Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Т.Э

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Б сумын С нэгдлийн Агарын 4 дүгээр бригадад өөрийн эцэг Б.Т-ын төллөх хонин суурьт төлчин, туслах малчнаар анх ажиллаж эхлээд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрөө бие дааж төллөх хонин суурь хариуцан маллаж 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тасралтгүй хоньчноор ажилласан юм. 1981 оны цалин хөдөлмөрийн хөлсийг тухайн суурийн үндсэн малчид болох аав ээжийн нэр дээр тооцож бичиж байсан юм.

Иймд холбогдох бичиг баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бсумын С нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгөхийг хүсч хүсэлт гаргав гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Э нь 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Б сумын С нэгдлийн Агарын 4 дүгээр бригадад төлчин, туслах малчнаар анх ажиллаж эхлээд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрөө бие дааж төллөх хонин суурь хариуцан маллаж 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тасралтгүй хоньчноор ажилласан юм. Иймд холбогдох бичиг баримт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б сумын С нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан жилүүдийг нь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Т.Э нь Х аймгийн Б сумын С нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хоньчиноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүсэлт гаргагч Т.Эын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Бсумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.Эын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, гэрэл зургууд, гэрч Д.Бямбасүрэнгийн ...Т.Э нь Бсумын С нэгдлийн Агар бригадад 1981-1989 оныг дуустал нэгдэл тартал төлчин, хоньчноор тасралтгүй ажиллаж байсан. Т.Э нь сургуульд сураагүй ба бага насандаа аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрснээсээ хойш бие даан мал маллах болсон.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Цоодолын ...Т.Э нь Бсумын С нэгдлийн 4 дүгээр бригадад 1981 оноос өөрийн аав Төртогтохын суурьт туслах малчнаар 1 жил хиртэй ажиллаж байгаад 1982 оноос бие даан хоньчноор ажиллах болсон. 1989 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Т.Эыг Х аймгийн Бсумын С нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Бсумын С нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И.Э-ын Х аймгийн Бсумын С нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Бсумын С нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ