Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2023/ДШМ/06

 

 

 

         Э.Эт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогч                                                         Л.Жа

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Ц.Ц /онлайнаар/

Яллагдагчийн өмгөөлөгч                               Д.Ж /онлайнаар/

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бурхант гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Э.Э

 

Яллагдагч Э.Э нь 2016 оноос 2017 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бурхант гэх газар оршин суух иргэн Л.Жаын 457 тооны үхэр, адуу болон олон тооны малыг завшиж 239.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжаар: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хэргийг прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 149 тоот яллах дүгнэлтэд яллагдагч Э.Э нь 2016 оноос 2017 оны хооронд Л.Жаын 457 тооны үхэр, адуу болон олон тооны малыг завшиж 239.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа хэрэгт 428 тооны бод малын үнэлгээг гаргуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байна гэж дүгнэв. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох,

2. Шүүгдэгч Э.Э нь хэдэн оноос, ямар нөхцөлөөр, ямар гэрээ хэлцэл, итгэмжлэлээр хохирогч Л.Жаын хэдэн тооны ямар насны малыг хариуцаж байсан, итгэмжлэн хариуцаагүй бол бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үү, эсвэл иргэд хоорондын өглөг, авлага, зээлийн асуудал байсан уу гэдэг  гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоох,

3. Хохирогч Л.Жаын малыг 2016-2017 онуудад н.Б гэгч малчин маллаж байгаад нас барсан гэх нөхцөл байдалтай холбогдуулж гэрчүүдийн мэдүүлэг авах, цалин хөлс олгож байсан баримт, гэрээ, хэлцэл зэргээр нотлогдож байгаа эсэхийг шалгах зэрэг болно.

Дээрх нэмэлт ажиллагааг хийлгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх, үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэх, зүйлчлэлийг зөв тогтооход нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэлээ.

Захирамжид заасан дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно гээд

Яллагдагч Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

            Яллагдагчийн өмгөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Э.Эийн өмгөөлөгч Д.Ж би хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байна.

            2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд Э.Эт холбогдох эрүүгийн 1912005280137 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт ерөнхий шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хурлын тов зарласан. Тус урьдчилсан хэлэлцүүлэгт улсын яллагч  /шүүгчийн захирамжид прокурор гэж бичсэн/ А.А, яллагдагчийн өмгөөлөгч Д.Ж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц, хохирогч Л.Жа нар оролцсон бөгөөд хэргийн талаар тодорхойлох хэсэгт:

            Прокурор А.А  урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: Яллагдагч Э.Эт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

            Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ж  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдаанд Д.М, М.Г, Н.А нарыг гэрчээр оролцуулах хүсэлттэй байна.

            Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр Д.Э, Л.Т нарыг оролцуулах хүсэлттэй байна гэв.

            Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгтээ: ...Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хэргийг прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв... гэжээ. 3 заалт бүхий хэргийн талаар яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэл, хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг нарийвчлан тогтоох... гэжээ. Шүүгч нь хэргийг хүлээн авснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт  буцаасан гэж яллагдагчийн өмгөөлөгч Д.Ж би үзэхгүй байгаа тул  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

            2019 онд Л.Жа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад 1 удаа хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч байсан ба уг шийдвэр нь Улсын ерөнхий прокурорын газраас прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, улмаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллах дүгнэлт прокурор үйлдэж, хэргийг шүүх рүү явуулах шийдвэрийг прокурор гаргасан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгч нарын гэрчийг оролцуулах талаар хүсэлтийг шүүх яагаад хүлээн аваагүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, мөн хэргийг шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэх хүсэл зорилго хэргийн хохирогч, холбогдогч, улсын яллагч  хэн алинд нь байсаар атал хэргийг үндэслэлгүйгээр буцааж байгааг анхаарч үзнэ үү.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийг захирамжийн үндэслэл болгож байгаа нь хэрэгт хяналт тавьсан прокурор, мөн яллах дүгнэлт үйлдсэн прокурорын эрх хэмжээнд халдсан ба яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд мэтгэлцэх боломжийг хэргийн бодит байдлыг тогтооход шүүгч нь урьдчилсан байдлаар шийдвэр гаргасан ба яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйлчлэлийг “дээрэмдэх гэмт хэргийн шинж” байгаа эсэхийг шалгаж тогтоолгохоор буцааж байгаа нь хуулийн үндэслэлгүй болжээ. Учир хэргийн яллагч Э.Эт холбогдуулан 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хэргийн оролцогч талуудын гаргасан хүсэлтээр бус, өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүйгээр хэргийг прокурорт буцааж байгааг яллагдагчийн өмгөөлөгч Д.Ж би хүлээн зөвшөөрөхгүй байх тул Э.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

             

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1078 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Эт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс уг шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх  боломжтой бөгөөд хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай хэрэг байсан гэж үзэж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Л.Жа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бүх малыг битүүмжилсэн байгаа. Миний хувьд өөрийн малыг захиран зарцуулж чадахгүй хэцүү байна. Би идшиндээ хүртэл малаа хэрэглэж чадахгүй байна. Иймд хэргийг аль болох түргэн шуурхай хуулийн дагуу нэг тийш нь шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, хууль зүйн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1078 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1078 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж  өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, яллагдагчийн өмгөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.Эийг 2016 оноос 2017 оны хооронд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бурхант гэх газар оршин суух иргэн Л.Жаын 457 тооны үхэр, адуу болон олон тооны малыг завшиж 239.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад...Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 149 тоот яллах дүгнэлтэд яллагдагч Э.Э нь 2016 оноос 2017 оны хооронд Л.Жаын 457 тооны үхэр, адуу болон олон тооны малыг завшиж 239.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа хэрэгт 428 тооны бод малын үнэлгээг гаргуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байна гэж дүгнэв. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох, шүүгдэгч Э.Э нь хэдэн оноос, ямар нөхцөлөөр, ямар гэрээ хэлцэл, итгэмжлэлээр хохирогч Л.Жаын хэдэн тооны ямар насны малыг хариуцаж байсан, итгэмжлэн хариуцаагүй бол бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, эсвэл иргэд хоорондын өглөг, авлага, зээлийн асуудал байсан уу гэдэг  гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоох, хохирогч Л.Жаын малыг 2016-2017 онуудад н.Б гэгч малчин маллаж байгаад нас барсан гэх нөхцөл байдалтай холбогдуулж гэрчүүдийн мэдүүлэг авах, цалин хөлс олгож байсан баримт, гэрээ, хэлцэл зэргээр нотлогдож байгаа эсэхийг шалгах зэрэг болно.

Дээрх нэмэлт ажиллагааг хийлгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх, үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэх, зүйлчлэлийг зөв тогтооход нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

              Харин дээрэмдэх гэмт хэрэг мөн эсэхийг тогтоох гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хийх шаардлагагүй байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, гэж заасан хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолсон хэрэгт хамаарна.

 

   Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1078 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Д.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ