Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                2023/ДШМ/07

 

 

 

          Ж.Тд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Тд холбогдох 2212000000356 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Т

 

Шүүгдэгч Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, ... улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ж.Тээс 928.569 /есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай Портер маркийн автомашиныг шүүгдэгч Ж.Тээс хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 928.569 /есөн зуун хорин найман мянга таван зуун жаран ес/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.079.171 /зургаан сая далан есөн мянга нэг зуун далан  нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.82 метр куб, 82 ширхэг мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 138.000 /нэг зуун гучин найм/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Ж.Тийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 300 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн ...гэх газар оршин суух Ж.Т намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ой мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж үзэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие мод хийхдээ машин ашиглаагүй бөгөөд амьдралын эх үүсвэр болсон автомашиныг хурааж улсын орлого болгосон нь буруу гэж үзэж буй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Г.Э-ыг сонгон авч, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралд оролцуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн тухайн үед шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрөө гаргасан. Түүний хүсэлтийг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэр гаргасан. Мөн шүүгдэгчтэй торгуулийн шийтгэл оногдуулах талаар харилцан тохиролцсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ер нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаа үйлдэл болгон гэмт хэрэг байхгүй. Манайхны хувьд зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаа үйлдэл болгоныг гэмт хэргээр оруулаад ирдэг. Гэхдээ энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзаж үзэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс бодож байна. Тиймээс Ж.Тийн гомдлыг үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Өмгөөлөгч миний хувьд Ж.Тийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Ж.Тийн үйлдэл нь гэмт хэрэг биш гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Тийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ж.Тийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Т нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Хөхдаваа гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.5 метрийн урттай, 82 ширхэг, 2.82 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, ... улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 309.523 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч М.О, Ц.Б, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарын мэдүүлэг, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт эдгээр нотлох баримттыг баталсан шүүгдэгч Ж.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж  шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Ж.Т...Миний бие мод хийхдээ машин ашиглаагүй бөгөөд амьдралын эх үүсвэр болсон автомашиныг хурааж улсын орлого болгосон нь буруу гэж үзэж буй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна...гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

             Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь гэрч М.Отгонцэцэгийн мэдүүлэг, эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тайлбарлаж хэрэглэсэн нь тус тус үндэслэлтэй болсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                  ШҮҮГЧИД                                     Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ