Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 563

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******ыг оролцуулан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар тогтоосон 6744.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 7.6 мянган төгрөгийн хүү, 1768.7 мянган төгрөгийн торгууль, 631.3 мянган төгрөгийн алданги, нийт 9152.2 мянган төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлүүлэх.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******, А.Б******* нар “Э*******” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн 67446.5 мянган төгрөгийн зөрчилд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар 6744.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 7.6 мянган төгрөгийн хүү, 1768.7 мянган төгрөгийн торгууль, 631.3 мянган төгрөгийн алданги, нийт 9152.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж тус тус заасны дагуу манай компанийн татварын тайлангаа ил тодоор тайлагнасан эсэхээс үл шалтгаалан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулан нөхөн татвар 6744.6 мянган төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар татвар төлөгчдийг хариуцлагаас чөлөөлж, тэдэнд таатай нөхцөл олгосноор тэдгээр компаниуд өөрсдийн нуун дарагдуулсан, тайлагнаагүй орлогоо тайлагнасан бөгөөд манай компанийн хувьд ч мөн тийнхүү тайлагнах байсан. 

Мөн дээрх актаар тогтоосон 7.6 мянган төгрөгийн хүү, 1768.7 мянган төгрөгийн торгууль, 631.3 мянган төгрөгийн алданги нийт 2407.6 төгрөгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн үйлчлэлд хамруулан өршөөж өгнө үү. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заажээ. Манай компанийн зүгээс татварын актаар тогтоосон хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэлийн шинжтэй, захиргааны хариуцлага тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлтэй юм. 

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар тогтоосон 6744.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 7.6 мянган төгрөгийн хүү, 1768.7 мянган төгрөгийн торгууль, 631.3 мянган төгрөгийн алданги, нийт 9152.2 мянган төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлж өгөхийг хүсье.

Дээрх асуудлаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандсан бөгөөд хуулийн хугацаанд хариугаа өгөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, М.Д******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар тогтоосон 6,744,600 төгрөгийн нөхөн татвар, 7,600 төгрөгийн хүү 1,768,700 төгрөгийн торгууль, 631,300 төгрөгийн алданги, нийт 9,152,200 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлүүлэх” гэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “...хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх боловч тус хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх тул энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги буюу захиргааны хариуцлага нь өршөөлийн тухай хуульд хамрагдахгүй гэж заасан, Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25 өдрийн 03/807 тоот хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэлийн 4-д “татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварыг бүрэн барагдуулсан тохиолдолд өршөөлийн хуульд хамруулна” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “Э*******” ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татвараа бүрэн барагдуулсан тохиолдолд захиргааны зөрчил буюу хүү, торгууль, алданги нь хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоол “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2 дугаар зүйл 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогүй байхыг” гэжээ.

Мөн журмын 2.1.2-т “хууль хэрэгжих хугацаа” гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00:00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацааг” гэж тус тус заасан байсан. Иймд “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар тогтоосон 6.744.600 төгрөгийн нөхөн татвар, 7.600 төгрөгийн хүү, 1.768.700 төгрөгийн торгууль, 631.300 төгрөгийн алданги, нийт 9.152.200 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай /цаашид “Өршөөл үзүүлэх тухай” гэх/ хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ингэхдээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд нөхөн татвар 6.744.600 төгрөгийн төлбөрийг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд 7.600 төгрөгийн хүү, 1.768.700  төгрөгийн торгууль, 631.300 төгрөгийн алданги нийт 2.407.600 төгрөгийн төлбөрийг хамруулах талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ. 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э*******, А.Б******* нар “Э*******” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар илэрсэн 67.446.500 төгрөгийн зөрчилд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар татварын актаар 6.744.600 төгрөгийн нөхөн татвар, 7.600 төгрөгийн хүү, 1.768.700 төгрөгийн торгууль, 631.300  төгрөгийн алданги, нийт 9.152.200 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд нөхөн татвар 6.744.600 төгрөгийн төлбөрийг хамруулах тухайд, 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заажээ.

“Э*******” ХХК-ийн зөрчил нь хяналт шалгалтаар тогтоогдож, зөрчилд Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* тоот актаар төлбөр ногдуулсан тул 6.744.600 төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж, чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Маргаан бүхий актаар тогтоосон 7.600 төгрөгийн хүү, 1.768.700 төгрөгийн торгууль, 631.300 төгрөгийн алданги нийт 2.407.600 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах тухайд,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” хэмээн тус тус заажээ. 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь татварын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны зөрчил гаргасан бөгөөд энэхүү зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагчийн актын холбогдох хэсэг буюу хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн тул актын холбогдох хэсгийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах нь зүйтэй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар “Э*******” ХХК нь маргаан бүхий татварын актаар тогтоосон төлбөрөөс 7.600 төгрөгийн хүүг бүрэн, 1.768.700 төгрөгийн торгуулиас 1.492.400 төгрөгийг тус тус барагдуулсан бөгөөд одоогоор актаар тогтоосон төлбөрөөс 6.744.600 төгрөгийн нөхөн татвар, 631.300 төгрөгийн алданги, 276.300 төгрөгийн торгууль үлджээ. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар актаар “Э*******” ХХК-д ногдуулсан торгууль, алдангийн үлдэх хэсэг буюу 276.300 төгрөгийн торгууль, 631.300 төгрөгийн алданги нийт 907.600 төгрөгийн төлбөрийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24/******* дугаар актаар “Э*******” ХХК-д ногдуулсан 276.300 төгрөгийн торгууль, 631.300 төгрөгийн алданги нийт 907.600 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН