Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00070

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Х салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын  Б.Б, Н.Э нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.433.496 /арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2015/01207/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Б нь И ХХК-д ажиллаж байхдаа 2010 оны 11-р сарын 23-ны өдөр ХААН банкны Х салбараас 7.000.000 /долоон сая/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байна. 2012.10.05-нд 1.080.349 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмэлтээр 8.000.000 төгрөг, 2013.05.03-нд 7.966.334 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмэлтээр 9.000.000 төгрөг, 2014.04.09-нд 13.034.155 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэмэлтээр 4.900.000 төгрөгийг аваад 2015 оны 07 сараас хойш зээлийн төлбөрийг бүрэн хийлгүй хугацаа хэтрээд 118 хоног хонож байна. Уг зээлийн үлдэгдэл 11.813.855 төгрөг, 49 мөнгө, хүү 224.204 төгрөг 94 мөнгө, торгуулийн хүү 395.406 төгрөг, 18 мөнгө, бүгд 12.433.496 төгрөг 61 мөнгө /Арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг 61 мөнгө/ өрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр эхнэр Н овогтой Э гарын үсэг зурсан болно. Иймээс ...нийт 12.433.496.61 төгрөгийг зээлдэгч Б.Б, Н.Э нараар төлүүлж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х аймаг дахь ХААН банкнаас 2014 оны 4-р сарын 9-нд 17.934.155 төгрөгийн зээл авсан болно. Зээл авахдаа Б нь Х аймаг дахь И ХХК-д төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо миний бие ажилгүй байгаа. Миний ажиллаж байсан компани нь 2014 оны 5-р сарын 22-нд дампуурсан. Бид ХААН банкнаас авсан зээлээ буцаан төлөх хуваарийн дагуу 2015 оны 8 сар хүртэл хийгээд 2015 оны 10 сард 1 удаа хийгээд нийт 16 сарын зээл хийгээд дахиж хийж чадаагүй. Бид энэхүү зээлийн үлдэгдэл болох 12.433.496 төгрөгийг эргүүлэн төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төв нь хариуцагч Б.Б, Н.Э нарт холбогдохзээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.433.496 /арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.433.496 /арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.433.496 /арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213.885 төгрөгийн тавин хувь болох 106.943 /нэг зуун зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг хариуцагч Б.Б, Н.Э нараас, улсын орлогоос 106.943 /нэг зуун зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Н.Э нарт холбогдохзээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 12.433.496 /арван хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213.885 төгрөгийн тавин хувь болох 106.943 /нэг зуун зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг хариуцагч Б.Б, Н.Э нараас, улсын орлогоос 106.943 /нэг зуун зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Х салбарын Төв тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ