| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00924/И |
| Дугаар | 155/ШШ2024/00989 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2024/00989
| 2024 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2024/00989 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********** оршин суух, **********************
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00924/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багт 1974 онд 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 1989 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд аав, ээж хоёртоо тусалж байгаад 1990 оны 5 дугаар сараас саалийн 10 үнээ аваад **********нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. 1991 он хүртэл тус нэгдэлдээ саальчнаар ажилласан.
Нийгмийн даатгалын газраас ажилласан жилийг маань 20 жил гүйцэхгүй байна шүүхээр 1 жил хугацаанд ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн учир шүүхэд хандсан.
Иймд миний **********нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал саальчнаар ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү.
Би 8 дугаар анги төгсөхдөө 16 нас хүрээгүй байсан. Би 7 настайдаа сургуульд орж 15 настайдаа 8 дугаар анги төгссөн. Тэгээд 1990 оны 5 дугаар сараас саальчин хийж эхэлсэн. Би ажиллаж эхэлсэн хугацаанаасаа ажилласан байдлаа тогтоолгосон нь дээр байх гэж бодож байна. Би угаасаа 1990 оны хавар саалийн 10 үнээ аваад нэгдлийн саальчин болсон юм....гэв.
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн архивын тасгийн ********* дугаартай албан бичиг, **********нэгдлийн даргын *********** дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын ************* дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн **************** нэгдэлд 1990 онд малчнаар ажиллаж байсан **************** 1990 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 4-9 дүгээр тал),
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б**************** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 37-40 дугаар тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ************** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 31-36 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ****************дугаартай албан бичиг, **********нэгдлийн даргын ************* дугаартай хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 28-30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1990 онд малчнаар ажиллаж байсан ************ 1990 оны цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 43-45 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн ************* дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 1989 оны сурагчдын тухай тодорхойлолтын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 48-50 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч ********** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Иймд **********нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч ********** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ********** нь **********нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын *********дугаар албан бичгээр ирүүлсэн ********** 1990 оны 5 сараас 12 сарыг дуустал хугацааны цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар (хх-ийн 7-9, 43-45 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/1022 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б) маягтын хуулбар, ********** Ажилладаг байгууллага гэх хэсэгт Бадрал нэгдэл, эрхэлдэг ажил гэх хэсэгт Малчин, байнга оршин суудаг гэх хэсэгт Цагаан-Уул сум Өвгөд, гудамж, байшин гэх хэсэгт бригад, өргөдлийг баталсан захиргааны дарга, албан тушаал гэх хэсэгт Цагаан-Уул сумын АХ-ын ГЗ-ны дарга Л.Санжсүрэн, он, сар, өдөр гэх хэсэгт 1990.12.26... гэх бичвэртэй ХААТР-21(Б) маягтын хуулбар (хх-ийн 31-36 дугаар тал),
гэрч ***** ...********** нь 1989 оны хавар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд тус сумын Бадрал нэгдэлд илгээлтийн эзнээр ирж, ээж *********** хамт саальчин хийдэг байсан. Тэрээр 1991 он хүртэл буюу Бадрал нэгдлийг тарах хүртэл саальчин хийдэг байсан. Түүнээс хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байгаа хүн байгаа юм. Тухайн үеийн нэгдлийн дарга нь Аварзад гэдэг хүн байсан. Би Ариунаа, түүний ээж Цэвэлмаа нартай нэг фермд саальчин хийдэг байсан. Тус фермд арав гаран айл байдаг байсан бөгөөд тэдний нэг айл нь Ариунаагийнх байсан юм. Ариунаагийн аав нь Ядам гэж хүн байсан. Тэрээр тус фермд хонь хариулдаг байсан юм.... гэх мэдүүлэг,
гэрч ********* ...********** нь 1989 оны хавар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд тус сумын Бадрал нэгдэлд илгээлтийн эзнээр ирж саальчнаар ажиллаж эхэлсэн. Би тухайн үед тус нэгдэлд төлөг малладаг байсан. Нэгдлийн дарга нь Ү.Аварзад гэж хүн байсан юм. ********** нь нэгдэл тарах хүртэл буюу 1991 оны хавар хүртэл ажилласан. Ариунаа нь одоог хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд малаа маллаж байгаа.... гэх мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд **********гийн **********нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ********** нь 1990 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь №1715000419 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 25 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ***********гийн **********нэгдлийн 2 дугаар бригадад 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ