Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2024/0111

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

“Г******” ХХК”-ийн нэхэмжлэлтэй, Х******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулах.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

2.1.Нэхэмжлэгч “Г******” ХХК” нь компани нь Хөвсгөл аймгийн “Худалдан авах ажиллагааны газар”-аас 2024 оны 01 сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний -гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерт оролцсон.

2.2.Үнэлгээний хороо Д********ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсний дагуу захиалагч Х******* аймгийн Засаг даргын Тамгын газар Д********ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, “Г******” ХХК-д тендерт шалгараагүй, 2 дугаарт эрэмбэлэгдсэн тухай мэдэгдсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар

3.1.Захиалагч Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Д********ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  шийдвэрийг хянуулахаар Г****** ХХК 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 77/24 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд хандсан.

3.2.Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2155 тоот албан бичгээр захиалагчийн Дэвших стандарт” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, “Г******” ХХК-д тендерт шалгараагүй, 2 дугаарт эрэмбэлэгдсэн тухай мэдэгдсэн 01/61, 01/62 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

4.Нэхэмжлэгч “Г******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ

4.2.Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ тендерт тэнцсэн тендер шалгаруулалтыг болон захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, Г****** ХХК-ийг уг тендерт ялсанд тооцож захиалагчтай гэрээ байгуулахыг даалгах шаардлага анх гаргасан.

4.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулахыг хүссэн.

4.4.Нэхэмжлэлийн үндэслэлдээ манай компани Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерт оролцсон бөгөөд тендерийг 2024 оны 2 сарын 22-ны өдөр нээсэн юм.

4.5.Үнэлгээний хороо 2024 оны 3 сарын 13-ны өдрөөр шийдвэр гаргаж манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдэж Д********ХХК шалгарсан юм.

4.6.Манай компанийн зүгээс тендерт шалгарсан Д********ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигтэй танилцахад Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг Өгөгдлийн хүснэгт ТШЗ 19.2.1-д заасан ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг хангаагүй, Д********ХХК-ийн ХАБЭА-аар Д.Амарсайханыг санал болгосон бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ гэсэн шаардлыг хянаагүй,

4.7.ТШЗ 19.1 ажил гүйцэтгэх хүний нөөц  шаардана. Маягт 2, Сангийн сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/259 тоот тушаалаар баталсан Маягт 2-ыг дур мэдэн өөрчилж, хүний нөөцийн мэдээллийг өөрөөр ирүүлсэн, ИТА нарын хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлээгүй.

4.8.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 3-т “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: шаардана. Маягт 5. а) Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж  байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана”, ТШЗ 19.2-ын 4-т “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд а) Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ” гэж заасан шаардлагад нийцэх эсэхийг захиалагч хянаж үзээгүй.

4.9.Д********ХХК тендер хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдэгдэлд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Гудамж гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах, цахилгааны хүчдэл сайжруулах” гэрээний мэдээллийг ирүүлсэн байх боловч тус ажлын гүйцэтгэлийн явц болон санал болгож буй инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь уг ажилд давхцаж байгаа эсэх талаар мэдээллийг ирүүлээгүй байхад тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байхад тендерт шалгаруулсан.

4.10.Тендерт санал болгож байгаа үндсэн тоног төхөөрөмжүүдийн талаарх зураг, техникийн тодорхойлолт, чанарын сертификат зэргийг ирүүлээгүй байсан юм.

4.11.Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “... Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ ...”, 26.9 дэх хэсэгт заасан “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ ...”, 26.10 дахь хэсэгт заасан “... Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана ...” гэсэн заалтыг Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар зөрчиж Д********ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль бус юм.

4.12.Манай компанийн тендер шалгаруулалтын баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүхий л шаардлагыг бүрэн дүүрэн хангасан бөгөөд тендерийн үнийн хувьд хуулийн 26 дугаар зүйлийн 26.10.1-д заасан тендерийн үнэ төсөвт өртгөөс, эсхүл хуулийн 10.11-д заасан ерөнхий болон нэгжийн дээд үнээс хэтрэхгүй гэсэн заалтыг зөрчөөгүй ба мөн хуулийн 28.1.1-д заасан хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэсэнтэй яв цав нийцнэ.

4.13.Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар: Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 1 сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерт шалгарсан Д********ХХК-ийн хууль бус шалгаруулалтын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах үндэслэл бүхий байна, мөн хуулийн 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэсний дагуу гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 03/2155 тоот албан баримтаар гомдлыг үндэслэлтэй гэж үзэж “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерт Д********ХХК-ийн шалгарсан захиалагчийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 01/61 тоот шийдвэрийг хүчингүй болгож, мөн манай компанийг хассан мөн өдрийн 01/62 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн болно.

4.14.Монгол Улсын Сангийн яамны энэхүү шийдвэрээр 2 дугаарт эрэмбэлэгдсэн манай компани буюу “Г******” ХХК уг тендерт шалгарах ёстой байтал Сангийн яамны шийдвэрийг үл хүндэтгэж, Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 3/397 тоот шийдвэрээр манай компанийг дахин хасч, Д********ХХК-д дахин шалгаруулсан байна.

4.15.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасан тул шүүхэд хандаж байна.

4.16.Иймд Хөвсгөл аймгийн “Худалдан авах ажиллагааны газар”-аас 2024 оны 1 сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 3/397 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерт оролцсон бөгөөд тендерийг 2024 оны 02 сарын 22-ны өдөр нээсэн.

5.2.Манай Үнэлгээний хороо 2024 оны 03 сарын 13-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр Д********ХХК шалгарсан. Тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан.

5.3.Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/1778 дугаартай албан бичиг ирсэн.

5.4.Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтэн [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 11-нд [email protected] хаягнаас Гомдол хянасан тухай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2155 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

5.5.Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд Д********ХХК дахин шалгарсан.

5.6.Захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/696 дугаартай албан бичгээр оролцогч Д********ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн.

5.7.“Г******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн II дугаарт эрэмбэлэгдсэн байна. Иймд шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

5.8.Манай байгууллага нь холбогдох хууль хүрээнд тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Х******* аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1.2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр Д********ХХК шалгарсан. Тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан.

6.2.2024 оны 03 дугаар сарын 22-нд Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/1778 дугаартай албан бичиг ирсэн.

6.3.Албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтэн [email protected] хаягаар явуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 11-нд [email protected] хаягнаас “Гомдол хянасан тухай” 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2155 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

6.4.Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд Д********ХХК дахин шалгарсан.

6.5.Захиалагч нь Аймгийн Засагдаргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/696 дугаартай албан бичгээр оролцогч Д********ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн.

6.6.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д********ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

7.1.Д********ХХК нь Х******* аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах” /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган хүний гарц/ ажлын тендер сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Х******* аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 3/696 тоот гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн дагуу хуулийн хугацаанд ажил гүйцэтгэх ХӨАОНӨГ/20240101065-11 тоот гэрээг байгуулсан.

7.2.Манай компани тендер сонгон шалгаруулалтын өгөгдсөн хүснэгтийн дагуу материалаа бүрдүүлэн өгсөн бөгөөд “Г******” ХХК-иас Сангийн яаманд гаргасан гомдол, холбогдох шийдвэрийг хуулийн хугацаанд хүлээж, Х******* аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн гэрээ байгуулах эрхийн дагуу гэрээг байгуулсан болно.

7.3.“Г******” ХХК-ийн 2024 оны 07 сарын 08-ны өдөр ирүүлсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаанд манай компани Х******* аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээний хугацаанд 2024 оны 07 сарын 03 өдөр ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч, зураг, төсвийн дагуу ажлын гүйцэтгэл дууссан байна гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г****** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

  8.1.Манай талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байгаа. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгалт хөтлүүлэх тухай 031778 дугаартай албан бичиг манай дээр ирсэн. Уг албан бичиг дээр нь “Г******” ХХК шалгарсан, Д********ХХК шалгараагүй гэсэн чиг баримжаатай бичиг ирээгүй.

  8.2.Уг албан бичигт дахин тендерийг шалгаруулалтыг явуулж өгөөрэй гэсэн албан бичиг ирсэн байгаа. Энэ албан бичигтэй холбоотойгоор гомдлыг хянан шийдвэрлэх шаардлагатай баримт бичгийг Сангийн яамны мэргэжилтэн Зоригтбаатар гэсэн хүний мэйл хаягаар бүх баримт бичгийг явуулсан.

  8.3.2024 оны 4 дүгээр сарын 11-нд гомдол хэлэлцсэн тухай 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож, үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.

  8.4.Үүний хүрээнд манай Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар тендерийг дахин үнэлэхэд Д********ХХК дахин шалгарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

  8.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана гэсэн заалтыг үндэслэн манайх Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг Засаг даргын Тамгын газраас Д********ХХК-ийн ажил үйлчилгээ болон урьдчилсан ажил мэргэжлийн мэдээллийг авсан боловч энэ дээр ямар нэгэн давхацсан зүйл байгаагүй.

  8.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Даанжавын Амарсайханы сертификатын хүчинтэй хугацааг шалгаж үзэхэд 2025 онд дуусахаар байсан Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

9.Нэхэмжлэгч “Г******” ХХК аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан Д********ХХК-ийн “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ тендерт тэнцсэн тендер шалгаруулалтыг болон захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, Г****** ХХК-ийг уг тендерт ялсанд тооцож захиалагчтай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулах” болгон өөрчилсөн.

11.Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ХӨАОНӨГ/20240101065 дугаартай Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ тендерийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зарлажээ. /Тендерийн баримт бичгийн 1 дүгээр ботийн 37 дугаар хуудас/

12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:

28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;

28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” гэж заасны дагуу тендер тус бүрд дараах шийдвэрийг гаргаж хариу өгчээ.

13. Үүнд: Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр Д********ХХК-д “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХААГ/20240101065” тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон. /Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 80 дугаар хуудас/

14.Харин Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/62 тоот албан бичгээр “Г******” ХХК-д “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /ХӨАХААГ/20240101065” тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн II дугаарт эрэмбэлэгдсэн гэсэн хариу өгчээ. /Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 81 дүгээр хуудас/

15.Нэхэмжлэгч “Г******” ХХК дээрх хариуг хүлээн аваад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна” гэж заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан.

16.Гомдлыг Монгол Улсын Сангийн яам хүлээн аваад 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2155 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д зааснаар захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/61, 01/62 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ. /Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 84-85 дугаар хуудас/

17.Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тендерт Д********ХХК-ийн ирүүлсэн тендерийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээллийн маягтын дагуу ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах, цахилгааны хүчдэл сайжруулах төсөл арга хэмжээнд санал болгож буй инженер, техникийн ажилтнуудын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газраас тодруулга авахаар шийдвэрлэжээ. /Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 86-88 дугаар хуудас/

18.Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/131 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газарт хандан Д********ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газартай “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах, цахилгааны хүчдэл сайжруулах” ажил тендер шалгаруулалтад оролцохдоо санал болгосон инженер техникийн ажилчдын мэдээллийг ирүүлэхийг хүссэн байна. /Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 89 дүгээр хуудас/

19.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/45 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хандан Д********ХХК нь тус сумын “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах, цахилгааны хүчдэл сайжруулах” ажлын тендер шалгаруулалтад оролцохдоо цахилгааны инженер Цэдэндоржийн Долгорсүрэн, ХАБЭА хариуцсан ажилтан Хадбаатарын Болдсайхан, цахилгаанчин монтёр Баваасангийн Мөнхбаатар, Бат-Эрдэнийн Пүрэвжав нарыг санал болгосон гэжээ. / Тендерийн баримт бичиг 1 дүгээр боть 90 дүгээр хуудас/

20.Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин хуралдаж “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ ХӨАХААГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн Д********ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох, “Г******” ХХК-ийн ирүүлсэн тендер эрэмбийн II дугаарт эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлэхийг захиалагчид зөвлөмж болгож шийдвэрлэжээ.

21.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасан тул Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газраас тодруулга авсан захиалагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

22.Д********ХХК нь “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ тендерт оролцохдоо ерөнхий инженер Гайтавын Энхбаяр, ХАБЭА хариуцсан ажилтан Даанжавын Амарсайхан, цахилгаанчин, монтёр Хадбаатарын Болдсайхан, Бат-Эрдэнийн Пүрэвжав нарыг санал болгосон. /Тендерийн баримт бичиг 2 дугаар боть 99 дүгээр хуудас/

23.Энэ нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах цахилгааны хүчдэл сайжруулах” ажлыг гүйцэтгэх Сэ-Хүдэр-2023/14 тоот гэрээ бүхий хэрэгжүүлж дуусаагүй ажилд санал болгосон инженер, техникийн ажилтнуудаас хоёр нь буюу Хадбаатарын Болдсайхан, Бат-Эрдэнийн Пүрэвжав нар давхцаж байгааг харуулж байна.

24.Өөрөөр хэлбэл тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын хоёр нь буюу тавин хувь давхцалтай байхад зөвхөн цахилгаанчин, монтёр Бат-Эрдэнийн Пүрэвжав давхацсан гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр буруу, нэхэмжлэгчийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ 19.1-ийн 3-т “...Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: Шаардана. Маягт 5. а) Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана гэж заасныг хянаж үзээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

25.Гэсэн хэдий ч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах цахилгааны хүчдэл сайжруулах” ажлыг гүйцэтгэх Сэ-Хүдэр-2023/14 тоот гэрээний дуусах хугацаа 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр /Тендерийн баримт бичиг боть-2, 18 дугаар хуудас/ бөгөөд,

Тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 32.2-т “Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2024-07-01” гэж заасан /Тендерийн баримт бичиг боть-1 22 дугаар хуудас/,

Д********ХХК тендерт хавсарган ирүүлсэн “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ төсөл арга хэмжээний ажлын графикт хугацааг 2024.06.02-ны өдрөөс 2024.07.01-ний өдөр байхаар /Тендерийн баримт бичиг боть-2, 34-35 дугаар хуудас/ төлөвлөж ирүүлсэн  тул хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

26.“Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан Маягт 2-ыг дур мэдэн өөрчилж, хүний нөөцийн мэдээллийг өөрөөр ирүүлсэн, ИТА нарын туршлагын талаарх мэдээллийг ирүүлээгүй” гэх нэхэмжлэгчийн үндэслэлд дараах тайлбарыг өгье.

27.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалаар Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн баталжээ.

28.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.14-т “Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 55.1.13.хуульд заасан бусад” гэж заасныг сайдын тушаалд үндэслэл болгожээ.

29.Хуулийн дээрх заалтын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгах гэрээний жишиг нөхцөл”-ийг батлах эрх хэмжээтэй байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалын хавсралтын IV-т гэрээний нөхцлийг заасан нь хуульд нийцэж байна.

30.Харин Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалын хавсралтаар “Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл” гэж баталсан нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах ажиллагааны талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 55.1.13.хуульд заасан бусад” гэж заасанд хамаарахгүй. Хуульд хүний нөөцийн мэдээлэл гаргах маягтыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заагаагүй.

31.Иймд Д********ХХК хүний нөөцийн мэдээлэл ирүүлэхдээ Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалаар баталсан “Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан Маягт 2-т зааснаас өөрөөр ирүүлснийг Үнэлгээний хороо болон хариуцагч Худалдан авах ажиллагааны газар хүлээн зөвшөөрснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамаарч байна.

32.Түүнчлэн Д********ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн боловсон хүчний мэдээлэлд Гайтавын Энхбаяр, Даанжавын Амарсайхан, Бат-Эрдэнийн Пүрэвжав, Хадбаатарын Болдсайхан нарын мэргэжлийн үнэмлэх, сертификат, ажилласан хугацаа, туршлагын талаарх мэдээллийг хүн нэг бүрээр гарган ирүүлсэн нь Тендерийн баримт бичиг боть-2, 98-113 дугаар хуудаст авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

33.Түүнчлэн Олон улсын стандартын академийн 2024  оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24/17 тоот “Г******” ХХК-д өгсөн албан бичигт “Даанжавын Амарсайхан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллах боломжгүй” гэж дурдаагүй.

34.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасан тул “ХАБЭА хариуцсан ажилтан Даанжавын Амарсайханы сертификатын хүчинтэй хугацааг цахим системээс шалгаж үзэхэд 2025 онд дуусахаар байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******гийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

35.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасан.

 36.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар санал болгосон Даанжавын Амарсайханы “ISO 45001:2018-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн систем-дотоод аудитор”-ын сертификатын хүчинтэй хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусахаар байгаа нь хэрэгт авагдсан Д********ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдож байна. /Тендерийн баримт бичиг боть-2 106 дугаар хуудас/

37.Нэхэмжлэгчийн “... ТШЗ 19.2-ын 4-т “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ” гэж заасан шаардлагад нийцэх эсэхийг захиалагч хянаж үзээгүй” гэсэнд дараах тайлбарыг өгье.

38.Д********ХХК нь Маягт 5-ын дагуу хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэлд “Гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, цамхагт гэрэл тавих, шинэ суурьшлын бүсэд тог татах, цахилгааны хүчдэл сайжруулах ажлыг гүйцэтгэх гэрээ Сэ-Хүдэр-2023/14 тоот гэрээг дурдаж, ажлын гүйцэтгэлийн хүлээгдэж буй хувь, мөнгөн дүнгээр: 148.700.000, 100 хувь гэсэн байна.

39.Энэ нь тус хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний ажлын гүйцэтгэлийн явц тендер ирүүлж буй тухайн цаг хугацаанд 100 хувь хүлээгдэж байгааг илтгэх ба 100 хувь хүлээгдэж байгаа ажлын явцын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг бүрэн ирүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ямар ч ажил хийгдэж эхлээгүй байхад гэрээний гүйцэтгэлийн хувь, түүнд холбогдох баримтын талаар яригдахгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

40.Д********ХХК тендерт санал болгож байгаа үндсэн тоног төхөөрөмжүүдийн талаарх зураг, техникийн тодорхойлолт, чанарын сертификат зэргийг ирүүлсэн болох нь Тендерийн баримт бичиг боть-2, 77-97 дугаар хуудаст авагдсан автомашин, автокран, автовышек, бусад машин механизмын баримт бичгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “тендерт санал болгож байгаа үндсэн тоног төхөөрөмжүүдийн талаарх зураг, техникийн тодорхойлолт, чанарын сертификат зэргийг ирүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

41.“Г******” ХХК нь “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/ тендерт 215.307.955 /хоёр зуун арван таван сая гурван зуун долоон мянга есэн зуун тавин тав/ төгрөг, Д********ХХК нь 191.740.000 /нэг зуун ерэн нэгэн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн, тендерийн харьцуулах үнэ 216.367.600 /хоёр зуун арван зургаан сая гурван зуун жаран долоон мянга зургаан зуун/ төгрөг байсан болох хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

42.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан тул Д********ХХК-ийн ирүүлсэн тендерийн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцэж байна.

43.Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн захиалагч Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/696 тоот албан бичгээр Д********ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, 3/697 тоот албан бичгээр “Г******” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлсэн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2-т заасанд нийцэж байна.

44.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г******” ХХК-ийн Х******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г******” ХХК-ийн Х******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан гаргасан “Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарласан “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, захиалагч байгууллага болох Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/697 тоот мэдэгдлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох, “Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/” ХӨАХХГ/20240101065 дугаартай тендерийг дахин зарлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Г******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ГАНЧИМЭГ