Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/156     

 

           

 

 

                                           

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/59 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 2205000002075 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн Б.Б, .......................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд түр оршин суух, /РД: ................................/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 685 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо, 6 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч С.Эийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А12” загварын гар утсыг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч П.Эын эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий “Эл жи икс 6” загварын гар утсыг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг өү эйч-7” загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэргийн сэдэл зорилго” гэж, 1.6-д “гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж тус тус хуульчилсан байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлохгүйгээр, хэргийн зүйлчлэлийг хэргийн үйл баримтад нийцүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой ба гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг. Шүүгдэгч Б.Б нь гэмт санаа үйлдлээ хэрэгжүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч нарын эд зүйлийг буцааж өгөх санаа зорилгогүйгээр хууран мэхэлж авч, улмаар өөрийн эзэмшилд оруулсан нөхцөл байдал нь яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн зүйлчлэлд нийцэхгүй гэж шүүх дүгнэв. Иймд дээрх үндэслэлээр Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхтуул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг тусгасан ба тус бүлэгт заасан гэмт хэргүүдийн төсөөтэй шинж нь гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдгаараа ижил байдаг боловч “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн объектив тал буюу үйлдлийн арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээрээ ялгагдана. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд бүрмөсөн авч, хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй байдаг.

Харин залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж, төөрөгдсөний улмаас өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхээ сайн дураараа бүр мөсөн шилжүүлэн өгсөн байдаг ба нэг талаас хохирогч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шүүгдэгчид шилжүүлэн өгөхдөө урьдын харилцааны үр дүнд бий болсон нөхцөл байдлыг үнэлэн, түүнд итгэсний үндсэн дээр өгсөн байдаг бол нөгөө талаас, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон, өөрт нь итгэсэн байдлыг ашиглаж, хохирогчийг өөрт нь эд хөрөнгөө шилжүүлэн өгнө гэсэн болзолт санаагаар хандсан байхаар хуульчилсан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч нар нь шүүгдэгч Б.Бод өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүр мөсөн шилжүүлээгүй, эд хөрөнгөө авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад тэрээр дур мэдэн эд хөрөнгийг нь хохирогчийн зөвшөөрөлгүй, нүдэн дээр нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон буюу шүүгдэгч Б.Бын уг хууль бус үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байхад шүүхээс түүний үйлдлийг “залилах” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлохгүйгээр хэргийн зүйлчлэлийг хэргийн үйл баримтад нийцүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай зөрчилдөж байна гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлохгүйгээр хэргийн зүйлчлэлийг хэргийн үйл баримтад нийцүүлэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос өгсөн ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хуулийн шаардлагуудыг хангасан.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжид хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжид хохирогч нь эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлж өгсөн үйлдэл хамаардаг.

Яллагдагч Б.Бод холбогдох хэргийн хувьд, насанд хүрээгүй хохирогч нар гар утсаа түр хэрэглүүлэхээр өгсөн нөхцөл байдал байгаагаас үзэхэд хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байсан байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ. 

 

Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/59 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхтуулын бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР