Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2024/0017/З |
Дугаар | 115/ШШ2024/0017 |
Огноо | 2024-08-23 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 115/ШШ2024/0017
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай прокурорын дүгнэлтээр, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн Гд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц би, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г “Чнь 2024 оны 05 дугар сарын 30-ны өдөр Иххэт сумын нутаг дэвсгэрээс байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүсэн” гэх зөрчлийн 03 дугаартай мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж холбогдогч Чт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:
Материалд авагдсан холбогдогч Чийн мэдүүлэг, чулуу хураан авсан тэмдэглэл зэргээр Чнь тусгай зөвшөөрөлгүй байгалийн өнгөт чулууг олборлосон зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Зөрчлийг шалгаад Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0705702 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Чт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгаж, шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон... бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, байгалиас түүсэн 2,980 кг чулуу нь өнгөт чулуу мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох, энэхүү чулууг түүснээс учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ болон чулууны үнэлгээг тогтоосны эцэст шийтгэл оногдуулах ёстой байтал үндэслэлгүйгээр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол" 1.2 дахь заалтад "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол", 1.3 дахь заалтад "зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх хэсэгт заасан зөрчлийн тухайд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана", 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана", 2-д "Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ", 4.3 дугаар зүйлийн 1-л заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ" гэж заасны дагуу холбогдогчийн хууль бусаар хөрөнгө орлого олсон эсэх, чулуу түүсний улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох, мөн түүсэн чулуу нь ямар чулуу болохыг тогтоосны эцэст шийтгэл оногдуулж шийдвэрлэх ёстой байсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хийгдсэний улмаас зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахгүйгээр хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүнд үндэслэлгүй шийтгэл оногдуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчим, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарч байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ггийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0705702 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Чт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Г би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0705702 дугаартай шийтгэлийн хуудсаар Чт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэх 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 27 дугаар Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Ц)-ын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай прокурорын дүгнэлтийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийхээр товлон зарласан.
Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г нь, прокурорын дээрх дүгнэлттэй холбогдуулан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа уг дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх бөгөөд түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор (Ц)-ын ирүүлсэн, “Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ггийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0705702 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Чт Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цийн ирүүлсэн, “Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн “иргэн Чт шийтгэл оногдуулсан шийдвэр болох 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0705702 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтийг, хариуцагч Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Г нь зөвшөөрснийг баталж, 115/2024/0017/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА