| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0786/Э |
| Дугаар | 736 |
| Огноо | 2017-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706006360232 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн О.Т, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 9 дүгээр гудамж 465 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч О.Т нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё хүнс” ХХК-ний гадны хохирогч Г.Жавхланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 450 нэгжээр торгуулын ялыг хүлээн зөвшөөрч байна, 6 сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү” гэв.
Хохирогч Г.Жавхлан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө ажил дээрээ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Гоё хүнс” ХХК-ний байранд байж байтал хамт ажилладаг 30 орчим насны эмэгтэй чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь би гадаа гартал манай хуучин салсан нөхөр О.Т гадаа зогсож байсан. Тэгээд миний гарнаас татахаар нь би ажил ихтэй байна гэхэд манай ажлын хажуу талын хашааны булан руу намайг чирч очоод чи манай Хүслэн, Тэмка, Дугар нартай өчигдөр орой унтсан байна лээ гэхээр нь би юугаа яриад байгаа юм бэ гэтэл чи ийм байхгүй юу гэж хэлээд миний үснээс зулгаагаад нүүр лүү 1 удаа гараараа цохисон, миний халааснаас юм хайж байгаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-6/,
Гэрч Г.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ унтаж байсан чинь манай ээж намайг нөгөө Түмэнжаргал чинь эгчийг чинь зодчихоод буцаад явж байна гэж байна гэхээр нь миний уур хүрээд хувцсаа өмсөөд хөрш айлд байдаг Батбаяр гэх залууг дагуулаад Дарь-Эхийн ганц худгийн автобусны буудал руу алхаж очсон. Батбаяр бид 2-ыг буудал дээр очиход Т бид 2-ыг харчихаад хурдан хурдан алхаад байсан. Тэгээд буудал очиж Т-г барьж аваад цохих гэсэн чинь ээж араас миний хүү хүн цохиж хэрэггүй ээ наад залуу чинь чамд гомдол гаргачихна гэхээр нь цохихоо болиод бариад зогсож байсан” гэсэн мэдүүлэг. /хх-10/,
Гэрч Ж.Хосжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажил руугаа орж явахад нэг залуу та Жавхланг дуудаад өгөөч гэхээр нь би ажил дээрээ ороод Жавхлан чамайг гадаа дуудаж байна гэж хэлтэл Жавхлан ажлаас гараад явсан ...өмнө нь зодоон болж байхыг нь харж байгаагүй. Жавхлан ч гэсэн надад зодуулсан талаараа юм ярьж байгаагүй ...Жавхланг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зодуулсан талаар би сүүлд мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №9595 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё хүнс” ХХК-ний гадны хохирогч Г.Жавхланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Жавхлан нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-43, 47-48/ гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Т-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, О.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР