| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0785/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Г.Ц өөрөө өөрийгөө өмгөөлөн,
хохирогч Ю.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явууж Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706021060241 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Ц, 1963 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 4 дүгээр гудамж, 2168 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ДДЭ-ийн 6-903 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Г.Ц нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд Дарь-Эхийн 6-903 тоотод иргэн Ю.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Ю.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гомдолтой байна, хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Ю.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...Баруун нүд болон зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг Г.Ц гараараа цохиж учруулсан. “...Миний биед учирсан дээрх гэмтлийг Г.Ц учруулсан. Миний нүүрэн тус газарт Г.Ц цохьсон. Тэгээд намайг газарт унахад нааш цааш нь чирээд бусад газарт гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-14-16/,
Гэрч О.Гантөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цогбадрал ах Энхжаргал гэгч эмэгтэйтэй маргалдаад байсан. Би яг юунаас болж маргалдаад байсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан тэр эмэгтэй нь бид нар руу агсараад л байсан. Ингээд сууж байтал Цогбадрал ах босч ирээд тэр эмэгтэйгийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авч байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-20/,
Гэрч Ц.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхжаргал гэгч эмэгтэй манай аав руу дайраад гинжийг нь тасдаад гинжээр нь нүүр ам руу нь ороолгож шавхуурдаад байсан. Тэгсэн чинь манай аав тэр эмэгтэйгийн нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-23-24/,
Шинжээч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Хохирогч Ю.Энхжаргалын биед үүссэн баруун нүдний зовхинд үүссэн цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-32/,
Яллагдагч Г.Ц мэдүүлэхдээ: “...Би тухайн эмэгтэйтэй бол маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тэр эмэгтэй архи уучихаад манай гэрт байсан болон надад агсам тавиад байхаар нь би уурлаад түүнийг цохих болсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх 63-64/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №12266 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ц нь согтуугаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд Дарь-Эхийн 6-903 тоотод иргэн Ю.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос сонсгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Г.Ц нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Г.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй.
Мөн шүүх Г.Ц-с хохирогчийн нотлох баримт бүхий 429.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогч Ю.Энхжаргалд олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Ц-г 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-с хохирлын 429.000 /дөрвөн зуун хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ю.Энхжаргалд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР