Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01075

 

С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 101/ШШ2016/01862 дугаар шийдвэр,      

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1205 дугаар магадлалтай,

С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрүүл мэнд, спортын яам,

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2.480.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Мөнхбаясгалангийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Мөнхбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010 оны 8 дугаар сарын 30-нд ЭНЭШТөвд кесар хагалгаанд орж амаржих явцдаа давсгаа гэмтээлгэж оёулсан. Энэ үеэс эхлэн давсагны үйл ажиллагаа алдагдаж эмчилгээ хийлгэж, хяналтанд орсон. Одоо ч давсаг хэвийн ажиллагаагүй зовиуртай хэвээр байна. Надад учирсан гэмтэл миний давсагны үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэдгийг би мэдсэн. Шээс агуулах хэмжээ 100 грамм болоход би өмдөндөө шээдэг. Би одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өндөр оношлуур хүчин чадалтай аппаратаар оношлуулж хиймэл давсаг тавиулах талаар судалж байгаа. Энэ нь намайг ядаж 1-2 литр шээс хуримтлуулах боломж өгөх байх гэж найдаж байна. 2010 оны 10 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын 50-60 хувийн зэрэг тогтоосон. Хөдөлмөрийн чадвар алдалтыг жил жилээр сунгаж байгаа. Би 2010 онд 199.800 төгрөг, 2011 онд 321.600 төгрөг, 2012 онд 441.600 төгрөг, 2013 онд 441.600 төгрөг, 2015 оны 1-5 саруудад тус тус 192.000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1.076.000 төгрөг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн дундаас үүсэх зөрүү нийт 2.480.600 төгрөг байна. Иймд энэ зөрүү мөнгийг ЭНЭШТ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: С.Мөнхбаясгалан 2010 оны 8 дугаар сарын 19-ний 17 цаг 40 минутанд яаралтай тусламжийн тасгаар ирж хэвтсэн. Хэвтэх үеийн онош нь жирэмсний 35 долоо хоногтой, эхэс бүрэн түрүүлэлт, жирэмсний хожуу хордлого хөнгөн хэлбэр, 2 удаагийн кесар хагалгааны дараах умайн бүрэн бус сорвижилттой, 1999, 2003 онуудад кесар мэс заслаар төрсөн. 2001, 2004 онуудад аборт хийгдсэн. Төрөлтийн төлөвлөгөө 2010 оны 8 дугаар сарын 30-нд кесар мэс заслаар төрүүлнэ, төрөлтийн явцад цус ихээр гарвал умайг авах эсвэл умайг тайрах мэс засал хийнэ, ургийн бүтэлт, умайн цус алдалтаас сэргийлнэ, мэс заслын бэлтгэл хангасан. Мэс заслын зөвшөөрөл авах, гарах эрсдэл, хүндрэлийг тайлбарлах, мэс заслын зөвшөөрлийг 2010 оны 8 дугаар сарын 27-нд үйлчлүүлэгч С.Мөнхбаясгалангаас авсан. Хагалгааны явцад ба дараа үед цус алдах, хэрэв цус алдалт 1 500 мл-ээс их бол умайг авах, хагалгааны явцад наалдац салгах үед давсаг, гэдэс, сэмж гэмтэх эрсдэлтэй, мэс заслын шарх болон умай үрэвсэх эрсдэлүүдийг тайлбарлан бичиж, гарын үсгээр нь баталгаажуулсан. Жирэмсний эмгэгийн тасагт 11 хоног хэвтүүлж, хагалгааны бэлтгэлийг хангаж, 2010 оны 8 дугаар сарын 30-нд жирэмсний 37-38 долоо хоногтой төлөвлөгөөт журмаар кесар мэс засалд орсон. Мэс заслын явцад нугасны мэдээ алдуулалтын дор хэвлийн урд хананд хуучин сорвиор хэвлийг үечлэн нээсэн. Хэвлийг нээхэд сэмж 3 хэсэг газар наалдсанг салгаж, оёж боосон. Давсаг дээш татагдаж, умайн сорвин дээр наалдсан байсан. Наалдацыг салгах явцад давсагны орой хэсэгт 1 см гэмтсэнд 3 викрил утсаар хөвөрдөг оёдол тавьж битүүлээд урогинеколог эмч дуудаж, мэс заслыг хамт үргэлжлүүлсэн. Сорви маш нимгэн, эхэсийг салгаж авсны дараа умайн хүзүүний суваг орчмоос цус урсан их гарч байсан тул умайг бүхэлд нь авахаар шийдсэн. Умайг авах явцад давсаг нь умайн ар ханатай наалдсан байсан тул наалдацыг салгасан. Давсагны булчинд З оёдол тавьсан. Мөн зүүн өндгөвч үрэвсэж, үрийн хоолой умайн ар ханатай наалдсан байсан. Нийт алдсан цус 3 000 мл. Мэс заслын дараах шээс тунгалаг 200 мл гарсан. Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн хагалгааны дараах үе хэвийн явагдсан тул 4 дэх хоногт эхийн-1 тасагт шилжүүлсэн. Хагалгааны дараах 8 дах хоногт хүүхдийн хамт төрөх эмнэлгээс гарсан. Эмчилгээнд цус 610 мл, сийвэн 230 мл сэлбэж, шингэн сэлбэх, цус төлжүүлэх, халдварын эсрэг эмчилгээнүүд хийсэн. Эмгэг судлалд умай, зүүн дайврын хамт илгээсэн. Шүүх эмнэлгийн шинжээч нийт 4 удаагийн хуралд 4 удаа дүгнэлт гарсан байдаг. Мэс засал удирдамж стандартын дагуу хийгдсэн тухай тайлбарууд хавтаст хэргүүдэд байдаг. Гэхдээ энэ хагалгаанд хэвлий нээхэд, давсаг дээш татагдан өргөгдөж, умай сорви дээр наалдаж эдгэрсэн байжээ. Энэ бол хэвлийн зарим хагалгааны дараа хэвлийн эрхтэн хооронд үүсдэг наалдац бөгөөд энэ нь С.Мөнхбаясгалангийн давсаг гэмтэж болох эмгэг нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэж хоёр эрхтэнийг хооронд нь наалдуулан үүссэн сорви нь умайн хүзүүвч ба давсагны хананд гүнзгий шигдэж орсон байдаг. Энэ сорвийг салгах явцад 1-2 мл хиртэй нимгэрсэн, давсагны зөөлөн булчин хана язарч цоорох нь цөөн боловч тохиолддог. Шээс задгайрал нь төрөөгүй эмэгтэйчүүдэд 5 хувь, кесар хагалгааны дараа 9 хувь тохиолддог. С.Мөнхбаясгаланд хийсэн 3 дах кесар болон умай авах хагалгааны үед давсагны гэмтэлийг бүрэн оношилж, төгс эмчилсэн байна. Давсагны багтаамж 100 мл хүртэл багассан нь дан ганц сүүлчийн бус харин өмнөх давтан хагалгаануудаас улбаатай эсвэл архаг цистит (давсагны архаг үрэвсэл) өвчний гаралтай давсагны мэдрэл булчингийн архаг үрэвслийн шалтгаантай байж магадгүй байна. Мэс засал хийж төрүүлэх явцад ЭХЭМҮТ болон хагалгааны баг бүрэлдэхүүн, эмч нарын зүгээс ямар нэг алдаа зөрчил хариуцлагагүй байдал огт гаргаагүй тул иргэн С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлийг ЭХЭМҮТ зөвшөөрөхгүй байна. Иймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд, Спортын яамны тайлбарт: Иргэн С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн С.Мөнхбаясгалан 2010 онд Эх нялхсын эрүүл мэндийн төвд кесар хагалгаанд орж амаржих явцдаа давсгаа гэмтээн оёулсан. Энэ асуудлаар 2014 онд шүүх хурал болж шийдвэрлэгдсэн байна. Төсвийн тухай хуульд нөхөн төлбөрт тусгайлан хөрөнгө тусгагддаггүй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвараа алдсан нь нэгэнт тогтоогдсон байх тул тус нэхэмжлэл нь Эрүүл мэнд, спортын яаманд хамааралгүй болно. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдахаар байна. Иймд Иргэн С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, спортын яамны сайдад холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.Энхжаргалын тайлбарт: Миний бие ЭХЭМҮТ-д эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Мөнхбаясгаланг кесар мэс заслаар төрүүлсэн. С.Мөнхбаясгалан нь 5 удаа жирэмсэлж, 3 төрсөн бөгөөд өмнө нь 2 удаа кесар мэс заслаар төрсөн байна. Сүүлийн буюу 2010 оны 3 дахь төрөлт нь эхэс түрүүлж умайн хүзүүг бүрэн тагласан, умайн шархны бүрэн биш сорвижилт оношоор давтан кесар мэс заслаар төрүүлэх явцад давсаг дээш татагдаж, умайн сорвинд наалдсан байсныг салгах явцад давсагны хана 1.0 см гэмтсэн. Үүнийг оношлон төгс арга хэмжээ авсан. Улмаар умайгаас цус ихээр алдаж умайг нь авах мэс засал хийгдсэн. Хагалгааны дараа шарх бүрэн эдгэрч эх, хүүхдийн хамт 8 дахь хоногт эмнэлгээс гарсан. Хагалгааны өмнө хагалгаа хийх явцад давсаг гэмтэх эрсдэлтэйг эхэд тайлбарлан, ойлгуулж хагалгаанд орох зөвшөөрлийг авч, гарын үсгийг нь зуруулан баталгаажуулсан. С.Мөнхбаясгалан нь кесар мэс заслын үед давсаг гэмтээсэн гэх гомдол нь хуулийн байгууллагаар шалгагдаж, тухайн мэс засал нь заалт, стандартын дагуу хийгдсэн. Давсагны гэмтэл нь өмнөх хагалгааны үед умайн сорвинд давсаг наалдсан байсныг салгах явцад гарч болох хүндрэл юм. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хэрэгсэхгүй болгосон. Би С.Мөнхбаясгаланд үүссэн шээс задгайрал нь давсагны ханын гэмтлээс шалтгаалсан гэж үзэхгүй байна. 2011 оны 4 сарын 11-ний өдөр урологийн мэс засалд орсон гэдэг мэс заслын заалт, хийгдсэн мэс засал, үр дүн тодорхойгүй байна. Давсагны багтаамж 100 мл болсон гэдэг нь оношийн нотолгоо үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооход юуг үндэслэн ямар шинжилгээгээр нотолсон нь тодорхойгүй байна. Шээс задгайрал нь 3 дах мэс заслын өмнө болон дараа үүссэн эсэх нь тогтоогдоогүй. Иймд иргэн С.Мөнхбаясгалан нь удаа дараа эмнэлэг болон эмч нараас нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэсгүй гэж үзэж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 101/ШШ2016/01862 дугаар дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2.480.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мөнхбаясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Эрүүл, мэнд спортын яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурьдаж, хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 54.639 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1205 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Мөнхбаясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1206 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

1. 2016-02-26-ны өдрийн шүүх хуралдааныг даргалагчаар шүүгч Б.Ундраа өөрөө оролцсон. Хурлын бүрэлдэхүүний нэг гишүүн өөрчлөгдсөнөөр хурлаас гарах шийдвэрт нөлөө болоогүй.

Хуралд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан М.Энхжаргалтай холбогдох асуудлууд, гэрчийн мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2016-01-22, 2016-01-29-ны өдрийн хуралдаануудаар хэлэлцэж тогтоол гарган уншиж танилцуулсан.

Хариуцагч ЭХЭМҮТөвөөс гаргаж байгаа гомдолд дурдсан асуудлууд бүх хяналтын шатанд шалгагдаж, хянагдаад 2014 оны 03 дугаар сарын 25-ны 2620 дугаартай шүүхийн шийдвэр гарч эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Би 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэргийг тогтоолгосон. Жил бүр сунгагдан одоо ХЧА -ын 60% зэрэгтэй байна. 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад авч байсан ХЧА-ын тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дундаас үүсэх зөрүү мөнгийг гаргуулах хүсэлт гаргаад байгаа билээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаах хэмжээний зөрчил байгаа эсэхийг нягтлан тогтоож өгөхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.3-т шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, 13 дугаар зүйлийн 13.1.3-т ерөнхий шүүгч нь шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулахаар тус тус заажээ.

С.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд томилогдсон шүүгч Д.Ганболд оролцоогүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1205 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Мөнхбаясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2016/01438 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ