| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/03417/И |
| Дугаар | 181/ШШ2024/04447 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/04447
2024 11 11 181/ШШ2024/04447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ........ аймаг, ....... сум, ....... багт байрлах К ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ............ дүүрэг, ............. хороо, ............. гудамж, .......... тоот хаягт байрлах МТУД ХХК /РД:...../-д холбогдох
11,514,800 төгрөг гаргуулах, барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт,
нэхэмжлэгч: ........ аймаг, .......... сум, ................ баг, ........ тоотод байрлах Н ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: .... дүүрэг, ... хороо, ... гудамж, ... тоотод байрлах МТУД ХХК /РД:...../ болон мөн хаягт оршин суух Г овогт Б.Ө /РД:......../ нарт холбогдох
80,046,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч А.Е, түүний өмгөөлөгч К.Ж , нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.С , хариуцагч болоод хариуцагчийн төлөөлөгч Б.Ө , түүний өмгөөлөгч Э.Ү нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч МТУД ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...а/ К ХХК нь МТУД ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, БӨ аймгийн Б сум, 1 дүгээр баг, спорт заалны барилгын каркас хийх, барих ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлэхээр тохирч, уг гэрээний 3.1-д зааснаар 71,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхээр болсон. Уг төлбөрийн 90 хувь буюу 63,900,000 төгрөгийг төлсөн.
МТУД ХХК нь уг ажлыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн боловч 6 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэж дуусгахаар хойшлуулах хүсэлт тавьсан. Ингээд каркасыг дутуу угсарч өнөөдрийг хүртэл бүрэн дуусгаагүй байна.
2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр каркасыг угсарч дууссан гэхээр нь очиж, хүлээлгэж өгсний дараа нэг бүрчлэн шалгахад ажлыг гэрээний хавсралтад зааснаас дутуу доголдолтой хийсэн нь тогтоогдсон. Дутуу гүйцэтгэсэн ажлууд болон түүний үнэлгээний тухайд:
С төмөр 15 ширхэг - 2,376,000 төгрөг, труба татуурга 6 ширхэг - 1,036,800 төгрөг, чих тавга 1000 кг - 4,800,000 төгрөг, туслах татуурга - 6,153,072 төгрөг, каркас угсрах үнэ - 50 хувь буюу 3,250,000 төгрөг, хоёр багана нь доороо 2 см дээд талдаа 10 см орчим хазайлттай, нийт 17,975,800 төгрөгийн ажлыг дуусгаагүй байгаа ба үүнээс гэрээний 3.2.5-д заасны дагуу төлөх эцсийн санхүүжилт 7,100,000 төгрөгийг хасвал 10,875,000 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн.
Уг ажлыг хурдан дуусгаж, үлдэгдэл төлбөр 7,100,000 төгрөгийг аваарай гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэхгүй хаяж явсан тул манай компани нь өөрт учирсан хохирлоо гаргуулж, бусад этгээдээр ажлыг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасны дагуу дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 10,875,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
б/ Алданги гаргуулах тухай:
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгүүлэх гэрээний 6.1-д гүйцэтгэгч тал энэхүү гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан ба МТУД ХХК нь өнөөдрийг хүртэл дутуу ажлаа гүйцэтгээгүй байгаа тул 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 90 хоногийн алдангид 639,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
в/ Барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай:
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, БӨ аймгийн Б сум, 1 дүгээр баг, спорт зааны барилгын каркас хийхээр тохирсны дагуу МТУД ХХК нь 63,900,000 төгрөгийг авсан. Уг үнийн дүнгийн 53,025,000 төгрөгтэй тэнцэх каркасыг угсарч байршуулж, манай компанийн өмчлөлд 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч шилжүүлсэн.
Уг каркасны үнийг бүрэн төлсөн тул ажлын үр дүн нь манай компанийн өмч юм.
МТУД ХХК нь ажлаа дутуу гүйцэтгэсэн, доголдлоо арилга гэсэн шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа боловч үлдэгдэл 7,100,000 төгрөгийг төлөхгүй бол каркасыг задалж, ачиж авч явах оролдлогуудыг хийгээд байна.
Тус компани нь тус аймгийн Б сумын Цагаан арал багт угсарсан каркасыг үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөөгүй гэх шалтгаанаар ачиж явж хулгайлсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ба манай компанийн өмчлөлд халдахаар байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгаж өгнө үү. ... гэв.
2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч МТУД ХХК болон Б.Ө од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2.1. ...Манай компани нь барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.3.1, 2.3.2 дугаар заалтуудын дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.
Дээрх зөвшөөрлийн хүрээнд Сургуулийн спорт заалын барилга /БӨ , Б сум 1, 3, 5 дугаар баг /Багц-2/ ажлын гэрээ, XIII.1.1.215 ажлын Б сумын 3 дугаар багийн Сургуулийн спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож захиалагч БӨ аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр №БШУЯ/202102100-2 дугаартай гэрээ байгуулсан.
Дээрх гэрээний дагуу Б сумын 3 дугаар багийн Сургуулийн спорт заалны барилгын ажлыг зуны улиралд эхлэхээр төлөвлөж барилгын каркас барих аж ахуйн нэгжүүдийг судалсан.
Энэ явцад Сургуулийн спорт заалын барилга /БӨ , Б сум 1, 3, 5 дугаар баг /Багц-2/ ажлын гэрээ, XIII.1.1.215 ажлын Б сумын 1 дүгээр багийн спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан К ХХК-ийн захирал А.Е тай холбогдсон.
А.Е нь Улаанбаатар хотод амьдардаг учир тэндээс аж ахуйн нэгж олох боломжтой байсан, би өөрөө БӨ аймагт амьдардаг учир Улаанбаатар хотод биечлэн очиж ажил хөөцөлдөх боломжгүй байсан учир А.Е тай холбогдсон байсан.
К ХХК-ийн захирал А.Е 2022 оны 5 дугаар сард МТУД ХХК-ийн захирал Б.Ө той харилцан тохиролцсон, тус компани нь 18м х 12м х 6h хэмжээтэй төмөр каркасыг гагнаж бэлдэж хар саарал өнгийн будгаар будах, дээрх каркасыг БӨ аймгийн Б сумын 3 дугаар багт тээвэрлэн ажлын талбайд угсрах ажлыг 78,170,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон, гэрээт ажлыг 2022 оны 5 дугаар сарын 03-наас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр болсон талаар надад мэдэгдсэн.
Би тухайн үед Улаанбаатар хотод өөрийн биеэр очих боломжгүй байсан учир тухайн компанитай гэрээ байгуулахыг А.Е аас хүссэний дагуу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр К ХХК-ийн захирал А.Е, МТУД ХХК-ийн захирал Б.Ө нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Гэрээний 3.2.2-т нийт ажлын хөлс болох 78,170,000 төгрөгийн урьдчилгаа 50 хувь буюу 39,085,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр төлнө гэсний дагуу 39,085,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирал Б.Ө ын Хаан банк дахь .......... тоот дансанд Я.Д миний Хаан банк дахь ...... тоот данснаас шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
Гэрээний 3.2.3-т хоёр дахь санхүүжилт 30 хувь буюу 23,451,000 төгрөгийг каркас ачигдах өдөр төлнө гэсний дагуу 2,500,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 20,951,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н ХХК-ийн Капитрон банк дахь данснаас гүйцэтгэх захирал Б.Ө ын Хаан банк дахь .......... тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
Гэрээний 3.2.4-т гурав дахь санхүүжилт 10 хувь буюу 7,817,000 төгрөгийг каркас ажлын талбайд хүргэгдсэн өдөр төлнө гэсний дагуу 7,817,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Н ХХК-ийн Капитрон банк дахь данснаас гүйцэтгэх захирал Б.Ө ын Хаан банк дахь .......... тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
МТУД ХХК-ийн холбогдох хүмүүс Улаанбаатар хотод бэлдсэн каркас төмрийг 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн спорт заалны барилга барих ажлын талбайд буулгаж, компанийн нярав Мендибайд хүлээлгэж өгч тэмдэглэл үйлдсэн байсан.
МТУД ХХК эхлээд К ХХК-ийн Б сумын 1 дүгээр багт барих спорт заалны каркас барилгыг угсарч дуусаад, дараа нь манай компанийн Б сумын 3 дугаар багт барих спорт заалны каркасыг угсрах ёстой байсан.
Гэтэл тус компани А.Е ын К ХХК-ийн Б сумын 1 дүгээр багт барих спорт заалны каркас барилгыг хийж гүйцэтгэх явцад хоорондоо маргаан гарсан учир манай захиалгат каркасыг барихгүйгээр орхиж манай захиалгаар нийлүүлсэн байсан С төмөр 90 ширхэг, 76 мм-ийн диаметртэй 6 м-ийн труба 6 ширхэг, 3 м-ийн труба 8 ширхэг, круг төмөр 32 ширхэг, 1 м-ийн урттай резба 30 ширхгийг ажлын талбайгаас ачиж явсныг замд нь саатуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Энэ гомдлыг БӨ аймгийн Цагдаагийн газраас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, прокурорт ирүүлснийг хяналтын прокурор А.Дорждэрэм хүлээн авч хянаад 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Бид энэ шийдвэрийг эс зөвшөөрч БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасан ба 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн.
Бид энэ шийдвэрийг мөн эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргасан ба 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2288 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор үүссэн маргаан байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэн.
Энэ хооронд МТУД ХХК-ийн холбогдох хүмүүс 2022 эны 9 дүгээр сарын 03-ны өдөр каркас барилгын үлдсэн материалуудыг ажлын талбайгаас ачиж явсан байна.
Ингэж хоёр компанийн хоорондын маргаантай асуудлаас болж манай компани гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн боловч хийгдсэн ямар ч ажилгүй болж хохирч үлдсэн.
МТУД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө той холбогдож утсаар ярихаар би чам шиг авгайг танихгүй, чамтай гэрээ байгуулаагүй, би мэдэхгүй гэж хэл амаар доромжлоод байна.
Манай компани нь Б сумын 3 дугаар багийн спорт заалны барилгын ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх ёстой байсан боловч МТУД ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж захиалгат ажлыг гэрээнд хийж гүйцэтгэх боломжгүй болж аргагүйн эрхэнд захиалагчид хүсэлт гаргаж гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгуулсан.
Манай компани нь гэрээ ёсоор нийтдээ 70,353,000 төгрөгийг МТУД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө ын дансанд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.
Гэтэл МТУД ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, Б сумын 3 дугаар багийн спорт заалны каркасны угсралтыг огт хийгээгүй, гэрээний дагуу бэлдсэн материалуудаа буцааж ачиж явсан учир манай компанийн шилжүүлсэн мөнгийг буцааж төлөх ёстой.
Гэрээ ёсоор МТУД ХХК нь тухайн барилгын каркасны угсралтын гэрээт ажлыг 2022 оны 5 дугаар сарын 03-наас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ёстой.
МТУД ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай компани захиалсан каркасыг бараа материалын хомсдолоос болоод бүрэн дуусаагүй байгаа учир ажил гүйцэтгэх гэрээний хоногийг 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгах хүсэлтээ илэрхийлсэн тул гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1 дэх хэсэгт Гүйцэтгэгч тал энэхүү гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон.
МТУД ХХК нь гэрээний дээрх зохицуулалтын хүрээнд манай компанид алданги төлөх ёстой.
Гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хэтэрсэн гэж тооцохоор 6 дугаар сард 16 хоног, 7 дугаар сард 31 хоног, 8 дугаар сард 31 хоног, 9 дүгээр сард 30 хоног, 10 дугаар сард нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 16 хоног, нийтдээ 124 хоног хэтэрсэн байна.
Хэтэрсэн 124 хоногийг 0.1 хувиар тооцоход нийтдээ 12.4 хувийн алданги төлөхөөр байна. Алдангийг гэрээний үнийн дүн 78,170,000 төгрөгөөр тооцоход 9,693,080 төгрөг /78,170,000х12.4%=9,693,080/ болж байна.
Иймд манай нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж МТУД ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлсэн 70,353,000 төгрөг, гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ хугацаанд гүйцэтгээгүй хугацааны алданги 9,693,080 төгрөг, нийт 80,046,080 төгрөг гаргуулж Н ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү.
2.2. ...ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлсэн 70,353,000 төгрөгийг МТУД ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ө ын хувийн дансанд шилжүүлсэн. Шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тохиолдолд дээрх 70,353,000 төгрөгийг дансанд нь мөнгө орсон үндэслэлээр хамтран хариуцагч Б.Ө оос гаргуулж өгнө үү. ... гэв.
3. Хариуцагч болоод хариуцагч МТУД ХХК-ийн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
3.1. ...нэхэмжлэгч К ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
Манай компани 2022 оны 6 дугаар сард БӨ аймаг руу явж каркас угсрах байсан. Тэгээд эхний ажлаа гүйцэтгэхээр 1, 3 дугаар багийн каркасаа ачаад манай компанийн 3 хүн очсон. 1 дүгээр багийн ажлыг бүрэн гүйцэд угсарсан. Тэгэхэд хүлээж аваад гээд манай ажилчдыг 48 цаг дайлж цайлаад дараагийн ажил дээр нь хүргэж өгсөн байдаг. Эхний ажлын хувьд каркасны суурь дээр 10 см-ийн зөрүү гарсан байгаа. Энэ хэний буруутай үйлдэл болохыг шалгаж үзэхэд зургийн компани дам нурууны огтлолын хэмжээг буруу тавьсны улмаас каркасны А нурууны хэмжээ 10 см-ээр богинодсон байсан. Үүнийг талууд харилцан ярилцаад захиалагч болон гүйцэтгэгчийн буруу биш, зургийн компанийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрөөд дараагийн ажил руугаа явсан. Ийнхүү очихын өмнө эхний ажлын үлдэгдэл санхүүжилтийг нэхэхэд манайхыг НӨАТ-аа шивчих гэсэн. Тухайн гэрээнд НӨАТ тусгагдаагүй боловч анхны гэрээний үнийн санал дээр НӨАТ тусгачихсан байсан. Тэгээд би 140,000,000 төгрөгийн НӨАТ-ыг К ХХК руу шивсэн. Дараагийн ажил дээр очиход К ХХК нь эхний ажлын үлдэгдэл санхүүжилтийг өгөлгүй 3 хоносон. Тэгэхээр нь манайх санхүүжилтээ удаа дараа шаардаж байгаад бараа материалаа татсан. Тухайн үед манай ажилчдыг дарамталж, баахан залуучуудаар бүслүүлж, цагдаагаас арга хэмжээ авхуулж, бараа материалыг битүүмжлүүлсэн. Тэгээд манай ажилчид БӨ аймагт санхүүжилт хийхийг хүлээж 14 хоног сул зогссон. Дараа нь цагдаагийн асуудал шийдэгдэж, манай ажилчид 2022 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрийн үеэр Улаанбаатар хотод буцаж ирсэн. Эдгээр хугацаанд манай компаниас тодорхой хэмжээний зардлууд гарсан.
Манайх каркасны бэлдэц, каркас угсралтын ажил хийсэн. 3 хүний 26 хоногийн цалин нийт 7,199,998 төгрөг, буудал, хоолны зардал 3,900,000 төгрөг, каркас хүргэх тээврийн зардал 3,000,000 төгрөг, буцаан тээвэрлэх зардал 6,000,000 төгрөг гарсан. Мөн эндээс кран авч очсон бөгөөд тээврийн болон түлшний зардал 6,000,000 төгрөг, БӨ аймгийн Цагдаагийн газарт хураагдсан материалыг татан авахад 800,000 төгрөгөөр 1 удаа, 300,000 төгрөгөөр 1 удаа нийт 1,100,000 төгрөг, түүнчлэн К ХХК-д 140,000,000 төгрөгийн НӨАТ-ын шивэлт хийж 14,000,000 төгрөгийн зардал, каркас угсарсан компанийн ашиг гэж 10,680,000 төгрөгийн зардал гаргасан байна. ...
3.2. ...нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх А.Е гэдэг хүн надтай ирж уулзаад 1, 2, 3 дугаар багийн каркасны ажил байна, угсруулах гэсэн юм, хоёр ажил хийх гэж байгаа, тийм болохоор тээврийнхээ зардлыг нэгээс нь хасаад, хоёр каркасаа хамт ачаад үнийн саналаа буулгаад ачуулъя гээд нэг нь 71 сая төгрөг, нөгөө нь 78 сая төгрөг байхаар үнийн санал гаргасан. Үүн дээр каркас угсралтын үнэ, ажилчдын байр, хоолны зардлыг очихоор даана гэсэн боловч даагаагүй. Н ХХК нь А.Е ад итгэмжлэл хийж өгөөд гэрээ хийлгүүлээгүй. А.Е нь бие дааж манай компанитай гэрээ хийсэн. Манайх А.Е ын компани руу НӨАТ-ыг шивсэн тул К ХХК-тай л гэрээ хийсэн гэж үзэж байна. ... гэв.
4. Хариуцагч МТУД ХХК нь нэхэмжлэгч К ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...К ХХК-тай БӨ аймгийн Б сумын 1, 3 дугаар багт 18x 12 х 6h буюу захиалагчийн зургийн дагуу Ажил гүйцэтгэх хоёр гэрээг 78,170,000 төгрөг, 71,000,000 төгрөгийн үнэтэй тус тус байгуулсан.
Манай зүгээс Ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2 гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэн бүрэн хүлээлгэж өгсөн. Хүлээлгэн өгөх акт дээр гарын үсэг зураад өгнө гэж авсан боловч буцааж өгөөгүй.
К ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.2, 3.2.3, 3.2.4-т зааснаар 63,900,000 төгрөг шилжүүлсэн, харин 3.2.5-т заасан эцсийн санхүүжилт болох 10 хувь буюу 7,100,000 төгрөгийг шилжүүлээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т захиалагч тал энэхүү гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй ... хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэсний дагуу 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 450 хоногийн алданги 3,195,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Манай тал гэрээний үүргийн дагуу 1 дүгээр багийн каркасаа угсраад хүлээлгэн өгөөд санхүүжилт, тээврийн зардал, угсралтын үнийг нэхэмжилсэн боловч өнөөдөр маргааш гэж худал ярьсаар манай компани санхүүжилт хүлээж 14 хоног БӨ аймагт сул зогсож, ажилчдын цалин, буудал, хоолны зардал гаргаж, төлөвлөсөн ажлаа алдаж, тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Мөн дараагийн ажил буюу 3 дугаар багийн ажлын материалаа буцаан татаж нэмэлт зардлууд гарсан. Уг зардал нь К ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал байх тул К ХХК-иас нэхэмжилж байна. 3 дугаар багийн ажлыг хийсэн 3 хүний 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 26 хоногийн цалин 7,199,998 төгрөг, ажилчдын буудал, хоол, хэрэглээний зардал 3,900,000 төгрөг болсон. Нийт 21,349,998 төгрөг гаргуулан МТУД ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. ... гэв.
5. Нэхэмжлэгч К ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...К XXК нь МТУД ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, БӨ аймгийн Б сум, 1 дүгээр баг, спорт заалны барилгын каркас хийх, барих ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгүүлэхээр тохирч, уг гэрээний 3.1-д зааснаар 71,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхээр болсон. Уг төлбөрийн 90 хувь буюу 63,900,000 төгрөгийг төлсөн.
Хариуцагч компани нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/10/27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 27,502,723 төгрөгийн үнэлгээтэй ажлыг дутуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон ба энэ нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болохыг бүрэн баталж байна.
2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 3.2.5-т заасны дагуу эцсийн санхүүжилт болох 10 хувь буюу 7,100,000 төгрөгийг каркас угсрагдаж дуусахад төлнө гэж тус тус заасан тул ажлыг бүрэн дуусгаагүй тул аливаа алданги, төлбөр төлөх үндэслэлгүй.
Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлсөн бөгөөд ямар нэгэн үүргээ зөрчөөгүй. 14 хоног БӨ аймагт сул зогсож, ажилчдын цалин, буудал, хоол төлөвлөсөн ажпаа алдаж, тодорхой хэмжээний алдагдал цаг хугацаа алдсан гэсэн нь худал, ямар ч баримтгүй бөгөөд манай компанийн үйл ажиллагаанд огт хамааралгүй юм.
Алданги 3,195,000 төгрөг болон 26 хоног ажилласан 7,199,998 төгрөг, ажилчдын буудал, хоолны зардал 3,900,000 төгрөг, нийт 21,349,998 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар нэгэн баримтгүй, үндэслэлгүй байна. уг нэхэмжлэлд бичсэн дүн нь тооцооллын алдаатай байхаас гадна нэхэмжпэлийн үндэслэлийг нотлох баримтгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр 21,349,998 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ... гэв.
6. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
6.1. нэхэмжлэгч К ХХК-иас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МТУД ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбар, Хаанбанк дахь А.Е ын эзэмшлийн ........дугаартай /2022.5.03, 2022.5.04, 2022.6.20, 2022.6.27, 2022.6.28/ дансны хуулга, Ард кредит ББСБ дахь А.Е ын 110027241949 дугаартай /2023.10.13, 2023.10.19, 2023.10.25, 2023.10.27/ дансны хуулга /1хх 4-14, 240/-ыг,
6.2. нэхэмжлэгч Н ХХК-иас: Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Б д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, БӨ аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №БШУЯ/202102100-2 дугаар Сургуулийн спорт заалын барилга /БӨ , Б сум 1, 3, 5 дугаар баг Багц-2/ ажлын гэрээ, XIII.1.1.215, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах тухай нэмэлт гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбарууд, К ХХК, МТУД ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбар, МТУД ХХК-иас К ХХК-д хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр каркасны материал хүлээлцсэн жагсаалт бүхий гар бичмэлийн хуулбар, Хаанбанк дахь Я.Дгийн эзэмшлийн ...... дугаар /2022.5.05/, Капитронбанк дахь Н ХХК-ийн эзэмшлийн MN790030003005010483 дугаар /2022.6.24, 2022.6.28, 2022.6.29/ дансны хуулгууд, БӨ аймгийн Б сумын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, БӨ аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, БӨ аймгийн Прокурорын газраас Н ХХК-д хүргүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай гомдлын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Улсын Ерөнхий Прокурорын газраас Я.Д д хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2288 дугаартай гомдлын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тэрбиш, А.Е нараас 2022 оны 7 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, өмгөөлөгч Ш.С тэй байгуулсан 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №24/02-01 дүгээр Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ББКД-83-0008/24 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар /1хх 50-75, 86-87, 168-169, 2хх 56-58/-ыг,
6.3. хариуцагч талаас: МТУД ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БӨ аймаг, Б сум, 3 дугаар баг спорт заалны барилгын зургийн хувилсан хувь, ажил гүйцэтгэх үйл явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, А.Е, Б.Ө нарын хооронд харилцсан гэх захидал /message/-ын гэрэл зургийн үзүүлэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйцэтгэсэн ажлын зардлын тооцоолол, К ХХК-тай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбарууд, 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн баримт /НӨАТ/, К ХХК-д үнийн санал и-мэйлээр илгээсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17, 172-206, 230-239/-ийг тус тус гаргаж өгсөн.
6.4. зохигч талуудын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/16127 дугаартай захирамжийн дагуу:
- шинжээч Т ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №23/10/27 дугаартай дүгнэлт /1хх 128-159/-ийг,
хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/02401 дугаартай захирамжийн дагуу:
- 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Суурь хийсэн актын хуулбар,
- А.Е, Б.Ө нарын хооронд харилцсан гэх захидал /message/-д 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 241, 2хх 1-32/-ийг тус тус бүрдүүлсэн.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч МТУД ХХК-д холбогдуулан 11,514,800 төгрөг гаргуулах, барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...манай компани нь МТУД ХХК-тай БӨ аймаг, Б сум, 1 дүгээр багийн Спорт заалны барилгын каркас хийх, барих ажлыг гүйцэтгүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаанд нь доголдолгүй хийж гүйцэтгээгүй тул дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 10,875,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 90 хоногийн алданги 639,000 төгрөгийн хамт гаргуулна. Мөн захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн буюу угсарсан каркасаа буцаан задалж, авч явж болзошгүй байгаа тул өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгана уу... гэжээ.
3. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч МТУД ХХК-д холбогдуулан 80,046,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба мөн тус ХХК-ийн захирал Б.Ө ыг хамтран хариуцагчаар татаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...манай компани БӨ аймаг, Б сум, 3 дугаар багийн Спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод оршин суух К ХХК-ийн захирал А.Е аас МТУД ХХК-тай гэрээ байгуулахыг хүссэний дагуу талууд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч тал бэлдсэн каркас төмрөө манай ажлын талбайд буулгасан байсан боловч 1 дүгээр багийн Спорт заалны барилгын каркасыг хийж гүйцэтгэх явцад маргаан гарснаар манай захиалгат каркасыг барилгүй орхиж, улмаар материалуудаа ачиж аваад явсан. Иймээс ажлын хөлсөнд шилжүүлсэн 70,353,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 15-наас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 124 хоногийн алданги 9,693,080 төгрөгийн хамт МТУД ХХК-иас гаргуулна. Хэрэв талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзвэл ажлын хөлсийг өөрийн хувийн дансаар дамжуулан авсан Б.Ө оос гаргуулна... гэжээ.
4. Хариуцагч МТУД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр үгүйсгэж, нэхэмжлэгч К ХХК-иас 21,349,998 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:
...манай компани К ХХК-тай байгуулсан гэрээний дагуу БӨ аймаг, Б сум, 1 дүгээр багийн Спорт заалны барилгын каркас хийх, барих ажлыг гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсөн боловч ажлын хөлсний үлдэгдэл болох 7,100,000 төгрөгийг шилжүүлээгүй. Барилгын зургийг гаргасан компанийн алдаанаас шалтгаалан каркасны хэмжээ зөрсөнд манай буруу байхгүй. К ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс дараагийн 3 дугаар багийн Спорт заалны каркас барих ажил хүлээгдэж, манай ажилчид сул зогссон. Улмаар төлөвлөсөн ажил, цаг хугацаагаа алдаж 3 дугаар багийн ажлын материалаа буцаан татаж нэмэлт зардлууд гарсан. Иймээс ажлын хөлсний үлдэгдэл 7,100,000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 450 хоногийн алданги 3,195,000 төгрөг, ажилчдын 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 26 хоногийн цалин 7,199,998 төгрөг, энэ хугацааны буудал, хоол, хэрэглээний зардал 3,900,000 төгрөгийн хамт К ХХК-иас гаргуулна. Манайх Н ХХК-тай гэрээ байгуулаагүй тул тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэжээ.
5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын маргаагүй тайлбараас үзвэл:
5.1. Барилга угсралтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий К ХХК, Н ХХК-иуд нь БӨ аймаг, Б сумын 1, 3 дугаар багийн сургуулийн спорт заалны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тус тус шалгарсан гэх бөгөөд тус бүрийн барилгын каркас хийх, барих ажлыг МТУД ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /1хх 5, 50, 54-57/
5.2. Эдгээр гэрээгээр гүйцэтгэгч МТУД ХХК нь 18мХ12мХ6h хэмжээтэй төмөр каркасыг гагнаж бэлдэж хар саарал өнгөөр будах, улмаар тээвэрлэн ажлын талбайд угсрах ажлыг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч К ХХК нь 1 дүгээр багийн ажлын хөлс 71,000,000 төгрөг /НӨАТ-гүй/, 3 дугаар багийн ажлын хөлс 78,170,000 төгрөг /НӨАТ-гүй/-ийг үе шаттайгаар хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Улмаар гүйцэтгэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэх хугацаа 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгагджээ. /1хх 6-10, 58-63/
5.3. К ХХК-ийн захирал А.Е нь Хаан банк дахь өөрийн ........дугаарын данснаас МТУД ХХК-ийн захирал Б.Ө ын тус банк дахь .......... дугаарын дансанд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг karkaz geree kurkem ХХК ......... гэсэн утгаар, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15,500,000 төгрөгийг 1-r bag zaal karkaz 99096432 гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 11,300,000 төгрөгийг kurkem ХХК aas karkaznii une гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг К ХХК 30%-ийн үлдэгдэл 1-р баг гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 7,100,000 төгрөгийг К ххк каркас 1-р баг 10% гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 63,900,000 төгрөгийг төлжээ. /1хх 11-14/
5.4. МТУД ХХК нь 1 дүгээр багийн спорт заалны каркасыг хийж, ажлын талбайд угсарснаар 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр К ХХК-д хүлээлгэн өгсөн байна.
5.5. Н ХХК-ийн захирал Я.Д нь тухайн үед орон нутгаас биеэр очих боломжгүйн учир Улаанбаатар хотод оршин суух К ХХК-ийн захирал А.Е аас МТУД ХХК-тай дээрх гэрээг байгуулахыг хүссэн гэх бөгөөд Хаан банк дахь өөрийн ......, Капитрон банк дахь компанийн MN790030003005010483 дугаарын данснаас МТУД ХХК-ийн захирал Б.Ө ын тус банк дахь .......... дугаарын дансанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 39,085,000 төгрөгийг БӨА Б 3-Р БАГ 99427224 гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөгийг мат үнэ гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 20,951,000 төгрөгийг Н ХХК /......./ Арматурын үнэ гэсэн утгаар, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 7,817,000 төгрөгийг Төмөр каркас 3-р баг гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 70,353,000 төгрөгийг төлжээ. /1хх 65-68/
5.6. МТУД ХХК нь 3 дугаар багийн спорт заалны каркасыг хийж, ажлын талбайд тээвэрлэн 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Н ХХК-тай хүлээлцсэн байна. /1хх 64/
6. Дээрх үйл баримтад үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
6.1. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хэлбэрийг хуулиар тогтоогоогүй ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
6.2. Нэхэмжлэгч К ХХК, хариуцагч МТУД ХХК-ийн хооронд бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон бол нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч МТУД ХХК-ийн тухайд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлснээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хэлцэл хийгджээ.
7. Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:
7.1. Талуудын хооронд ажлын гүйцэтгэл, түүнд тооцогдох зардал, үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар маргаантай байна.
7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, талуудын хүсэлтийн дагуу Т ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд үнэлгээчин Д.О нь үнэлгээчин К.Е т, төсөвчин Д.Ж нарын хамт ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж шалган үзлэг, хэмжилт хийж, талуудын хоорондох Ажил гүйцэтгэх гэрээ, барилгын зураг төсөв, ил далд ажлын акт зэргийг судлаад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №23/10/27 дугаартай дүгнэлтийг гаргажээ. /1хх 129-159, 241/
7.3. Үүнд ...С төмөр 15 ширхэг дутуу хийгдсэн /2,376,000 төгрөг/, каркас туслах татуурга 1356.89 кг дутуу хийгдсэн /6,513,072 төгрөг/, каркас чих таваг 1000 кг дутуу хийгдсэн /4,800,000 төгрөг/, К труба 6 ширхэг дутуу хийгдсэн /1,036,800 төгрөг/ ... материалын дүн 14,725,872 төгрөгөөр тогтоолоо... гэж дүгнэсэн байна.
7.4. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигч талууд шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүйн гадна, аливаа байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.5. Шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр ажлын гүйцэтгэлийг тооцож, нэхэмжлэгч К ХХК-иас гаргаж өгсөн Ажил гүйцэтгэх гэрээ /хавсралтын хамт/-ний хуулбарыг шүүх хуралдааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувьтай нь тулгаж, хэргийн бусад нотлох баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн болно.
7.6. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг ба тухайн тохиолдолд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэхээр байна.
7.7. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан.
7.8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ажлын үр дүнгийн талаар гомдлын шаардлага гаргах хугацаа тохиролцоогүй тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаа үйлчилнэ.
7.9. Нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш боломжит хугацааны дотор хариуцагчид доголдлыг арилгуулах талаар шаардлага тавихад эс зөвшөөрч, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар уг доголдлыг арилгахтай холбогдсон зардал буюу дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 10,875,000 төгрөгөө шаардсаныг нь буруутгах үндэслэлгүй байна. /2хх 1-6/
7.10. Түүнчлэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой.
7.11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д гүйцэтгэгч тал энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан тул нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 90 хоногийн алданги 639,000 төгрөг /7,100,000х0.1%/-ийг шаардсан нь үндэслэлтэй.
7.12. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч байгууллагын ажилчид Н ХХК-ийн ажлын талбайд буулгасан байсан каркасны материалуудыг буцаан авч явсан талаарх гомдол, мэдээллийг Баян-Өлзий аймаг дахь Цагдаагийн газраас шалгаад, тус аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Энэ талаарх үйл баримтыг нэхэмжлэгч К ХХК нэхэмжлэлдээ тусгаж, барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай шаардлага гаргасан байна. /1хх 69-75, 86-87/
7.13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэг зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлдэг.
7.14. Өмчлөгч нь өөрийн хөрөнгийг аливаа этгээдээс хамгаалах эрхтэй ба хуулиар зохицуулснаас /тухайлбал, Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах замаар/ бусад тохиолдолд өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр уул эрхээ хамгаалах эрхийг өөрөө хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зохицуулсан шаардах эрх үйлчлэх бөгөөд энэхүү эрхийг шүүхэд хандах замаар хэрэгжүүлдэг.
7.15. Гэвч тухайн зүйл нь эрх зөрчигдсөнийг сэргээн тогтоох зорилготойн учир нэхэмжлэгч К ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагчийн зүгээс өмчлөх эрхэд нь халдах оролдлого хийсэн гэж шууд үзэхээргүй байна.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8.1. Дээр дурдсанчлан хариуцагч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх зэргээр гэрээний 5.1, 5.6, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.2.5-д заасан эцсийн санхүүжилт болох 7,100,000 төгрөгийг, гэрээний 6.2-т зааснаар тооцсон алданги 3,195,000 төгрөг болон бусад хохирол шаардах эрхгүйн гадна, ажилчдын цалин, хоол хүнс, орон байр, хэрэглээнд зарцуулсан гэх 11,099,998 төгрөгийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүйг дурдах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:
9.1. Хариуцагч гүйцэтгэсэн ажлаа буюу угсрахаар бэлдсэн барилгын каркасны материалаа нэхэмжлэгч Н ХХК-ийн ажлын талбайгаас буцаан татсан үйл баримтад талууд маргаагүй.
9.2. Өөрөөр хэлбэл, өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж үзэх бодит үйл баримт нэгэнт тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзлээ. /2хх 57-58/
9.3. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэйн гадна, тухайн тохиолдолд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн асуудал яригдахгүй.
9.4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ө од хариуцуулах үндэслэлгүй байна. Учир нь, гэрээний гүйцэтгэгч тал болох МТУД ХХК-ийн захирал тэрээр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн харилцах дансаар хүлээн авсан явдал түүнийг гүйцэтгэгчээр тодорхойлох нөхцөл биш болно.
10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч МТУД ХХК-иас 11,514,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д, 70,353,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай хэсгийг, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,693,080 төгрөг болон хариуцагч Б.Ө од холбогдох хэсгийг, хариуцагч МТУД ХХК-ийн 21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасанд нийцнэ.
Шинжээчийн ажлын хөлсний тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар мөн хуваарилагдах бөгөөд нэхэмжлэгч К ХХК-ийн захирал А.Е нь Ард кредит ББСБ дахь өөрийн 110027241949 дугаарын данснаас үнэлгээчин К.Е тын Хаан банк дахь 5099421155 дугаарын дансанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг Erbolat гэсэн утгаар, төсөвчин Д.Ж ын Хаан банк дахь 5014348004 дугаарын дансанд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөгийг tusuv гэсэн утгаар, үнэлгээчин Д.О ы Хаан банк дахь 5127104614 дугаарын дансанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөгийг К ХХК үнэлгээний хөлс гэсэн утгаар тус тус шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /1хх 240/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 1... зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТУД ХХК-иас 11,514,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д, 70,353,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барилгын каркасны өмчлөх эрхэд халдахгүй байхыг даалгах тухай хэсгийг, нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,693,080 төгрөг болон хариуцагч Б.Ө од холбогдох хэсгийг, хариуцагч МТУД ХХК-ийн 21,349,998 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХХК-иас төлсөн 269,400 төгрөг, нэхэмжлэгч Н ХХК-иас төлсөн 558,181 төгрөг, хариуцагч МТУД ХХК-иас төлсөн 264,670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТУД ХХК-иас тэмдэгтийн хураамжид 199,187 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд 350,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д, тэмдэгтийн хураамжид 509,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН