Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.С өөрөө өөрийгөө өмгөөлөн нээлттэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706005360213 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.С, 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 4-43 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандширийн хийд гэх хохирогч Д.Мөнхбаттай маргаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…манай эхнэр У.Лхамсүрэн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрынхаа хамт олонтой Мандширийн хийдээс хойшоо уул тал руугаа модон дунд майхан бариад салхинд гарсан байсан. Би орой нь 21 цагийн эхнэрийгээ авахаар уг газар нь очиход намайг хамт суу гэсэн тэгээд би хамт сууж байхад надад архи пиво уу гэхээр нь уухгүй гээд заахан хамт байж байсан чинь “намайг бүжиглэ” гээд хэлэхээр нь бүжиглэхгүй байсан чинь манай эхнэрийн захирал Цээгий гэдэг эмэгтэй намайг бүжиглээч гээд гуйгаад байхаар нь бүжиглэхгүй гэсэн чинь Цээгийгийн дүү нь гэх эмэгтэй Туяа нь намайг “чи ямар их зантай юм бэ, яаахаараа чи бүжиглэдэггүй юм бэ” гэхээр нь би тоохгүй босоод явсан чинь Туяа манай эхнэр Лхамсүрэнтэй хэрэлдээд, тэгэхээр нь би буцаад очсон чинь Д.С гэж захирал залуу шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь тонгойсон чинь хавирга руу өвдөглсөн. Тэнгэнгүүтээ дахиад чамайг цохино шүү ална шүү гэсэн тэгээд би жаахан хэвтэж байгаад за явъя гээд явсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-8/,

Гэрч Г.Бурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажлынхантайгаа амралтанд очсон. Тэгээд Мөнхбат нь Сэр-Од ахтай ярилцхаар очсон. Би тэндээс 30-40 метрийн зайд машины хажууд зогсож байсан ба нар шингэж бүрэнхий болж 22 цаг дөхөж байсан. Д.С ах Мөнхбатын гэдэс рүү нь цохьсон чинь Мөнхбат элгээ бариад газарт эвхэрээд хэвтсэн. Тэгээд бөөн шуугиан болоод тэр хавиар байсан хүмүүс салгасан, хэн салгасныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-12/,

Гэрч У.Лхамсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…манай захирлын нөхөр Д.С манай нөхрийг 2-3 удаа цохиод элэгдээд унагаасан, тэгээд л манай нөхөр босож ирэхээр нь би машин авч машин дээрээ очоод за явъя, явъя гээд явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

Гэрч Б.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…тэр хэрүүлээс болж мэдээж нөхөр нь эхнэртэйгээ нийлээд манай дүү Энхтуяа руу дайраад байхаар нь манай нөхөр Сэр-Од ирээд Мөнхбатыг татаад түлхээд унагаасан. “… Сэр-Од архи уудаггүй бөгөөд тухайн үед 2-3 хундага уусан байх. Хир хэмжээтэй согтуу байсныг нь анзаараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх14-15/,

Гэрч Ч.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Хүрэн ах Сэр-Од майхнаас гарч ирээд Мөнхбат эхнэртэйгээ дайраад байхаар нь Мөнхбатын энгэрээс нь татаад хойш нь түлхээд газарт унагсан. “…Маргааш нь Мөнхбат эхнэртэйгээ ирээд над руу “чи манай авгайг явдалтай гэсэн хэзээ хэнтэй яаж явсаныг хэлээд өг” гэхээр нь “за яахав согтуу хүн янз бүр хэлээ биз дээ, та нар ч намайг элдвээр хэлсэн ш дээ” гэж хэлээд явцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх16-17/,

Яллагдагч Д.С мэдүүлэхдээ: “…Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. “…Миний буруутай үйлдлээс Мөнхбатын биед хөнгөн хохирол учруулсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Баримтаар нэхэмжилж буй хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг. /хх-41/,    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.    

Иймд шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Д.Мөнхбат нь эмчилгээний зардалд 104.950 төгрөгийг хүлээн авсан ба өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү 600.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй тул гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Мөнхбат нь цалингийн зөрүү болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс / Д.С / иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР