| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0789/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Б.О өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706015520223 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.О, 1995 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1757 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 15-894 тоотод оршин суух Д.Буянхишигийг гэртээ байхад нь дуудаж, нөхөр Ц.Жигжиддагватай хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэн түүний нүүрэн тус газар алгадах, самардах зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч Д.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим Отгонбулаг утсаар яриад дуудахаар нь би гарч ирээд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 15-894 тоотод байх манай гэрийн орчим уулзсан. Гэтэл Отгонбулаг хамт ажилладаг өөрийн нөхөр Жигжиддагвыг надтай хардаад бид хоёр маргалдан улмаар Отгонбулаг нь миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Би эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-9/,
Гэрч Ц.Жигжиддагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Буянхишиг над руу яриад танай эхнэр чинь гэрт найзтайгаа ирээд бид хоёрыг бураагаар ойлгож хардаад байна, чи эхнэртээ хэлээч, зүгээр байгаа хүнийг доромжлоод намайг алгадаж, нүүр хүзүү урчихлаа гэсэн. Тэр өдөр Отгонбулаг гэртээ ирээгүй, Тэгтэл маргааш нь 12 цагийн үед Отгонбулаг, Буянхишигт зодуулсан гээд цагдаад өргөдөл өгсөн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-11/,
Гэрч М.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Отгонбулаг утсаар яриад найзыгаа Хужирбулан хүргээд өгөөч гэсэн. Тэгээд уулзаад ярихад манай нөхөр Жигжиддагва өөр хүүхэнтэй болсон юм шиг байсан. Тэр хүүхэнтэй нь уулзах гэсэн юм, хамт ажилладаг гэсэн. Тэгээд хашааных нь ойролцоо очоод утсаар залгаад уулзсан. Машинаас 20-30 метрийн зайтай уулзаж байснаа гэнэт муудалцаад нэг нэгийгээ үсдэлцээд Отгонбулагийг доороо хийгээд алгадаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11062 дугаартай дүгнэлт:
1.Д.Буянхишигийн биед зүүн нүдний зовхи, зүүн чихний урд, дух, дээд мөчид, цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй. Гэсэн дүгнэлт /хх-17/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 15-894 тоотод оршин суух Д.Буянхишигийг гэртээ байхад нь дуудаж, нөхөр Ц.Жигжиддагватай хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэн түүний нүүрэн тус газар алгадах, самардах зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Д.Буянхишиг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР