| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01205/и |
| Дугаар | 155/ШШ2016/00081 |
| Огноо | 2016-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ш.Э-ы
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2015/01205/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ш.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны харьяа Х аймгийн Барилга Угсралтын конторын даргын 1986 оны 1 сарын 22-ны өдрийн 06 тоот тушаалаар засал чимэглэлчнээр ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажилласан. Хэдийгээр байгууллагын даргын тушаалаар засал чимэглэлчнээр ажилд томилогдсон боловч эхний өдрөөс эхлэн миний бие шаварчин, будагчин, замаскчин, шохойчин зэрэг ажлыг хийж байсан. Барилгын ажлын дотоод засал чимэглэл нь цемент, шохой, шавар зуурахаас эхлэх ба улмаар замаск хийх, шохой зуурах, шохойдох, шавардах, обой наах, будаг хийх, найруулах, будах, плита наах зэрэг хүнд ажлыг хийдэг байсан. Миний хийсэн энэ бүх ажил нь хортой нөхцөлд тооцогддог ба зөвхөн ажилд орсон тушаал дээр засал чимэглэлчин гэсэн үгээр хортой нөхцөлд оруулаагүй нь миний ажилласан байдлыг дээрх нөхцөлийг үгүйсгээд байна. Энэ нь надад хохиролтой байна. Засал чимэглэлчний ажил үүргийн цаана бүхэл бүтэн ажлын хортой нөхцөл байдгыг тэр үеийн дарга, албан тушаалтнууд болон би ойлгоогүй ирсэн. Иймд намайг Х аймгийн Барилга Угсралтын конторт 1986 оны 1 сарын 22-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Х аймгийн Барилга Угсралтын Трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ш.Э Х аймгийн Барилга Угсралтын конторт 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Х аймгийн Барилга Угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шавар будагчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Барилга, Барилгын материалын Үйлдвэрийн Яамны харьяа Х аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Улсын Барилгын хорооны харьяа Х аймгийн Барилга Угсралтын Трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, гэрэл зураг, гэрч Л.Нарангэрэлийн Ш.Э Х аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар анги бригадад 1986 онд шавар будагчнаар орж 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал ажилласан. Х аймгийн Барилга угсралтын контор 1988 онд Барилга угсралтын трест болж өөрчлөгдсөн юм. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. ...Би Зөвлөлт холбоот улсын барилгын техник мэргэжлийн сургуулийг 1982 онд шавар будагчин мэргэжлээр төгсөж ирээд Х аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 6 сараас шавар будагчнаар орж 1989 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэцэцэгийн ...Ш.Э Х аймгийн Барилга угсралтын конторын 2 дугаар бригадад 1986 онд шавар будагчнаар орж 1990 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал ажилласан. Х аймгийн Барилга угсралтын контор өргөжөөд 1988 онд Барилга угсралтын тресст болж өөрчлөгдсөн. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би ...Х аймгийн Барилга угсралтын контор болон барилга угсралтын трестэд 1980-1989 оныг дуустал шавар будагчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ш.Эы Х аймгийн Барилга Угсралтын конторт 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Х аймгийн Барилга Угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шавар будагчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Э-ны Х аймгийн Барилга Угсралтын конторт 1986 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Х аймгийн Барилга Угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шавар будагчин, засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Э-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ