| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/1144/и |
| Дугаар | 155/ШШ2016/00069 |
| Огноо | 2016-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00069
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 21-18 тоотод оршин суух, РР61021772 дугаар регистртэй, Г.Б- ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2015/1144/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Э нь 2 давхар дүнзэн байшин 2014 оны 05 сард өгнө хэмээн 2014 оны 1 сарын 17-нд 3.300.000 төгрөг, 2014 оны 2 сарын 10-нд 2.800.000 төгрөг, нийт 6.100.000 төгрөгийг ХААН банкны өөрийн .... тоот дансаар шилжүүлж авсан. Гэтэл 2014.06 сараас хойш өдий хүртэл утсаа авахгүй, байшингийн зургийг нь явуулахгүй, ор сураггүй болсон. ...Иймд 6.100.000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би хадам ах Г.Бт 8*8м-ийн мансардтай торхыг 6.100.000-д авч өгсөн. Торхоо ав гэхэд одоо тэр чинь хэрэггүй болсон, мөнгөө авна гээд байгаа. ...Би нэхэмжлэлийн шаардлага 6.100.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Эд холбогдох, 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлага 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 /нэг зуун арван хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 56.275 /тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.Э-гаас, улсын орлогоос 56.275 /тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох, 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.550 /нэг зуун арван хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 56.275 /тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.Эгаас, улсын орлогоос 56.275 /тавин зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ