Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0508

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0508

Улаанбаатар хот

 

В.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч В.Г-ийн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, В.Г-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, В.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, В.Г-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эмчийн магадалгаатай өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байдлаас болж ажлаа хийж чадахгүй байсан үеийг далимдуулан ажлаас халах тушаал гаргасан. Энэ нь эмнэлгийн магадалгаагаар 2016 оны 12 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд эмнэлэгт  үзүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дахин үзүүлж толгойны зураг авахуулсан эмчийн магадалгаа авсан гэх баримт байсаар байтал шүүх 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр амралтын өдрүүдэд үзүүлээд бусад өдрүүдэд үзүүлээгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр акт хууль бусаар бичүүлж авсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Мөн зөрчил гаргасан өдөр нь 12 дугаар сарын 22-ны өдөр байсан хэдий ч намайг ажлаас халах өдөр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надад олгосон эмчийн актыг хууль бус гэж үзэх байсан юм бол тухайн эмнэлгийн өвчтөн бүртгэхдээ хөтөлдөг дэвтрийг үзэх ёстой байсан. Энэ ажиллагааг миний гаргаж өгсөн нотлох баримтад эргэлзсэн юм бол шүүх хийх ёстой шалгах ажиллагаа байсан гэж үзэж байна. Үүнийгээ шүүх дутуу шалгаснаас болж миний эсрэг шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн надад ажлаас халах тушаал гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй бөгөөд өргөдөл өгсөн байхад намайг оролцуулаагүй, эзгүйд хуралдаж шийдвэрлэсэн байсан. Намайг сонсоогүй. Энэ мэт байдлуудаас болоод эрхээ сэргээлгүүлэхээр шүүхэд хандсан. Гэтэл шүүх нотлох баримтаа буруу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тул 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч В.Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ ажлын байран дээрээ зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн энэ нь гэрчийн мэдүүлгүүд, Архангай аймгийн Цагдаагийн газрын 35/1019 дүгээр албан бичиг зэргээр тогтоогдсон байгаа тул Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дотоод журамд заасны дагуу түүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо тайлбарлаж байгаа “ажлаас халах тушаал гарсан өдөр өвчтэй байсан” гэх гомдлын тухайд: Тушаал гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч өвчтэй байсан нь тушаал гарах үндэслэл болсон зөрчлийг үгүйсгэх, зөрчилд хариуцлага ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч В.Г-ийн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, мөн байгууллагын дотоод журмын 5.2.14 дүгээр зүйлийн а, 9 дүгээр зүйлийн 9.3-е заалтуудад заасан зөрчил гаргасан нь нотлогдсон тул тушаал гарах өдөр нэхэмжлэгч өвчтэй байхаас үл хамааран тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тушаал гарах үед нэхэмжлэгч өвчтэй, чөлөөтэй байсан нь зөрчил гарсныг үгүйсгэж тушаал гаргахгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “хариуцагч ажлаас халах шийдвэрээ урьдчилан мэдэгдээгүй” гэх гомдлын хувьд:

Захиргаанаас шийдвэр гаргах талаар урьдчилан мэдэгдэх хууль зүйн зохицуулалтын зорилго нь, энэ хэрэгт захиргааны байгууллагын зүгээс В.Г-ийн гаргасан гэх зөрчлийн шинж байдлыг тогтоох, холбогдсон этгээд уг зөрчлийг няцаах баримт, үндэслэлээ гаргах боломж олгоход орших юм. Гэтэл нэхэмжлэгч В.Г-ийн гаргасан зөрчил нь ажлын байран дээр үйлдэгдсэн, гаргасан зөрчил тодорхой, зөрчил гаргасанаа тухайн үед ч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед ч үгүйсгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ