Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Д.Ц-н

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/0026/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Цнар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ц нь Г сумын хүүхдийн цэцэрлэгт 1975 оны 01 сарын 03-ны өдөр асрагчаар анх ажилд орсон. Ингээд Архангай аймгийн Багшийн сургуульд суралцах болсон учир 1976 оны 09 сарын 01-ний өдөр асрагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь Архангайн багшийн сургууль төгсөж ирээд Г сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар Аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 тоот тушаалаар анх ажилд орж энэ байгууллагадаа 2015 оны 11 сарын 26-ны хүртэл ажиллаж байгаад Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/63 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгохоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд Д.Ц намайг Х аймгийн Г сумын хүүхдийн цэцэрлэгт 1975 оны 01 сарын 03-ны өдрөөс 1976 оны 09 сарын 01 хүртэл, Гсумын 10 жилийн дунд сургуульд 1980 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Д.Ц   Х аймгийн Г  сумын хүүхдийн цэцэрлэгт 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагчаар, 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Х аймгийн Гсумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Х аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбар, Гсумын 10 жилийн дунд сургуулиас 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Ц-ийн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Гсумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр тушаалын хуулбар, Д.Ц-д 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон №063898 дугаартай, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №А246257 дугаартай, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №04336771 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбарууд, Х аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Д.Ц нь 1980 онд багшийн сургуулийг төгсөж ирээд 1980 оны 07 дугаар сарын 05-наас 2015 оны 11 дүгээр сарын 26-ыг хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг, Ардын боловсролын хэлтсээс 1981 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Д.Ц-д олгосон Талархал-ын хуулбар, Гсумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1980 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Ц-д олгосон Дурсамж-ийн хуулбар, Х аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны техник эдийн засгийн зөвлөлөөс Д.Цд олгосон Гэрчилгээ-ний хуулбар, Х аймгийн Г сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1976 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр захирамжийн хуулбар, гэрч Е.Тогтохбаярын ...Д.Ц нь 1980 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгсөж ирээд 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Х аймгийн Г сумын арван жилийн сургуульд бага ангийн багшаар томилогдон очиж 2015 оны 11 сарыг хүртэл тасралтгүй ажилласан. ...Би 1979-1982 онд Г сумын арван жилийн сургуульд , 1982-1988 онд Рэ сумын арван жилийн сургуульд, 1989-1996 оныг хүртэл Г сумын Зүрхийн бага сургуульд, 1996-2014 оныг хүртэл Гсумын арван хоёр жилийн ахлах сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ц-ийн ээж Д гэдэг хүн байж байгаад сүүлд Б гэдэг хүнтэй гэрлэсэн юм. Ц нь хөгшин ээж дээрээ өссөн. Д.Ц-гийн дүү нар нь Б гэж овоглодог юм. Тэгээд Д.Ц-гийн ажилд томилсон тушаал нь Б.Ц гэж гарсан байх... гэх мэдүүлэг, гэрч Д.Ө-ын Д.Ц1975 онд Х аймгийн Гсумын хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байгаад багшийн сургуульд явж ирээд Х аймгийн Г сумын 10 жилийн дунд сургуульд 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс бага ангийн багшаар томилогдон ирсэн. Би тус сургуульд 1975-1982 онд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад Ш сум руу шилжсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Цгийн Х аймгийн Гсумын хүүхдийн цэцэрлэгт 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагчаар 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Гсумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ц-ийн Х аймгийн Гсумын хүүхдийн цэцэрлэгт 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагчаар 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Х аймгийн Г сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ