| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0585/Э |
| Дугаар | 749 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Б.Баасанцэнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баярмагнай,
шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт И.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000299 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн И.Д, 1998 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа эрчим хүчний сургуулийн дулааны инженжерийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 104 дүгээр байрны 43 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч И.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд Nissan X-Trail маркийн 65-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваа.” 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхийг хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх,” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Мөнхнасангийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Ж.Отгонцэцэг, Б.Баасанцэнд нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч И.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эрчим хүчний сургуулийн оюутны зөвлөлийн найзуудтайгаа хамт салхинд гарах гээд аавынхаа машиныг авч 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09.00 цагийн орчим ШУТИС-ийн үүдэнд ирсэн. Сургуулийнхаа үүднээс Баасанцэнд, Отгонцэцэг, Даваа-Очир нарыг суулгаж, Тэнгис кино театрын үүднээс Мөнхнасанг авахаар хөдөлсөн. Тэгээд Мөнхнасанг аваад Баянзүрх дүүргийн товчоо гарсан. Бид нар нийт 3 машинтай хамт явж байсан. Миний урд явж байсан 2 машинд дээд курсын ах нар явж байсан. Би зам мэдэхгүй байсан учраас 2 машины дунд нь орох гээд урд байсан машинаа гүйцэж түрүүлэх гэж хурдаа нэмсэн. Ингээд өөдөөс машин ирж байсан тул жолооны хүрдийг хажуу тийж дарж, машин тэнцвэрээ алдаж онхолдсон. Миний буруутай үйл явдлаас болж энэ хэрэг гарсан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Мөнхнасанд 2.690.000 төгрөг, хохирогч Отгонцэцэгт 5.590.000 төгрөг, Баасанцэндэд 5.910.350 төгрөг нийт 14.190.350 төгрөгийг одоогийн байдлаар хохирогч нарт төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Б.Баасанцэнд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Давааням Өргөөгийн ард ирчихлээ гэж намайг гэрээс дуудаж аваад явсан. Бид нар өглөө 09.00 цагийн үед сургуулийн гаднаас хөдөлсөн. Шатахуун түгээх газар хамт явах 2 машинаа хүлээж байгаад хамт хөдөлсөн. Үүнээс хойш би ослын талаар юу ч санахгүй байгаа. Миний нэг нүд юу ч харахгүй болсон мөн баруун хөл, гар маань саажилттай болсон болохоор надад маш хэцүү байна. Би Даваанямд гомдолтой байна. Надад 6.898.500 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 4.700.000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэж байна. Миний нэг нүд хараагүй болсон тул 70.000.000 төгрөгөөр, нөгөө нүд 50 хувиар хараагаа алдсан тул 30.000.000 төгрөгөөр үнэлж байна мөн сэтгэл санааны хохирол гэж 50.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний охин энэ ослийн улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Нэг нүд нь хараагүй болсон, нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа. Гэмтлийн улмаас менэнгит өвчин тусч биед нь саажилт үүссэн. Маш хэцүү байна. Монгол болон бусад улсад нүд хараагүй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар хандаж үзэхэд хохирогчийн өвчтний түүхийг үзээд мэс хүргэх ямар ч боломжгүй, мэс хүргэх тохиолдолд хохирогчийн амь нас эрсдэж болзошгүй гэдэг хариу өгсөн. Хохирогч насан туршдаа тахир дутуу болчихоод байна. Хохирогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэл гаргаж өгсөн. Шүүгдэгчээс нийт 150 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн ээж нь байгаа юм манай охин Баасанцэнд нь айлын том хүүхэд. Уг ослоос болж зүүн нүд нь юм харахгүй байгаа. Баруун нүд тал харж байгаа. Мөн ослын улмаас олон ясны хугарлаас болж миненгэт үүссэн. Одоо миний охин босч явахад хүндрэлтэй биеийн баруун хэсэг нь саажилттай болсон байгаа. Баримтаар эмчилгээнд 1.647.350 төгрөг, сүүлд нь 14.000 төгрөг эм авсан нийт 1.661.350 төгрөг зарцуулсан…хичээлдээ явж чадаагүй үүний кредитийн төлбөр болох 1.287.500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд нийт 2.948.850 төгрөгийг нэхэмжилж байгаа…Гомдолтой л байна. Хүүхдээ эрүүл болгож авмаар байна…хойшид гаргах эмчилгээний зардлаа буруутай жолоочоос нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх78-79/,
Хохирогч Ж.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хонхорын зам руу дөнгөж орох үед Давааням нилээн хурдтай өндөр хааз өгөөд явсан. Тэгээд хэсэг явж байгаад Давааням урд талийн автомашиныг гүйцэд түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон. Энэ үед өөдөөс нэг суудлын автомашин...ирж байсан ба Давааням сөрөг урсгалын машин руугаа тулж очоод зүүн тийшээ үрүүлээ дараад жалга руу ороод л онхолдсон...Уг нь эсрэг урсгал руу орох үед өөдөөс машин харагдаж байсан ба Даваанямд хэрэггүй ээ амжихгүй гэж хэлсээр байхад л зүтгэсээр байгаад гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд амжилгүй зүүн тийш үрүүлээ дарж онхолдсон...дугуй хагарах ямар нэг үрүүл булаах асуудал гараагүй. Эсрэг урсгалын машин руу тулж очоод л хажуу тийш дараад онхолдсон…Их л хурдтай явж байсан байх…Миний эмчилгээний зардал баримтаар 4.463.132 төгрөгийн хохирол гарсан, мөн ослын улмаас хичээлдээ явж чадаагүй сургууль завсардсан кредитийн төлбөр 1.287.500 төгрөг гарсан нийт 5.750.632 төгрөгийн хохирол учруулсанаас 5.589.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа үүнээс 5.340.000 төгрөгийг жолооч Давааням төлж барагдуулсан. Одоо 250.000 төгрөгийн хохирлыг данс руу шилжүүлж хохиролгүй болгож өгнө гэж тохиролцсон байгаа…одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй…” гэсэн мэдүүлэг. /хх70-72/,
Хохирогч Г.Мөнхнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “…машинд урд суудалд жолоочийн хажууд Даваа-Очир, би хойд суудалд жолоочийн ард буюу баруун хаалган талд суусан, миний хажууд Баасанцэнд, зүүн хаалган талд Отгонцэцэг суусан байсан…замд явж байтал гэнэт машин дайвалзаад гулсаад онхолдсон. Би тухайн үед яагаад онхолдсныг мэдээгүй цүнхнийхээ цахилгааныг машин дотор унагаагаад хайж байтал гэнэт ийм зүйл болсон…Баримтаар 940.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсаныг жолооч Давааням нь төлж барагдуулсан. Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 201.000 төгрөгөөр эм авсан. Би одоо эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээний гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна гомдолгүй гэж хэлж чадахгүй…” гэсэн мэдүүлэг. /хх84-85/,
Гэрч Н.Даваа-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…өөдөөс эсрэг урсгалаас жижиг хар өнгийн машин…гараад ирсэн тэгээд гүйцэж түрүүлж амжихааргүй болоод Давааням машинаа баруун тийш нь огцом дартал машин нь шарваал тэгээд мөн тэнцвэрээ олох гээд нөгөө тийшээ дараад л тэгээд л машин шарвалт өгөөд замын зүүн тал руу гараад онхолдсон…Машин гүйцэд түрүүлэх үедээ нилээн хурдтай л явж байсан гэхдээ би хурд хэмжигчийг хараагүй…Энэ ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй, тийм болохоор миний хувьд ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй…эсрэг урсгалаас жижиг хар машин ирж байсан, тэр машинаас амжиж урдаа явсан машиныхаа урд орох гээд л жолооны хүрдээ хүчтэй дараад л осол болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-96/,
Шинжээчийн №5217 дугаартай дүгнэлт:
1.Б.Баасанцэндийн биед дух, яс, баруун, зүүн нүдний ухархай дээд, доод, дотор, доод хана, гайморын хөндийн дотор, гадна хана, хамар ясны хугарал, тархины дух хэсгийг суурийн цус хуралт, тархи доргилт, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. гэсэн мэдүүлэг. /хх-115/,
Шинжээчийн №5218 дугаартай дүгнэлт:
1.Ж.Отгонцэндийн биед баруун 3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун уушигны бүрэн бус авчийлт, цээжний хөндийд цус, хий хуралт, баруун, зүүн уушги, элэгний няцрал, хүзүү, эрүү, бүсэлхийн цус хуралт, дух, баруун хацар, зүүн чамархай, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. гэсэн мэдүүлэг. /хх-118/,
Шинжээчийн №917 дугаартай дүгнэлт:
1.Г.Мөнхнасангийн биед 2017 оны 05 дугаар сарын 11-ний Соронзон үелзүүрт томографийн зургаар ¹5413 тоот дүгнэлтэнд тусгагдаагүй бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саргиулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3.Уг гэмтэл нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой.” /хх123-124/,
Шинжээчийн №3628 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн Nissan X-Trail маркийн 65-42 УНА улсын дугаартай автомашин...” 3. “...эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна”. 4. Баруун талын урд, хойд дугуйнууд хийгүй байсан нь ослын үед автомашин өнхөрөх, онхолдох үед ташуу чиглэлд гахах хүчний үйлчлэлээр гажилтанд орж хаймар дугуй, ободны хооронд зай гарч хий алдсан байна....” гэх дүгнэлт. /хх180-183/,
Шинжээчийн №246 дугаартай дүгнэлт: “1.Nissan X-Trail маркийн 65-42 УНА улсын дугаартай автомашины жолооч И.Давааням нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваа.” 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхийг хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзлошгүй эсэх,” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” /хх-193/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх10-15/, хохирогч Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх70-72/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасанцэндийн мэдүүлэг /хх78-79/, хохирогч Г.Мөнхнасангийн мэдүүлэг /хх84-85/, гэрч Н.Даваа-Очирын мэдүүлэг /хх-96/, шинжээчийн №5217, 5218, 917, 3628, 246 дугаартай дүгнэлтүүд, гэрч Ө.Золбоогийн мэдүүлэг /хх-104/, хохирогч Б.Баасанцэндийн хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч И.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд Nissan X-Trail маркийн 65-42 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваа.” 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхийг хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзлошгүй эсэх,” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Мөнхсайхангийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Ж.Отгонцэцэг, Б.Баасанцэнд нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Б.Баасанцэндийн: “ 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр …шатахуун түгээх газар хамт явах 2 машинаа хүлээж байгаад хамт хөдөлсөн. Үүнээс хойш би ослын талаар юу ч санахгүй байгаа. Миний нэг нүд юу ч харахгүй болсон мөн баруун хөл, гар маань саажилттай болсон болохоор надад маш хэцүү байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Отгонцэцэгийн: “...Хонхорын зам руу дөнгөж орох үед Давааням нийлээн хурдтай өндөр хааз өгөөд явсан. Тэгээд хэсэг явж байгаад Давааням урд талийн автомашиныг гүйцэд түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон. Энэ үед өөдөөс нэг суудлын автомашин...ирж байсан ба Давааням сөрөг урсгалын машин руугаа тулж очоод зүүн тийшээ үрүүлээ дараад жалга руу ороод л онхолдсон...Уг нь эсрэг урсгал руу орох үед өөдөөс машин харагдаж байсан ба Даваанямд хэрэггүй ээ амжихгүй гэж хэлсээр байхад л зүтгэсээр байгаад гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд амжилгүй зүүн тийш үрүүлээ дарж онхолдсон” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Мөнхнасангийн: “…машинд урд суудалд жолоочийн хажууд Даваа-Очир, би хойд суудалд жолоочийн ард буюу баруун хаалган талд суусан, миний хажууд Баасанцэнд, зүүн хаалган талд Отгонцэцэг суусан байсан…замд явж байтал гэнэт машин дайвалзаад гулсаад онхолдсон. Би тухайн үед яагаад онхолдсныг мэдээгүй цүнхнийхээ цахилгааныг машин дотор унагаагаад хайж байтал гэнэт ийм зүйл болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Даваа-Очирын: “…өөдөөс эсрэг урсгалаас жижиг хар өнгийн машин…гараад ирсэн тэгээд гүйцэж түрүүлж амжихааргүй болоод Давааням машинаа баруун тийш нь огцом дартал машин нь шарваал тэгээд мөн тэнцвэрээ олох гээд нөгөө тийшээ дараад л тэгээд л машин шарвалт өгөөд замын зүүн тал руу гараад онхолдсон. “…эсрэг урсгалаас жижиг хар машин ирж байсан тэр машинаас амжиж урдаа явсан машиныхаа урд орох гээд л жолооны хүрдээ хүчтэй дараад л осол болсон...” гэх мэдүүлэг,
Шинжээчийн №5217 дугаартай дүгнэлтээр “1. Б.Баасанцэндийн биед дух, яс, баруун, зүүн нүдний ухархай дээд, доод, дотор, доод хана, гайморын хөндийн дотор, гадна хана, хамар ясны хугарал, тархины дух хэсгийг суурийн цус хуралт, тархи доргилт, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,
Шинжээчийн №5218 дугаартай дүгнэлтээр “1.Ж.Отгонцэндийн биед баруун 3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, баруун уушигны бүрэн бус авчийлт, цээжний хөндийд цус, хий хуралт, баруун, зүүн уушги, элэгний няцрал, хүзүү, эрүү, бүсэлхийн цус хуралт, дух, баруун хацар, зүүн чамархай, зүүн алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,
Шинжээчийн №917 дугаартай дүгнэлтээр “1. Г.Мөнхнасангийн биед 2017 оны 05 дугаар сарын 11-ний Соронзон үелзүүрт томографийн зургаар ¹5413 тоот дүгнэлтэнд тусгагдаагүй бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саргиулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Уг гэмтэл нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт,
Шинжээчийн №3628 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 246 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгч И.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх шүүгдэгч И.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь нэг ослоор нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хүнд гэмтэл тус тус учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөлд тухайн зүйлийн ерөнхий утга агуулагдана гэж үзэж шүүгдэгч И.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтсон болно.
Иймд шүүгдэгч И.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Д нь хохирогч Г.Мөнхнасан, Ж.Отгонцэцэг нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул дээрх нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Баасанцэнд нь эмчилгээний зардал гэж 5.898.500 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зардал гэж 1.000.000 төгрөг, нийт 6.898.500 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн ба шүүгдэгч И.Д нь хохирогчид нийт 5.910.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул өнөөдрийн байдлаар хохирогч Б.Баасанцэндийн гаргасан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ. Учир нь эрх зүйн туслалцаа буюу өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний зардалд хамаарахгүйг хуульд заасан байх тул гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй байна.
Хохирогч Б.Баасанцэнд болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр нар нь хохирогчийн нэг нүд хараагүй болсон гэж 70 сая төгрөг, нөгөө нүдний хараанд нөлөөлж муудаж байгаа гэж 30 сая төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 50 сая төгрөг нийт 150 сая төгрөгийг шүүгдэгч И.Д-с нэхэмжилсэн болно.
Шүүх дээрх гэм хорын хохирлыг дүгнэж үзвэл Монгол улсын хуулинд өнөөдрийн байдлаар хүний эд, эрхтэнг үнэлсэн үнэлэмж, ойлголт одоогоор байхгүй байгаа тул 100 сая төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Харин хохирогч Б.Баасанцэндийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 50 сая төгрөгийн тодорхой хувийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч И.Д-с гаргуулах хууль зүйн боломжтой гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын замд гарсан авто ослын улмаас хохирогч Б.Баасанцэнд нь биедээ хүнд гэмтэл авч нэг нүд нь хараагүй болсон, уг гэмтлийн улмаас менэнгит өвчин тусч улмаар түүний баруун хөл, гарт саажилт үүссэн нь түүний өвчний түүхээр нотлогдож байна. Иймд энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж гэм буруутай этгээд болох шүүгдэгч И.Д-с сэтгэл санааны хохиролд нийт 15 сая төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баасанцэндэд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Мөн хохирогч Б.Баасанцэнд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр нар нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тээврийн Прокурорын газраас И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. И.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас авто осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар И.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар И.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, И.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Мөнхнасан, Ж.Отгонцэцэг нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Д-с сэтгэл санааны хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баасанцэндэд олгосугай.
7.Хохирогийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинбаяр нь хохирогч Б.Баасанцэнд нар нь цаашид гарсан эмчилгээнд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Д-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР