Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Х аймгийн М сумын С.Г-ын нэхэмжлэлтэй, Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 44-27 тоотод оршин суух,  С.Л-д холбогдох

650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Л нь 72-33 ХӨА хар хөх өнгийн Элентра маркийн машиныг зараад өгье гэж 650.000 төгрөгөөр зараад өгөхөөр тохирсон. Би машинаа түүнд өгсөн /бичиг баримтынх нь хамт/ Лхагвадорж тэр машиныг зарсан байсан. Мөнгөө авъя гэтэл утсаа авахгүй гэрт нь очихоор байхгүй гээд 8 сар авч чадахгүй байна. Иймээс машины үнэ болох 650.000 төгрөгийг Лхагвадоржоос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Гаас 72-33 ХӨА хар хөх өнгийн Элентра маркийн автомашиныг 650.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохирсон юм. Нэгэнт тохирсон учраас С.Гыг хохиролгүй болгож өгнө. Одоогоор ажил төрөлгүй ямар ч орлогогүй байна. Ажил олж хийж байж 2016 онд ямар ч байсан хохиролгүй болгож өгнө гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч С.Лоос 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвдаоржоос 10.150 төгрөг, улсын орлогоос буцаан 10.150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Гад буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч С.Гын нэхэмжлэлийн шаардлага 650.000 төгрөгийг хариуцагч С.Л төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.00 /хорин мянга гурван зуу/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лоос 10.150 /арван мянга нэг зуун тавь/ төгрөг, Голомт банкны Х салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 10.150 /арван мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Гад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ