Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 116/ШШ2024/0011

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан  захиргааны хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хог хаягдлын хураамжийн хэмжээг Хэрлэн сумын ИТХ-аар ... 2023 оны 6-р сарын 30-ны өдөр “Хог хаягдлыг үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 14/01 тоот тогтоолыг баталж, ... 2023 оны 7-р сарын 28-ны өдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6325 дугаарт бүртгэсэн. Уг 14/01 тоот тогтоолын хавсралтад иргэн сард нэг удаа 2500 төгрөгийн хураамж төлөхөөр баталсан.

 Гэтэл Хэрлэн сумын Засаг дарга нь өөрт олгосон эрх хэмжээг хэтрүүлэн 2023 оны 11-р сарын 15-ны өдөр “Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг өрхөөр тооцон төвлөрүүлэх тухай” А/371 тоот захирамжийг гаргажээ. Энэ захирамж нь Хэрлэн сумын ИТХ-ын 14/01 тоот тогтоолыг, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66-р зүйлийн 66.2-т заасныг зөрчсөн байна. Энэ захирамжийн улмаас ...Хэрлэн сумын нийт орон сууцны айл өрхүүдээс хогны хураамж 10000 /арван мянган/ төгрөг, дээр нь НӨАТ гэж 1000 төгрөг нэмж, нийт 11000 төгрөгийг хурааж авч байна. ... Энэ асуудлаар миний бие ... захирамжийг хүчингүй болгуулах тухай албан бичгийг сумын Засаг дарга руу явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, ... дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж Хэрлэн сумын Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн, ... өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Иймд шүүхийн журмаар хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг өрхөөр тооцон төвлөрүүлэх тухай” сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Монгол Улсын Их Хурлын сонгууль болон бусад цаг үеийн ажлын шаардлагыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэгч Д.******* нь  “...Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: ...Уг захирамж нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14/01 тоот тогтоолыг, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66-р зүйлийн 66.2-т заасныг зөрчсөн байна... гэжээ.

Хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь “Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг өрхөөр тооцон төвлөрүүлэх тухай” сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. ... Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй... гэж  бичгээр тайлбар, хүсэлт гарган, Хэрлэн сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/213 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг шүүхэд ирүүлсэн байна.  

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж заасны дагуу Хэрлэн сумын Засаг дарга өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон нь хуульд харшлаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн” нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч *******гийн *******ын, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “...Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/371 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу  35100  төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        В.ДАВААНЯМ