| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2124000620088 |
| Дугаар | 2023/ДШМ/04 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/04
Д.Оюунжаргалд холбогдох
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,
Прокурор /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р Б.Чулуунхүү
Шүүгдэгч Д.Оюунжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлоор Д.Оюунжаргалд холбогдох 2124000620088 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, халх, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамтаар Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Тэс мөрөнгийн 7-704 тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хиргис овогт Даваапилийн Оюунжаргал. /РД:ИО77051703/
Шүүгдэгч Д.Оюунжаргал нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр баг 6-704 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Эрдэнэ-Очирыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн доод талд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Хиргис овогт Даваапилийн Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар ангийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Хиргис овогт Даваапилийн Оюунжаргалыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунжаргалын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцож,
5. Шүүгдэгч Д.Оюунжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний объектоор хураан авсан бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн шорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүйг дурдаж,
8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунжаргалын асрамжид байсан бага насны хүү О.Билэгт, О.Оюун-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж, Засаг даргын шийдвэр гарах хүртэлх хугацаанд О.Билэгт, О.Оюун-Эрдэнэ нарыг асран хамгаалж, харгалзан дэмжихийг ах О.Нямдорж, эгч О.Оюунтунгалаг нарт даалгаж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлын агуулга:
Борхүү овогтой Алтангэрэл миний бие Д.Оюунжаргалын өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/75 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 000000520 дугаартай: " ... Н.Эрдэнэ-Очирын хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх гэмтэл байсан. Шархны гүн болон урт хэмжээг мэс заслын эмч бичээгүй байгаа тул тодорхойлох боломжгүй. Хохирогч Н.Эрдэнэ-Очирын биеийн дээд, доод хэсэгт өөр ямар нэгэн шарх гэмтэл тогтоогдоогүй..." гэсэн дүгнэлт / 2 дугаар ХХ-ийн 56-58 дугаар хуудас/ Шүүгдэгч Д.Оюунжаргал нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 6-704 тоотод байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч Н.Эрдэнэ-Очирыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд дараахь асуудал яригдсан боловч хэргийг тал бүрээс нь бүрэн нотлоогүй байна гэж үзнэ.
Хохирогчийн эрүүл мэндэд халдахдаа хэрэглэсэн гэх бор иштэй хутгыг Д.Оюунжаргалын гэрээс хураан авсан боловч энэ хэрэг гарах үед байсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр болон бусад баримтаар тал бүрээс нь бүрэн нотлогдоогүй байна.
Цагдаагийн Тасгийн мөрдөгч дэслэгч Д. Юнрэндорж 2021 оны 7 сарын 24-ний өдөр Д.Оюунжаргалын гэрээс бор иштэй хутгыг эд мөрийн баримтыг хураан авах тогтоолыг хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа үйлдсэн байх боловч энэ нь бодит байдалтай тохирохгүй байна. Д. Оюунжаргалын мэдүүлснээр уг хутгыг хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа гар утсаараа зургыг нь дарж аваад тухайн үед аваагүй байсаар 14 хоногийн дараа буюу 8 сарын 4-нд уг хутгыг гэрээс нь авсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан аваагүй гэж үзэх үндэслэл бүхий байна.
Мөрдөгч дэслэгч Д.Юнрэндорж 2021 оны 7 сарын 24-ний өдөр прокуророос үзлэг, нэгжлэг хийх зөвшөөрөл авсан боловч прокурор мөн өдөр зөвшөөрөл олгохдоо 4 сар гаруй хугацааны дараа буюу 2011 оны 11 сарын 7-ний өдрийн 06-22 цагийн хооронд зөвшөөрөл олгосон байх тул прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийж уг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан гэж үзэх боломжгүй байна. Энэ нь ЭХХШТХуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1, 24.1 дүгээр зүйлийн 1.3,24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч нь эд мөрийн баримт, нотлох баримтыг бэхжүүлэх, үзлэг, нэгжлэг хийх хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ гэж үзнэ. Иймд нотлох баримтыг үнэлэх эсэх асуудалд эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна.
Хэрэг гарах үед хохирогч Н. Эрдэнэ-Очир, гэрч Б.Цогтбаатар нар байсан боловч Д.Оюунжаргал хаана байсан юугаар хохирогчийн эрүүл мэндэд халдсан болохыг нотолдоггүй гэрч хохирогч нар хэн алин нь согтуурсан мансуурсан байдалтай байснаас гадна хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэх, болсон үйл явцыг сайн санахгүй байдалтай байсан болох нь удаа дараагийн мэдүүлгээр тодорхой харагддаг.
Яллагдагч Д. Оюунжаргалын биеийг хэрэг гарснаас хойш 20 гаруй хоногийн дараа 2021 оны 8 сарын 6-нд Түвшиндорж эмч эзэхэд: “баруун шанаа зулгарсан, баруун бугалга, зүүн бугалгын ар, зүүн гуя, өгзөг зөөлөн эдийг гэмтэлтэй” гэсэн байдаг. /хх-ийн 111 хуудас/ Ямар ч хүн рүү довтлоход өөрийгөө хамгаалахдаа хоёр гараараа хамгаалдаг хамгаалсан гарыг довтолсон этгээд бариад хүч хэрэглэсэн гэж бодоход ямар ч хүний хоёр гарын бугалгын ар хэсэгт атгалтаас үүдэн зөөлөн эдийн хөхрөлт үүснэ. Хэрэгт авагдсан баримтанд Оюунжаргалын биед үүсэн шарх сорви ямар байдлаас үүссэн, халдлага, довтолгоонд өртсөн,бусдад зодуулсан, хүч хэрэглэснээс үүссэн болох, аргагүй хамгаалалт хийсэн эсэх зэрэг тал бүрээс нь нягталж огт шалгаагүй яллах талыг баримталсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хангаагүй гэж үзнэ. Хувийн байдлын тухайд өрх толгойлсон, өрхийн амьжиргааны түвшин тогтоох босго онооноос доогуур орлогогүй, 8-10 насны хоёр хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, малгүй, өрхийн орлогогүй байна. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм бурууд маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эд мөрийн баримтаар түүний гэрээс хураан авсан гэх хутгыг хэрэглээгүй гэдгээ анхнаасаа мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Д.Оюунжаргалд хутгалуулсан гэж мэдүүлдэг ч гэсэн хутга нь ямар хутга байсан, хэрхэн хутгалуулсан эх сурвалжаа тодорхой мэддэггүй. Хамт байсан гэрч Цогтбаатар нь хохирогчийг Д.Оюунжаргал хэрхэн биеийн аль хэсэгт нь ямар хутгаар хэрхэн хутгалсанг тодорхой хараагүй болохоо мэдүүлсэн байдаг тул түүнд оногдуулсан ялын зүйлчлэл дотор торгох ялаар сольж, эсхүл зүйлчлэлийг бууруулж, дараах нөхцөл байдлыг харгалзан тэнсэн харгалзаж өгнө үү
Ар гэрийн байдал нь Даваапилын Оюунжаргалын ард үлдсэн хүүхдүүдээс том охин Оюунтунгалаг 2023 оны 03-нд төрөх жирэмсэн өрх толгойлсон охинтой, насанд хүрсэн дунд хүү Оюунжаргалын Нямдорж, бага насны хүүхэд буюу Батжаргалын Оюун-Эрдэнэ, Оюунжаргалын Билэгт гэсэн хүүхдүүдтэй 2022 оны 05 сард Батжаргал нөхөр нас барсан. Анхан шатны шүүх насанд хүрээгүй 2 дүүг нь насанд хүрсэн жирэмсэн бую 2022 оны 03 сард төрөх эгчид нь буюу О. Оюунтунгалагт асран хамгаалж, харгалзан дэмжихийг даалгасан нь тухайн хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл асран хамгаалах, харгалзан дэмжих гэж байгаа хүн нь боломжтой байх ёстой.
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000000264 дугаартай: "...Иргэн Н.Эрдэнэ-Очирын биед гэмтэл учирсан байна. Н.Эрдэнэ-Очирын хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх гэмтэл учирсан байна. Н.Эрдэнэ-Очирын хэвлий зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Иргэн Н.Эрдэнэ-Очирын биед учирсан гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой. Хэвлийн зүүн доод талд 1 шарх байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэж заасан боловч хүнд зэрэгт хамаарч байгаа нь тодорхой бус байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдийг харгалзан прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэнг өөрчлөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзнэ. Гэм бурууг хэлэлцэх шатанд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзнэ.Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд тооцно.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/75 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Оюунжаргал нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутагт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Эрдэнэ-Очирыг ямар нэгэн шалтгаангүйгээр хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн
Хохирогч Н.Эрдэнэ-Очирын “...Тэгээд Батжаргалын гэрт очиход Оюунжаргал /Шаандий гэж дууддаг /нэг шил 0.75 литрийн “хараа” архи гаргаж ирсэн. Тэр архийг Батжаргал, Оюунжаргал, Цогтбаатар бид нар хувааж уусан. Батжаргал надаас авсан ямаагаа зараад архи, пиво аваад ирчихсэн Цогтбаатар, Хуягаа, Оюунжаргал нар байсан...Тэгээд хэсэг хугацааны дараа Оюунжаргал нэг том савтай Сэрүүн гэдэг пиво аваад гараад гэр лүүгээ явсан...тэгээд Оюунжаргал нөгөө пивоноосоо Цогтбаатар бид хоёрт асгаж цутгаад хийж өгсөн санагдаад байна. Тэгээд босоод шүүгээ рүүгээ нэг явж ирээд буцаад байрандаа суусан. Хэсэг сууж байгаад дахин босоод миний хэвлий хэсэг рүү хутгалсан.Тэгэхээр нь би босоод гэдсээ дараад гэрээс нь гарсан...Оюунжаргал намайг ямар хутгаар хутгалсан талаар мэдэхгүй байна...Оюунжаргал намайг хутгалж байхад хажууд Цогтбаатар байсан. өөр хэн нэгэн байгаагүй...гэсэн мэдүүлэг, / хх-ийн 222-223-р хуудас/
Гэрч Б.Цогтбаатарын...Би ганцаараа Батжаргал /Бача/ гийн гэрт үлдээд нөгөө хэдийг хүрээд ирэх байх гэж бодоод гадаа амбаарын сүүдэрт сууж байхад Шаандий / Оюунжаргал / ногоон савтай2.5 литрийн пиво барьчихсан хашаагаар орж ирээд гэр рүү нь орчихоор нь би араас нь яваад ортол н.Эрдэнэ -Очир зүүн талын баганын дээд талд суучихсан Шаандий хажуу талд нь суучихсан ангижавууд гээд юм яриад сууж байсан...би тамхи асаах гээд үнсний сав ойртуулаад байж байтал Н.Эрдэнэ-Очир яадаг пизда вэ шаачихдаг байна ш дээ гээд гэдсээ дараад босоод гараад явсан. Би юу болсон асуудлыг нь ойлгоогүй...10 орчим минутын дараа би харья гэж бодоод гэрээс гартал хашааны гадаа Н.Эрдэнэ-очир нь гэдсээ дарчихсан шортны урд талд нь цус болчихсон байдалтай буцаад шууд Батжаргалын гэр рүү яваад орсон... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Р.Батжаргалын ...Оюунжаргал /Шаандий/ нь манай эхнэр байгаа юм. Багаас нь Шаандий гэж дууддаг. Яг иргэний үнэмлэх дээрх нэр нь Оюунжаргал гэдэг... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч Э.Нямдоржийн ...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед ганцаараа бие даан албан үүргээ гүйцэтгэж байхад 94119147 дугаарын утсанд ...Н.Эрдэнэ-Очир хүнд хутгалуулсан гэсэн дуудлага ирсэн..Н.Эрдэнэ-очир нь намайг Оюунжаргал /Шаандий/ хутгалчихлаа гэж хэлсэн. Харин Оюунжаргал нь яадгийн би хутгалсан юм, та нар яах гэж тухайн үед хариулсан...Тухайн үед Д.Оюунжаргалын хажуу талд буюу гал зуухны баруун хойд хэсэгт хүрэн бор өнгийн бариултай хутга харагдсан...гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/
Гэрч Ж.Цолмонгийн...Би яг цагийг нь сайн санахгүй байна.Ойролцоогоор 18-19 цагийн орчим л байсан байхаа ...Эрдэнэ-очир нь ганцаараа биеийн гэдэсний ойролцоо 2 гараа наасан байдалтай гар нь цус болчихсон согтуу орж ирсэн. Орж ирэхдээ эгчээ би хүнд хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь би их айсан...гэсэн мэдүүлэг/хх-ийн 231-232-р хуудас/
“...Иргэн Н.Эрдэнэ-Очирын хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх гэмтэл учирсан байна. Н.Эрдэнэ-Очирын хэвлий зүүн доод талд хэвлийн хөндий рүү нэвт хатгагдсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Иргэн Н.Эрдэнэ-Очирын биед учирсан гэмтэл нь иртэй, ирмэгтэй, зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдөр үүссэн байх боломжтой. Хэвлийн зүүн доод талд 1 шарх байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0000000264 дугаартай”..шинжээчийн дүгнэлт,
Гэрч Э.Дашдаваа, Д.Анхбаяр нарын мэдүүлэг,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Н.Эрдэнэ-Очирын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Оюунжаргал нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”... хохирогчийн эрүүл мэндэд халдахдаа хэрэглэсэн гэх бор иштэй хутгыг Оюунжаргалын гэрээс хураан авсан гэх боловч энэ хэрэг гарах үед байсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдоогүй... хэрэг болсон цаг тухайд хутгыг хурааж аваагүй, байсаар 4 хоногийн дараа хурааж авсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хурааж аваагүй тул эд мөрийн баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна...Шинжээчийн дүгнэлтэд ...дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэж заасан боловч хүнд зэрэгт хамаарч байгаа нь тодорхой бус байна... Хэргийн нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэл дотор торох ялаар солих,эсхүл зүйлчлэлийг бууруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө ...гэж мэтгэлцсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Эрдэнэ-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан, болж өнгөрсөн зарим зүйлсийг санахгүй байгаа талаараа мэдүүлсэн, энэ талаар мөн адил давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд мэдүүлэх боломжтой цорын ганц эх сурвалж болох хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээлэл, ...иргэн Н.Эрдэнэ-очирын биед учирсан гэмтэл нь иртэй, ирмэгтэй, зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. шинэ гэмтэл байна...гэсэн мэдээллийг агуулсан шинжээийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Н.Эрдэнэ-очирийн биед үзлэг хийсэн эмчийн зайлшгүй харьцуулан үзсэний эцэст харьцуулан шинжилж, үнэлж, дүгнэх учиртай.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж, шүүгдэгч Д.Оюунжаргал нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Оюунжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу хуульд заасан хорих ялын боломжит хамгийн бага хэмжээ болох 3 жил 4 сар, 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдалд тус тус тохирсон, хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд, “...торгох ялаар сольж өгнө үү, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэсэн шүүгдэгч Д.Оюунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оюунжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.АРИУНБАЯР