Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00067

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  А.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-д холбогдох

1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2015/01178/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.И намайг Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд нийгмийн ажилтан болон арга зүйчээр ажилд оруулна. Манай эгч Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн хөдөө орон нутаг хариуцдаг даргаар Улаанбаатар хотод ажилладаг. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд оруулж өгнө гээд тэгэхийн тулд 2.000.000 төгрөг өгчих гэж хэлээд ХААН банкны ...... дугаар дансыг өгөхөөр нь миний бие 1.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн юм. Үүнээс хойш ажил төрөлд оруулсан юм байхгүй, одоо мөнгө төгрөгөө авъя гээд гэр оронд нь очихоор зугтаад байхгүй болчихдог, мөн утсаар ярих гэхээр утсаа авахгүй, унтраагаад байгаа тул хууль журмын дагуу гаргуулж өгнө үү. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр томилолт нь гарна, ажилд орно гэх мэтээр удаа дараа худлаа ярьж байгаа тул иргэн М.Бгээс 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.И шүүх гаргасан тайлбартаа: Би хариуцагч М.Бгээс 1.000.000 төгрөгийг хүлээн авсан. М.Б нь миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч А.Ид 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.И нь хариуцагч М.Бд холбогдуулан 1.000.000 /нэг сая/

төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тайлбарыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.850 төгрөгийн тал хувь болох 14.425 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 14.425 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч А.Ид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.Иын 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.850 төгрөгөөс 14.425 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 14.425 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч А.Ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА