| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00030/И |
| Дугаар | 155/ШШ2016/00076 |
| Огноо | 2016-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х\өвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Ү-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч С.Ү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын конторт орж туслах дохиочноор орж ажиллаад тасралтгүй 1994 оныг дуустал ажилласан. 1996 онд орж ирээд Хөдөлмөрийн дэвтрээ авах гэтэл аль хэдийн барилга тараад дэвтэр олдоогүй.
Иймд намайг 1980 оны 6 дугаар сарны 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Барилга угсралтын конторт туслах дохиочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Ү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Ү Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал туслах дохиочноор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, гэрч Г.Долзодын Б...С.Ү нь 1980 оноос намайг Барилга угсралтын конторт жижүүрээр ажиллаж байхад краны дохиочноор цэргээс ирсэн хариуцлагатай хүн ажилд авна гээд Ү-ыг барилгын цэргийн алба хаасан гээд дохиочноор ажилд авч байсан юм. Барилга угсралтын контор нь 1988 оны 02 дугаар сард Барилга угсралтын трест болж байсан юм... гэх мэдүүлэг, гэрч С.Ганбаатарын ...С.Ү нь миний мэдэхээр 1980 оны 6 дугаар сард Барилга угсралтын контор гэж байхад дохиочноор ажилд орж байсан. Барилга угсралтын контор нь барилга угсралтын трест болоод 1994 онд тарах хүртэл нь ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Барилга угсралтын конторт 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дохиочноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ү-ын Х аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал туслах дохиочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Барилга угсралтын конторт 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ү-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ