Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2023/ДШМ/04

 

 

 

          Б.Бт холбогдох эрүүгийн 

     хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Ц.М

                        Хохирогч байгууллагын хууль

                                              ёсны төлөөлөгч                        Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 В.Г /онлайнаар/

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Агийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Бт холбогдох 1712002680348 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, Архангай аймгийн ... тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн, Б.Б

 

Шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн “А У У” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өөрийн танил Б.Гээр дамжуулан “А” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр буюу тус тус зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч, орон нутгийн өмчит компанийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бийг цагаатгаж, Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 1.197.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.А би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.Б нь Архангай аймгийн “А У У” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өөрийн танил Б.Гээр дамжуулан “А” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр буюу тус тус зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч, орон нутгийн өмчит компанийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1712002680348 дугаартай хэрэгт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд дараах үндэслэлүүдийг дурдаж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. “АУУ” компанийн 2019 оны төсөв Б.Бийг ажил хүлээн авахаас өмнө батлагдсан, 2019 оны төсөвт өнгөт принтерийг 2 сая төгрөгөөр, суурин компьютерыг 1.200.000 төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж, дээрх худалдаж авснаас өндөр үнээр авахаар төсөв гарсан байсан талаар Б.Б удаа дараа мэдүүлж байсныг нарийвчлан шалгаж тухайн оны төсвийг хэрэгт хавсаргаагүй ба үүнийг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Ч.А, гэрч Н.Ж нар үгүйсгээгүй бөгөөд компьютерын хувьд ойролцоо үнээр  худалдаж авсан гэж Ч.А мэдүүлсэн байдаг. Иймд Б.Бийг төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар төлөвлөх заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

2. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Босго үнэ шинэчлэн батлах тухай” 68 дугаар тогтоолд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж, шууд худалдаж авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 10 сая төгрөг байхаар тогтоосон ба 2019 оны 01 дүгээр сард дээрх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 10 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бараа материал худалдан авахад бараа нийлүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан “Үнэн байх” заалтыг зөрчсөн гэх боловч уг заалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлтэд хүрэв.

3. Яллах дүгнэлтэд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн ямар, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

4. Шүүгдэгч Б.Б нь өөрийн танил Б.Гээр дамжуулан А компаниас компьютер, принтерийг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдаж авсан гэх боловч худалдагч Б.Г нь зуучилж борлуулсны ашиг, таксины мөнгө, бусад гарсан зардалд 893.200 төгрөгийг өөрийн дансаар авч өөртөө зарцуулсан болох нь түүний мэдүүлэг, депозит дансны хуулга зэргээр нотлогддог ба Б.Б нь ямар нэгэн ашиг хонжоо болгож мөнгө аваагүй, өөртөө ямар ч давуу байдал олгоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг субьектив талын шинжийг үгүйсгэж байна гэж тус тус дүгнэсэн.

Цагаатгах тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь Б.Бийн худалдан авсан компьютер, принтерийг 2019 оны батлагдсан төсөвт өртөгт багтаан авсан буюу төсөвлөснөөс бага үнээр авсан байх тул төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдээгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс тухайн жилийн төсөвт тусгагдсан мөнгөн дүнгээс хэтрээгүй л бол 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн зах зээлийн үнэ бүхий принтерийг ч 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдан авч болох мэт ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан үйлдлийг дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцохоор заасан бөгөөд харин цагаатгах тогтоолд дүгнэсэнчлэн баталсан төсөвт өртгөөс л дээгүүр үнээр худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэх агуулгаар хуульд заагаагүй байна. Шүүгдэгч Б.Бийн 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 1.100.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр тус тус худалдан авсан үйлдэл нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан үйлдэл мөн бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд “АУУ” ХХК-ийн 2019 оны төсвийг хэрэгт хавсаргах ажиллагааг заавал хийх шаардлагагүй юм.

2. Анхан шатны шүүх Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан аудиторын актад дурдагдсан дээрх заалтад ач холбогдол өгөх шаардлагагүй бөгөөд хэрэв шүүгдэгч дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд энэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг юм. Харин Б.Бийн төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авсан үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл бөгөөд энэ талаар яллах дүгнэлтэд мөн тусгагдсан байна.

3. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “Яллах дүгнэлтэд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн ямар, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна” гэсэн бөгөөд прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгүүдэд “...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “Үнэн байх” гэсэн заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдсан байна. Мөн шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг бүхэлд нь буюу агуулгаар нь зөрчсөн гэж үзэхээр байхад анхан шатны шүүх заавал зүйл, заалт дурдуулах гээд байгаа нь ойлгомжгүй, ач холбогдолгүй юм.

4. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг өөртөө ашиг хонжоо болгож  мөнгө аваагүй, өөртөө ямар ч давуу байдал олгоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг субьектив талын шинжийг үгүйсгэж байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэмт үйлдлийн улмаас өөртөө ашиг олсон байх, шунахайн сэдэлтээр үйлдсэн байхыг тус тус шаарддаггүй гэмт хэрэг юм. Хэрэв шүүгдэгч нь төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч байгаа мэтээр өөртөө ашиг олсон бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг гэж үзнэ.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь “АУУ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өнөөдрийн 429.900 төгрөгийн зах зээлийн үнэтэй принтерийг 979.000 төгрөгөөр, 1.200.000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй компьютерыг 1.848.000 төгрөгөөр худалдан авч байгаа энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа үйлчилгээ худалдан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. Б.Б нь энэ гэмт хэргийн субъект мөн үү гэвэл мөн. Зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа үйлчилгээ худалдан авч байгаа үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байхад анхан шатны шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

            Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэгт гурван зүйлийг ярих хэрэгтэй байх. Нэгдүгээрт Б.Б нь төсвийн захирагч байсан. Төсвийн захирагч гэдэг нь тухайн төсвийг захиран зарцуулах бүрэн эрхтэй субъект юм. Хоёрдугаарт тухайн үед зах зээлийн үнэ ямар байсан юм бэ гэлээ. Энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Энэ талаар нөгөө тал ямар нэг асуудлаар маргаагүй байдаг. Тийм учраас нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тухайн үед манай байгууллага буюу төсвийн шууд захирагчид 1.197.100 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү мөнгөн дүнг барагдуулж төсвийг ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Төсвийн тухай хуульд заасан хэд хэдэн зарчмууд байдаг. Эдгээрт үнэн зөв байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хариуцлагатай байх юм. Хариуцлагатай байх зарчим нь төсвийн захирагч нь өөрөө тухайн этгээдийг томилсон этгээдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага заавал хүлээж байх ёстой юм. Мөн төсвийг үнэн зөвөөр захиран зарцуулах ёстой. Санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх гэдэг нь санхүү төсвийг үр ашигтай, хэмнэлттэй төлөвлөж зарцуулах гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн үйлдэл гэж манай талаас харж байна. Тиймээс төсөвт учирсан хохирлыг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манай үйлчлүүлэгчийн хувьд байгууллагад хохирол учруулаагүй. Тухайн оныхоо төсөвт багтаан авсан. Ерөнхий менежер болон нягтлан нь зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа үйлчилгээ худалдан авсан гэдгийг хэлсэн, мөн энэ талаар шүүхийн шийдвэрт туссан байгаа. В ХХК-ийн үнэлгээнд өгсөн принтерийг миний авснаас өөр принтер байна гэдгийг миний үйлчлүүлэгч хэлдэг. Гэтэл энэ байдлыг олж тогтоогоогүй. Мөн энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой юм. Энэ байдлыг прокурорын газар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн оруулж ирвэл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна гэдэг байдлаар хандаж байгаад өмгөөлөгчийн хувьд хэлэх үг олдохгүй байна. Энэ байдалд үнэхээр их гомдолтой байна. Харин анхан шатны шүүх үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж, бодитой дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шударга ёсыг тогтоож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Архангай аймгийн “АУУ” орон нутгийн өмчит компанийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.4-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “Үнэн зөв байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин өөрийн танил Б.Гээр дамжуулан “А” компаниас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 429.900 төгрөгийн үнэтэй Epson L360 /Ипсон Эл 360/ маркийн өнгөт принтерийг 979.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийн үнэтэй Делл маркийн суурин компьютерыг 1.848.000 төгрөгөөр буюу тус тус зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдан авч, орон нутгийн өмчит компанийн төсөвт 1.197.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

    Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон байна.

 

             “АУУ” компанийн 2019 оны төсөв Б.Бийг ажил хүлээн авахаас өмнө батлагдсан, 2019 оны төсөвт өнгөт принтерийг 2 сая төгрөгөөр, суурин компьютерыг 1.200.000 төгрөгөөр худалдан авахаар төлөвлөж, дээрх худалдаж авснаас өндөр үнээр авахаар төсөв гарсан байсан талаар Б.Б нь удаа дараа мэдүүлж байсныг нарийвчлан шалгаж тухайн оны төсвийг хэрэгт хавсаргаагүй, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Ч.А, гэрч Н.Ж нар уг асуудлыг үгүйсгээгүй, компьютерын хувьд ойролцоо үнээр худалдаж авсан гэж гэрч Ч.А мэдүүлсэн.

 

             Б.Бийг төсвийг үр ашигтай хэмнэлттэй байдлаар төлөвлөх заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байх бөгөөд гэрч Н.Ж нь өнгөт принтерийн зах зээлийн судалгаа явуулж ВСВ өнгөт принтер 1.357.900 төгрөгийн ханштай талаар баримтад түүнээс хямд үнэтэйг худалдан авах цохолтыг Б.Б нь хийж байсан нь тогтоогдсон байна.

 

             Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж, шууд худалдаж авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг бараанд 10 сая төгрөг байхаар тогтоосон ба 2019 оны 01 дүгээр сард дээрх тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул 10 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй бараа материал худалдан авахад бараа нийлүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-т заасан “Үнэн зөв байх” заалтыг зөрчсөн гэх боловч уг заалтыг зөрчөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба анхан шатны шүүхийн дээрх  дүгнэлтүүд нь үндэслэл бүхий болжээ.

 

            Яллах дүгнэлтэд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн ямар, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, шүүгдэгч Б.Б нь өөрийн танил Б.Гээр дамжуулан “А” компаниас Ипсон Эл 360 маркийн өнгөт принтер, Делл маркийн суурин компьютерыг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр худалдаж авсан гэх боловч худалдагч Б.Г нь зуучилж борлуулсны ашиг таксины мөнгө, бусад гарсан зардалд 893.200 төгрөгийг өөрийн дансаар авч өөртөө зарцуулсан болох нь түүний мэдүүлэг, депозит дансны хуулга зэргээр нотлогддог ба Б.Б нь ямар нэгэн ашиг хонжоо болгож мөнгө аваагүй, өөртөө ямар нэгэн давуу байдал олгоогүй болох нь тогтоогдсон байна.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Агийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Агийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

             

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ