Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Р.Б-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/01255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Р.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Б нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 14 настай байсан бөгөөд энэ үеэс эхлэн тэр үеийн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрмийн дагуу 14 наснаас эхлэн аав, ээжийн гар дээр хөдөлмөрлөж эхэлсэн. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрэмд зааснаар 14 наснаас эхлэн нэгдлийн гишүүн байж хөдөлмөр цалин хөлсийг авдаг байсан бөгөөд цалин орлогыг аав, ээжийн нэр дээр гаргадаг байсан. Миний бие 1979 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд хоньчин, мал тууварчнаар ажиллаж ирсэн. Манай гэр бүл өвлийн улиралд дан төлгөн хонь авч маллаад хавар нас нэмэхээр нь оторлон улмаар Х суманд аваачиж тушаадаг байсан. Тэр үед бага наснаасаа эхлэн хөдөлмөрийн гишүүний хувьд авдаг цалинг аав, ээжийн нэрээр гаргадаг байсан. Ингэж гаргаж ирсний үндэс нь миний ажилласан жилд тооцогдохгүй хохироод байгаа юм.

Иймд миний 1979 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд хоньчин, мал тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Р.Б нь Х аймгийн Б сумын С нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Х аймгийн Б сумын С нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Р.Б-ийн цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Даваажийгийн Р.Б нь Х аймгийн Б сумын С нэгдэлд 1979 оноос 1986 оныг хүртэл аав, ээжтэйгээ мал туудаг байсан. Намар төлгөн хонь авч тууварт явдаг байсан. Тэднийх Хруу малаа тууж тушаадаг байсан. Сүүлд нь Р.Б Х аймгийн Б сумын С нэгдлийн эмчилгээ, тэжээлийн цэгт ажиллаж байсан. Тухайн үед аав Р, ээж Ч нарын нэрээр цалин хөлс нь бодогдож гэр бүлийнх нь хамтаар бичдэг байсан. Үүнээс болж түүний ажиллаж байсан талаар баримт байхгүй байгаа юм. Миний мэдэж байгаагаар сургуульд сурж байгаагүй багаасаа л аав, ээжийнхээ хамт мал дээр гарч мал маллаж, туувар тууж байсан юм. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Х аймгийн Б сумын С нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Р.Б-ийн Хөвсгөл аймгийн Б сумын С нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,Х аймгийн Б сумын С нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ