Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01976

 

 

 

 

 

 

 

 

 

А.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.О-ын хариуцагч А.И-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.О-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхболд нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.О- 2015 онд “Э-” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед өөрийн сайн найз А.И-д хувьцааныхаа 10 хувийг цаашдын хамтын ажиллагаа, нэг баг болж ажиллах зорилгоор, компанийг удирдан чиглүүлэхийг нь үнэлэн “Бэлэглэлийн гэрээ" байгуулж шилжүүлэн өгсөн. Гэтэл А.И-, нэхэмжлэгчийг гадаадын хуулийн этгээдэд өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцаагаа хямд үнээр амлалтанд нь хууртан алдах эрсдэлд ороод байхад дэмжээгүйгээр тэдний талд үйлчилж, компанийн бүх мэдээллийг дэлгэрүүлж, нууцыг задруулан, хүнд үед хаяж явсанд гомдолтой. Иймд Улсын байцаагчийн дүгнэлтийн 4 дэх заалтаар хариуцагчийг удаа дараа дуудахад ирээгүй учраас бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэн, Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу “Э-” ХХК-ийн 10 хувийн хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.О-, хариуцагч А.И- нар багаасаа найзалж ирсэн мөн их сургуулийн нэг ангийн найзууд бөгөөд хамтдаа 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гадаад худалдаа, геофизикийн судалгаа, гэрээгээр өрөмдлөг хийх тусгай зөвшөөрөл авч, “Э-” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан. 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа бэлэглэх гэрээ”-г тэд хоорондоо байгуулж, хамтдаа бий болгосон дээрх компанийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгч, хариуцагчид бэлэглэн шилжүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл А.Иичнхорлоо тус компанид ажиллан, өөрийн чадлаараа хөрөнгө мөнгөө зарцуулж, бүх ажлыг нугалан хөдөлмөрөө зориулж ирсэн байхад ийм асуудал үүсгэж байгаад гайхаж байна. Мөн нэхэмжпэгч нэхэмжпэлийн үндэслэлээ “А.И- намайг дэмжээгүй төдийгүй худалдан авагч талд үйлчлэн компанийн бүх мэдээллийг дэлгэрүүлж, нууцыг задруулан хүнд үед хаяж, нөгөө талын этгээдүүдийг дэмжсэн" гэх зэргээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ. Хариуцагч, нэхэмжпэгч А.О-ын мэдээллийг задруулж, хувьцаа худалдан авагч нарт үйлчилж, хууран мэхлэгдэж байхад дэмжээгүй, түүний төрөл төрөгсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, гомдоох ноцтой үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.И-д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болон нотлох баримт үнэлээгүй талаар. Зохигчид 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар ‘"Э-” ХХК-ийн 15 хувийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх удирдлагыг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр, нууцаар өөрчилж, Австрали улсын иргэн Т-ыг томилон төлөөлөн удирдах зөвлөл байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн маргааныг компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Э-” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч А.О- Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандан хяналт, шалгалтын ажиллагаа хийлгэхэд хариуцагч А.И- нь хүсэлт дэмжиж ирдэггүй. Харин ч дээрх компанийг хууль бусаар авсан этгээдүүд болох Австрали улсын иргэн Т-ыг дэмжиж өнөөг хүртэл хамтран ажиллаж байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүлээн зөвшөөрсөн билээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, зохигчдыи тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 40.2 дах хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч нь “Э-” ХХК-д ажиллаж, Австрали улсын иргэн Т-той өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг үндэслэн дээрх компанийг өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь хэн удирдаж байгаа болон Нийгмийн даатгалын Ерөнхий газраас хариуцагчийн нийгмийн даатгалын дэлгэрэнгүй лавлагааг авахаар хүсэлт гаргахад хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч хариуцагч нь “Э-” ХХК-д ажиллаж, Австрали улсын иргэн Т-той хамт ажиллаж байгаа нь үнэн гэсэн тайлбарыг шүүх шийдвэртээ хэрхэн үнэлсэн талаараа дурьдаагүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсэгт “А.О-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тус компаний 10 хувийн хувьцаа эзэмшигч А.И- улсын буртгэлд гаргасан хүсэлт дэмжиж ирэхгүй байгаа нь миний эрх ашгийг ноцтой хохироож байна гэх хүсэлтийг гаргаж байсан зэрэг нотлох баримтууд, тайлбаруудыг шүүх харьцуулж дүгнээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчийг асуулгах, хэргийн оролцогч өөрөө цуглуулах, бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон иоцтой үйлдэл хийсэн” бол тус хуулийн 280.3 дах хэсэгт “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй хэмээн хуулиар тусгай хугацаа зааж өгсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дах хэсэгт заасмаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан цаг хугацаанаас хойш 1 жилийн дотор бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор хуульд тусгайлан нөхцөл, хугацаа зааж өгсөн. Иймд хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Э-” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс А.И- нь хүсэлт дэмжиж ирдэггүй, цаг хугацаа алдагдуулж харин ч дээрх компанийг хууль бусаар авсан этгээдүүд болох Австрали улсын иргэн Т-ыг дэмжиж өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа тул гомдоосон үйлдэл гаргаснаас хойш хуульд заасан 1 жил өнгөрөөгүй тул шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон нь “Э-” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгох ажиллагаанд Австрали улсын иргэн Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөер ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтийн 4 дэх хэсгээс харагддаг бөгөөд А.И- нь эдгээр хүмүүстэй хүсэл зориг нэгдэн нэг баг болон ажиллаж байгааг илэрхийлж байна. Зохигчид дотны сайн найзууд бөгөөд шүүхийн шатанд очих хүртэлээ хувийн харилцаа нь таарамжгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дугаар зүйлийн 99.2 дах хэсэгт “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж. төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” хэмээн хуульчлан заасан боловч 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн шүүх хэргийн оролцогчдын биеийн байцаалттай нэг бүрчлэн танилцаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаагүй бөгөөд тус хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “шүүх хэргийн оролцогчтой нэг бүрчлэн танилцаагүй боловч шүүх хуралдааны тэмдэглэлд биеийн байцаалтыг нь танилцсан мэтээр үйлдсэн байсан тул засвар оруулах саналыг гаргасан боловч шүүх хууль зүйн үндэслэлгүй хэмээн хүлээн аваагүй, өөрчлөлт оруулаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүх эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хязгаарлаж, нэг талыг барьж, хариуцагчид давуу байдал тогтоож байна хэмээн мөн хуулийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч шүүх уг хүсэлт хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуралдаан эхлэхэд шүүгчээс татгалзах хүсэлт байхгүй гэсэн хэмээн сануулж мөн хуулийн 25.1.4-т зааснаар ажиллагааг үргэлжлүүлсэн нь тус хуулийн 92.6 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжпэгч А.О-, хариуцагч А.И-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийгээгүй гэж маргажээ.

 

            Бэлэглэгч А.О- нь “Э-” ХХК-ийн 15 хувийн 21 900 төгрөгийн үнэ бүхий хувьцааг хариуцагч А.И-д 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-ны дагуу шилжүүлсэн нь уг гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 8-9 дүгээр тал / Улмаар хариуцагч нь уг 15 хувийн хувьцааг бусдад шилжүүлж, дараа нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахин 10 хувийн хувьцааг дахин эзэмжих эрхтэй болсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал ар/ Энэ талаарх гэрээ хэрэгт авагдаагүй байх боловч “Э-” ХХК-ийн 10 хувийн хувьцааг нэхэмжлэгчээс шилжүүлсэн үйл баримтад хариуцагч А.И- маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “...Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн... бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох”-оор зохицуулжээ.

 

            Бэлэглэгчийг гомдоох гэдэгт тухайн этгээд буюу бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, эсхүл бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн садан төрлийн байдал, гомдоосон үйлдлийг нийгэмд ил, эсхүл хувийн хүрээнд хийсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзах бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан гомдол, хүсэлтийн агуулгыг бичсэн Улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт авагдсан байх боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гомдоосон гэх байдлыг нотолсон агуулга уг баримтад илэрхийлэгдээгүй байна. /хэргийн 7 дугаар тал/

 

Хариуцагч А.И- нь компанийн мэдээллийг бусдад тараасан, хувьцаа худалдан авагч нарт үйлчилж, эрсдэлд ороход өөрт нь туслаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хязгаарлаж, нэг талыг барьж, хариуцагчид давуу байдал тогтоож байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан, уг татгалзлыг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуульд заасан нийтлэг журмын дагуу тус шүүх хуралдаан явагдсан, хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “зохигчид байхгүй” гэж хариулснаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг явагдсан байна. Хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны дэгийг сахиулж байгаа үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзаж байгааг татгалзал гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. /хэргийн 61, 63 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч талын гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт харшлахгүй юм. /хэргийн 46-47, 51 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал, хэргийн нотлох баримт гэж маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, нөхцөл байдлыг тодорхойлох баримтыг хэлэх бөгөөд шүүхээс хэрэгт шууд хамааралтай биш баримттай холбоотой хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгч 2019 онд бэлэглэгчийг гомдоосон гэх үндэслэлээр гомдол гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дах хэсгийг буруу тайлбарлаж шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримталсан нь буруу байх боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд нөлөөлөхгүй тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн биеийн байцаалтыг дэлгэрэнгүй бичсэн нь хэргийн шийдэлд шууд нөлөөлөхгүй болно.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                   

                                                                                           С.ЭНХТӨР