өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
5.1.Миний үйлчлүүлэгч улсад 31 жил 8 сар 29 хоног ажилласнаас 29 жил 4 сар төрийн албанд ажилласан тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас олгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
5.2.Хөвсгөл аймгийн Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа Монгол Улсын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийг өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг үндэслэж олгохоос татгалзсан. Үүнийг өмгөөлөгчийн хувьд дүгнэж хэлэхэд уг журмын 1.2 дахь заалтыг Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоосон тогтоолын дагуу 2023 оны 243 дугаар тогтоолоор Засгийн газар хүчингүй болгосон байгаа юм.
5.3.Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-оос 4.5-д заасан зарчмууд нь эрх зүйт төрийн харьцангуй байх зарчмын агуулгыг илэрхийлдэг. Уг зарчмын дагуу хүний эрхийг хязгаарласан төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, зайлшгүй, зохистой байх ёстой гэж үзэж байна.
5.4.Тиймээс тэтгэмжийг олгохгүй байгаа үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, зайлшгүй, зохистой байх ёстой гэж үзэж байна. Зорилгодоо нийцсэн гэдэг нь төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тавьсан зорилгодоо хүрхэд тохиромжтой байхыг ойлгодог. Хэрэв хэд хэдэн арга хэмжээ нь зорилгодоо нийцээд байвал тэдгээрээс хамгийн бага миний үйлчлүүлэгчид дарамт учруулахгүй байхыг сонгох нь зайлшгүй, бодит нөхцөл байдалд тохирсон гэж үздэг.
5.5.Хэрэгжүүлж буй арга хэмжээ нь сөрөг үр дагвар үүсгэхгүй байвал зохистой гэж үзээд үр дүнгээсээ хэтрээд жишээлбэл, Ц.Б******н гуайг ажлаас нь халсан мөртлөө улсад олон жил ажилласан иргэнд дарамт үүсгэхгүйгээр шийдвэр нь үндэслэл бүхий зарчимтай нийцэх ёстой.
5.6.Гэтэл татгалзаж буй үйлдэл нь үндэслэлгүй, тайлбар үндэслэлгүй байгаад байна. Төрийн албанд тасралтгүй олон жил ажилласан иргэнд зөвхөн нэг удаа урамшуулах зорилгоор олгодог.
5.7.Хүсэлт хүлээн авахдаа хариу мэдэгдэхдээ зөвхөн өгүүлбэрээр хариу мэдэгдсэн. Хуулийн үндэслэл байхгүй байна. Ер нь төрийн байгууллагын хууль хэрэглэх чадвар сул байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ хүчингүй болсон тогтоолыг баримталсан.
5.8.Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл нь тодорхойгүй, үндэслэл муутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
6.1.Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан.
6.2.Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын “... Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ...” хавсралтад “... 1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улсын төрийн албан хаагчаас төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө ...” гэж заасан ба иргэн Ц.Б******н нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба уг хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй “... Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ...” боломжгүй. Ц.Б******н нь төрийн албанаас чөлөөлөгдөхдөө албан тушаалын хэрэгт холбогдож хуулиараа төрийн албанд ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн ба төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалд энэ талаар тодорхой дурдсан байгаа.
6.3.Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан.
6.4.Иргэн Ц.Б******н нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “...36 сар хүртэлх цалинтай тэнцэх хугацааны хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар ...” хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргаж байсан ба уг хүсэлтийг шийдвэрлэсэн хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий хариу өгсөн.
6.5.Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “... Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно ...” гэж заасныг үндэслэн 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна.
6.6.Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3 заасан үндэслэлээр тэтгэвэрт гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.
Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
7.Нэхэмжлэгч Ц.Б******ны Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 4 сар ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Ц.Б******н нь 1963 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 60 насанд хүрч 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдож байна.
9.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.20.аймаг, ...-ийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ... Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 5.3-т “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан тул Хөвсгөл аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байна гэж дүгнэлээ.
10.Мөн дээрх хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч Ц.Б******н өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад хандахад татгалзсан хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.
11.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/428 тоот албан бичигт “... таны гаргасан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн татгалзал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ..., бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно” гэж заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.
12.Хариуцагч Х********** аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасан захиргааны байгууллагад хамаарч байна.
13.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/428 тоот албан бичгийг хүлээн аваад Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандсаны хариуд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/72 тоот, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/316 тоот албан бичгээр хариу өгсөн.
14.Улмаар Ц.Б******н 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
15.Ц.Б******н нь улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 4 сар ажилласан талаар хэргийн оролцогчид маргаагүй.
16.Нэхэмжлэгчээс “Улсад ажиллахдаа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөний үр шимийг хүртэх эрхтэй. Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш төрийн албанд ажил, албан тушаал эрхэлж чадаагүй нь төрийн албанд 29 жил 4 сар ажилласан үр дагаврыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй. Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор өмнөх 2019 оны 7 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул тэтгэвэрт гарахын өмнө тасралтгүй төрийн албанд ажилласан байх шаардлага байхгүй болсон. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрөөс олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй” гэж,
17.Хариуцагчаас “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог. Ц.Б******н Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас халагдсан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1.1 дэх заалт хүчин төгөлдөр байгаа. Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор өмнөх 2019 оны 7 дугаар тогтоолын 1.2 дахь заалтыг л хүчингүй болгосон. Иймд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй” гэж тус тус маргажээ.
18.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.
19.Хууль тогтоогч төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох эрхийг Засгийн газарт олгожээ.
20.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг /цаашид журам гэх/ баталжээ.
21.Энэхүү журмын Нийтлэг үндэслэлийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан байна.
22.Харин журмын 1.2 дахь заалтад “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэснийг Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
23.Иймд Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол хүчингүй болсон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
24.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 46.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж заасан.
25.Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмаар төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх нөхцлөөр ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулжээ.
26.Захиргааны эрх зүйд эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ эрх зүйн эрэмбэ доогуур хэм хэмжээнээс эхлэн хэрэглэдэг. Хэрэв эрх зүйн эрэмбэ доогуур хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй зөрчилдвөл дээд эрэмбийн хэм хэмжээг хэрэглэдэг.
27.Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам нь дээд эрэмбийн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хууль нь мөн дээд эрэмбийн хэм хэмжээ болох Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна.
28.Журмын 1.1 дэх заалтаас үзэхэд төрийн албанаас халагдсан байх хугацаандаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн үндэслэлгүй байна.
29.Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж заасан.
30.Нэхэмжлэгч Ц.Б******ны тухайд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан, төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
31.Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал дуусгавар болсны дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт хамаарахгүй.
32.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ... төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ...”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан.
33.Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалт нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилготой байна.
34.Харин төрийн албанаас халагдсан буюу төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон этгээдийг урамшуулах, түүнд тусламж үзүүлэх зорилгогүй.
35.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б******ны “би өвчний улмаас аймгийн “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ийн шийдвэрээр өвчтэй байсан тохиолдол нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд Төрийн албан хаагчийн эдлэх нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Энэ нь шударга ёсны зарчимд огт нийцэхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
36.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.2."даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4.1.5."нийгмийн даатгал" гэж даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээг;
4.1.10."нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг” гэж заасан.
37.Өөрөөр хэлбэл даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ бөгөөд төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөхөд нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжтай хамааралгүй.
38.Ц.Б******н нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн даатгуулагчийн хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
39.Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.1-д “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” гэж заасан.
40.Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа буцалтгүй тусламж юм. Иймд нэхэмжлэгч Ц.Б******ны төрд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө үр шимийг хүртэх эрхтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
41.Нэхэмжлэгч Ц.Б******н “би шүүхийн шийдвэрээр шийтгүүлж ажлаас халагдаж шийтгэлээ хүлээсэн байтал төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж байгаа нь давхар шийтгэж байгаа хэрэг юм. Нэг асуудалд хоёр удаа шийтгэл хүлээх ёсгүй” гэсэнд дараах тайлбарыг өгье.
42.Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй” гэж тус тус заасан байна.
43.Энэ нь хууль тогтоогчийн зүгээс нэг гэмт хэрэгт дахин ял оногдуулахгүй байх, нэг сахилгын зөрчилд хуульд заасан сахилгын шийтгэлүүдээс давхардуулан ногдуулахгүй байх, сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй байх шударга ёсны зарчмыг хуульчилсан хэрэг бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчимд гүнээ нийцнэ.
44.Харин Ц.Б******ны тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдон ял шийтгүүлж, үүний улмаас төрийн албанаас халагдаж, төрийн албанаас халагдсаны эрх зүйн үр дагаварт төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах хуулийн үйлчлэлд хамаарах субьект биш болж байна.
45.Үүнийг шударга ёсны зарчмыг зөрчсөн, нэг гэмт хэрэгт хоёр удаа шийтгэл хүлээлгэсэн, нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй. Ц.Б******ны дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.
46.Нэхэмжлэгч Ц.Б******н “Засгийн газрын 2023 оны 243 тогтоолоор өмнөх 2019 оны 7 дугаар тогтоолд байсан төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэснийг хүчингүй болгосон тул би нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй. Улсын Дээд шүүх иргэн Ж-ийн хэргийг шийдвэрлэхдээ энэхүү хууль бус заалтыг хүчингүй болгосон” гэж маргасанд дараах тайлбар өгье.
47.Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тэрээр төрийн албанд сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байх шаардлага үгүй болсноор төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх үүснэ хэмээн маргажээ.
48.Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2023/0035 дугаар тогтоолоос үзэхэд иргэн Ж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ төрийн албан хаагчаар ажиллаж байсан, гагцхүү сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байх шаардлага хангаагүй байсан ба нэхэмжлэгч Ц.Б******наас эрх зүйн байдлын хувьд өөр байна.
49.Иргэн Ж нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ажээ.
50.Улсын Дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж-ээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх хэсэг болох журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилжээ.
51.Төрийн албанд сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байх шаардлага үгүй болсноор нэхэмжлэгч Ц.Б******нд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхгүй.
52.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам" нь гагцхүү төрийн албан хаагчид хамааралтай юм.
53.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх”,
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан.
54.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Ц.Б******нд төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг зөрчөөгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчим болон төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б******ны Х**********8 аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албан 29 жил 4 сар ажилласан тул төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ