Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/134

 

 

 

 

 

 

  

 

Э.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Бт холбогдох эрүүгийн 2209000001284 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б, .... .................................. төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........................  тоотод оршин суух, /РД: ........................./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т тус тус зааснаар 25 жилийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ялаас 9 жил 4 сар 21 хоногийг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг тус тус дүйцүүлэн хасч, үлдэх 10 сар 23 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замын хажуу хэсэгт хохирогч Э.Этай “машин явж байхад үсэрч буух гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, газар унаад хэвтэж байхад нь толгойн зүүн хэсэг рүү зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар 2 удаа цохиж, мөн Улаанбаатар хот руу буцах үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” супермаркетын урд талын авто машины зогсоол дээр хохирогч Э.Э-ыг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь зүүн зулайн чамархайны хоёрлосон шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал, баруун хацрын төвгөр, зүүн нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Э.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бт 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Б нь гэм хорын хохиролд 3.600.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жт төлсөн болохыг мэдэгдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж нь Э.Баас хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон түүнтэй холбоотой гэм хорын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Э.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Алтанчулуу гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн зүйлчлэлээр гэм буруу дээр маргаагүй анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг буюу шүүх хуралдаанд оролцож, анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил 8 сар хорих ял оногдуулсан. Э.Б нь хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч С.Жт хохиролд баримтаар 3.000.000 төгрөг, баримтгүй 100.000 төгрөг, 500.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийг төлсөн. Шүүх гэм буруугийн хэлэлцүүлэгт бусдад төлөх бодит хохирол төлөгдсөн, Э.Бийн хувьд цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн, бусад хохирлыг хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэснийг үндэслэж ял оногдуулсан байх тул хохирол төлөгдсөн нөхцөл байдал, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаатай хорих ялыг Э.Бт оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн толгой тус газар чулуугаар цохиж, Улаанбаатар хот руу буцах үедээ хохирогч Э.Э-ыг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Үүнээс болж хохирогч Э.Э нь байнгын асаргаанд байсан. Мөн шүүгдэгч Э.Б нь урьд нэг удаа ял шийтгэл эдэлж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бт дээрх нөхцөл байдлыг харгалзан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай замын хажуу хэсэгт хохирогч Э.Этай “машин явж байхад үсэрч буух гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, газар унаад хэвтэж байхад нь толгойн зүүн хэсэг рүү чулуугаар 2 удаа цохиж, мөн Улаанбаатар хот руу буцах үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” супермаркетын урд талын авто машины зогсоол дээр хохирогч Э.Э-ыг машины арын суудалд унтаж байхад нь дахин толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жын “...манай нөхөр зодуулсан өдрөө ээжийнхээ гэрт очиж хоносон. Ээж Солонго нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Ахынх нь хүүхэд болох Төгөлдөр тухайн гэрт амьдардаг бөгөөд тэр орой Э.Э, Төгөлдөр хоёр цуг хоносон. Би өглөө 8 цагийн үед очиход нөхөр Э.Э ганцаараа унтаж байсан ба би сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь архи нь гараагүй байна гэж бодоод ажилдаа яваад өгсөн. Ажил дээр очоод утас руу нь залгаад байсан боловч авахгүй болохоор нь санаа зовоод найз Болдбаяр руу нь очоод үзээч гэж хэлсэн. Болдбаяр очиж үзээд түргэн тусламж дуудсан. Намайг өглөө очиход чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Э.Э-ын биеийн байдал ухаан орсон боловч хүнтэй ярьж чадахгүй, босож явж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаа. Биеийн баруун тал нь мэдээгүй болсон. ...” /хх 23-24/,

гэрч Т.Б ын “...Тэд ярилцаад Хэнтий аймаг руу Э.Бийн эхнэрийг авч ирэхээр болсон. Би согтуу хүнд машинаа өгч явуулахгүй гээд өөрөө цуг явсан. Э.Э би машинаа өвлийн дугуйтай, запас дугуй байхгүй болохоор жаахан айж байлаа гээд ярьсан чинь Э.Б Э.Э руу согтуурхаад чиний үнсний савыг гуйсан нь буруу боллоо гээд уурласан чинь Э.Э согтуу байсан болохоор би буулаа гээд явж байсан машинаас хаалга онгойлгоод буух гэж байсан. Э.Э-ын гарнаас барьж аваад огцом тоормос гишгэж, аваарын гэрлээ асаагаад машинаа зогсоосон. Э.Б машинаас бууж ирээд “чи муу үхэх мөрөөрөө үхэхгүй гүнд гай болох гэлээ гээд шанаа руу нь баруун гараараа хоёр удаа хүчтэй цохисон. Тэгээд хоорондоо ноцолдоод байхаар нь би салгасан. Э.Б машинаас малгайгаа аваад та хоёр одоо ингээд буц гээд Багануур луу ганцаараа алхаад байсан. Э.Э араас нь гүйгээд очсон. Би машинаа эргүүлээд очиж байх хооронд маргалдаад Э.Б баруун гараараа Э.Э-ын шанаа руу унатал цохисон. Тэгтэл Э.Э чулуу аваад Э.Б руу шидсэн, оносон үгүйг би хараагүй. Э.Б газраас алгын чинээний бөөрөнхий том чулуу аваад Э.Э-ыг газар хэвтэж байхад нь зүүн талын чих рүү нь болон чихнийх нь дээд талд хоёр удаа хүчтэй цохисон. Хоёр дахь удаагаа цохиулахдаа Э.Э манарсан ч юм шиг сонин болчихсон. Тэгэхээр нь би гүйж очоод Э.Бийн гарнаас чулууг нь булааж аваад хол шидээд салгасан. Э.Э-ын чихнээс цус гараад босож ирсэн. Би Э.Э-ыг түшээд машины арын суудалд суулгасан. Э.Б жолоочийн хажуу талын сандал дээр суугаад тамхи татаад сууж байхдаа намайг Багануурын төв оруулаад, та хоёр буц гэсэн. Багануурын төв ороод нэг супермаркетын урд зогсож байхад Э.Б хүнтэй утсаар яриад Хэнтий явах унаа хайгаад байсан, тэр үед Э.Э унтаж байсан. Э.Б машинаас буугаад хойд хаалга онгойлгоод Э.Э-ын дээрээс ундаа асгасан. Би Э.Бийг одоо болиоч гээд уурласан. Тэгтэл Э.Б Э.Э-ын толгойн баруун тал руу 3 удаа хүчтэй дэвссэн, би машинаас бууж салгасан. Э.Э босож ирээд Э.Бийг заамдаад шанаа руу нь 2-3 удаа цохисон. Хотод ирээд 7-н буудалд Э.Бийг айлд буулгачхаад Э.Э-ын эхнэр С.Ж руу залгаж “нөхөр чинь согтуу байна, Э.Бтай хамт архи уугаад зодоон хийсэн, одоо яах билээ гэж асуусан. Дүү Улаанаагийнд аваачиж өгөхийг хүссэн, тэгээд дүү рүү нь залгахад цаадах чинь согтуу байгаа юм бол босож ирээд 7-н буудлын хүмүүстэй архи уучихна, ээжийнд хүргээд өгчих гэхээр нь Өвөрсогоотод байдаг ээжийнд нь хүргэж өгсөн. Ээжийнд нь хүн байхгүй талаар эхнэрт нь хэлэхэд хашаагаар даваад орчих гэсэн. Ингээд ороод машинаа оруулж байхад Э.Э-ын бага дүү Төөгий ажлаасаа ирсэн. Би болсон явдлын талаар Төөгийд бүгдийг хэлсэн. 2022 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед С.Ж над руу залгаад чи Э.Э дээр очоо, цаадах чинь өглөө очсон чинь сэрэхгүй унтаад байна лээ гэхээр нь 10 цагийн үед очсон, Э.Э унтаж байсан. Сэрээх гэсэн чинь улам хурхираад байсан. Би эхнэр лүү нь залгаад нэг л биш байна, хоёрхон шил архи уугаад ингэдэггүй талаар хэлэхэд чи түргэн дуудчих гэхээр нь түргэн дуудаж үзүүлэхэд нүдийг нь нээж үзээд хүүхэн хараа нь ширгэсэн байна гээд аваад явсан. ...” /хх 30-35/,

шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Э.Э, Болдбаяр бид гурав Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу манай эхнэрийн хүүхдийг авчрахаар хамт явсан юм. Э.Э бид хоёр замдаа 2 шил 0,75 литрийн архи уусан. Бид Багануурын нутаг дэвсгэрт явж байхад Э.Э бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг сайн санахгүй байна. Тэгээд явж байхад Э.Э машины хаалга онгойлгоод үсэрчихсэн. Би тэр үед Э.Э-ын араас бууж очоод хүнд гай болох гэлээ гэж уурласан. Э.Э намайг түрүүлээд цохисон бөгөөд би Э.Этай ноцолдож байгаад салсан. Би Э.Э, Болдбаяр хоёрыг хот руу буцаад яв, би өөрөө унаа олоод хот орчихно гээд зам хөндлөн гараад алхаж байхад Э.Э араас хүрч ирээд над руу чулуу шидсэн. Би тэр чулууг нь аваад Э.Э-ын толгой руу 1 удаа цохисон. ...” /хх 112/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10509 дүгээр “...Э.Э-ын биед зүүн зулай чамархайны хоёрлосон шугаман хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хураа авах мэс заслын дараах байдал /2022.07.26/, баруун хацрын төвгөр, зүүн нүдний гадна булангийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 56-57/ гэсэн дүгнэлт,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Бийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бийн Э.Этай маргалдаж, улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа 2-3 удаа, газар унаад хэвтэж байхад нь толгойн зүүн хэсэг рүү чулуугаар 2 удаа тус тус цохих, мөн машины арын суудалд унтаж байхад нь толгойн хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Алтанчулуу “...шүүгдэгч нь хохиролд 3.600.000 төгрөг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

                                 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР