Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 116/ШШ2024/0012

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

               Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

          Хариуцагч: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын хоорондын “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ-А1170309 дугаар, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч  Б.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан, “Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ-А1170309 дугаар, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56 643 601 төгрөг олгосон.

            Мөн аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Засаг дарга өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилж ажиллуулсан[1].

Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/47 дугаар захирамжаар Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн баталжээ[2].

           2.2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийжээ.

         2.3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас Аймгийн Засаг даргын тамгын газраас төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56 463 601 төгрөг олгосон нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйцэлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 4-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон төсвөөс сар бүр олгоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай акт[3], Засаг дарга өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилж ажиллуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.4-д “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ-А1170309 дугаартай албан шаардлага[4], Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан нь Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 8 дугаар хэсэгт “Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан ...Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 57 хүртэл” Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар аймгийн Тамгын газрын бүтцийг аймгийн захиргаа удирдлагын бүтэц 3, Тамгын газрын бүтэц 53, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 1, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтэц 20 албан хаагчтай байхаар баталсантай нийцэхгүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг[5] тус тус тогтоожээ.

           2.4. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан 202оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[6]

 

              Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1 Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж, манай байгууллагыг төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56 463 601 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 4 дэх заалтыг тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн актыг тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх заалтанд Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын “Төрийн албан хаагчид” албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон улсын төсвөөс сар бүр олгоно гэж заасан. Харин тус тогтоолын 6 дугаар хавсралтад баталсан “Төрийн албанд захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5-д орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэлх хувиар нэмж олгох зохицуулалт нь нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид хамаарч байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч гэдэгт улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна. Мөн төрийн албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийн зохицуулалтын талаар тодруулга авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандахад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/2437 дугаар албан бичгээр “Төрийн албан хаагч” гэдэгт төрийн үйлчилгээний албан хаагч хамаарна гэсэн хариуг ирүүлсэн болно.

2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж, аймгийн Засаг даргын 2023 оны Б/09 дүгээр захирамжаар Засаг дарга өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилж ажиллуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг хэрэгжүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэж Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогч даргатай байхыг хориглоно” гэж заасан ба уг зүйлийн 5.4 дэх заалтад энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3-т тус тус зааснаар Улсын төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөхийг ажиллуулж болохоор хуульчилсан бөгөөд тус зөвлөх ажилтан нь төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана гэж хуульчилсан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд аймгийн Засаг дарга орон тооны зөвлөхтэй байхыг хориглосон заалт байхгүй.

3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж, аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар баталсан орон тоог хэтрүүлэн 11 албан хаагчийг цалинжуулж ажиллуулсан зөрчлийг гаргасан гэж үзэж Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаар албан шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтцийг тоо заахгүйгээр баталсан. Учир нь 2023 онд Засаг даргын Тамгын газар нь шинэ байранд орохоор төлөвлөгдсөн тул үйлчилгээний албан тушаалд хэдэн хүн ажиллах нь тодорхойгүй байсан. Мөн төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй байхаар заасан. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд жолооч-1, үйлчлэгч-5, харуул-8 гэсэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь урьд нь жижиг байранд байрладаг байсан. Энэ үед нийт 3 байртай байсан. Тамгын газрын байр, иргэдийн Хуралдааны байр, бас бус жижиг байртай. Иймээс 3 харуул ажиллахаас өөр аргагүй байсан. Одоо харин байрлах барилгаа өөрчилсөн байгаа. Бүтцийг Засгийн газраас баталж өгч байгаа ч Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн бүтцийг зохион байгуулахаар заасан. Орон тоогоо хэдэн хүнээр ажиллуулах нь Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийн асуудал юм. Гэтэл үүнд хөндлөнгөөс акт тавьж байгаад нь гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт болон 2024 оны 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309, 2024 оны 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.

3.2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлагуудыг үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал: 1. 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт:

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад хамаарах төрийн үйлчилгээний албан хаагчдын дор дурдсан байдлаар зааж өгсөн байна. Үүнд:

- Орон нутагт ажилласны нэмэгдлийг дараах албан тушаал эрхэлж байгаа эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно.

- Орон нутагт ажилласны нэмэгдлийг дараах албан тушаал эрхэлж байгаа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл урлагийн болон биеийн тамир, спортын байгууллага, байгаль орчин, ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно”

2. Төрийн албаны тухай хуулийн “57.17. Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэсэн заалт 2023.11.10-ны өдрийн хуулиар “Захиргааны” гэсний дараа “үйлчилгээний болон улс төрийн” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан байна. ЗГ-ын 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 4-т төрийн үйлчилгээний албан хаагч хамаарахгүй байсанд хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

3. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024.02.29-ний өдрийн 2/441 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичигт “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч гэдэгт улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна” гэж дурдсан байна. Хэрэв уг тогтоолын 6 дахь хавсралтын 4-т “...Төрийн албан хаагчид” гэдгийг нийт төрийн албан хаагч гэж ойлговол улс төрийн, төрийн тусгай албан хаагчид мөн адил орон нутгийн нэмэгдлийг авахаар байна. Гэвч уг тогтоол нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам гэж гарсан бөгөөд 2 болон 3 дугаар хэсэгт орон нутгийн нэмэгдэл авах төрийн үйлчилгээний албан хаагчдыг зааж, 4 болон 5 дугаар хэсэгт төрийн захиргааны албан хаагчдыг зааж өгсөн. Мөн уг хавсралтын 5 дугаар хэсэгт аймаг, сумын ИТХ-аараа орон нутгийн төсөвтөө тусгуулбал 80 хүртэл хувийн нэмэгдэл авч болох тухай заасан нь орон нутгийн хүний нөөцийн бодлогоо дэмжих заалт гэж харж байна.

4. Манай газраас ЗГ-ын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон улсын төсвөөс сар бүр олгоно” гэсэнд төрийн үйлчилгээний албан хаагчийг хамааруулж ойлгох эсэхэд тайлбар, тодруулга хүсэж 2023.10.24-ний өдрийн 661 дугаартай албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.11.08-ны өдрийн х/924 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт “Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны ангиллыг хуульчилсан бөгөөд “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтад зааснаар нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээний албан хаагч нь хамаарахгүй болно” гэсэн тайлбар ирсэн.

2. 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлага:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрх “60.1.20 аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэсэнд зөвлөх гэж байхгүй байна. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн “67.4 Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө” гэснийг зөрчиж аймгийн Засаг даргын 2023.03.22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх томилсон. Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолд Засаг даргын зөвлөх гэж байхгүй. Аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 24-ний өдрийн А/47 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах тухай” захирамжид байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтцэд “Аймгийн Засаг даргын зөвлөх”-ийг ТҮ ангилалд оруулж баталсан.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана” гэж заасан байдаг. Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 “Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно” гэсэн заалтад хамаарч байхад хэрэгжүүлээгүй.

3. Төрийн улс төрийн албан тушаал гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 “улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал” гэж заасан байна. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай ЗГ-ын 2023 оны 241 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн улс төрийн зарим албан тушаалын цалингийн хэмжээнд” аймгийн Засаг даргын зөвлөх гэж байхгүй байна. ЗГ-ын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан “Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ”-нд заасан аймгийн Засаг даргын орлогчийн цалинтай ижил буюу 1,051,067 төгрөгөөр аймгийн Засаг даргын зөвлөхийн цалинг тогтоосон байна.

4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Д.******* 2024.01.09-ний өдрийн “Төрийн хэмнэлтийн тухай хууль, түүний нэмэлт өөрчлөлт” сэдэвт сургалтаар Засаг даргын зөвлөх гэж орон тоо байхгүй энэ нь зөрчил гэж тайлбарласан. Аудитын үр дүнгээр зөвлөхтэй аймгуудын мэдээллийн ЗГХЭГ-т хүргүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.

3. 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай албан шаардлага:

1. Тус газар нь Нутгийн удирдлагын ордонд 2023 оны 9-р сард шилжин орсноос хойш 2023 он хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 3 дугаарт заасан тус аймгийн Засаг даргын тамгын газрын орон тооны хязгаарыг баримталж орон тооны бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой байсан бол энэ шалтаг гэж үзэж байна.

2. Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” 2023 оны 240 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” зэрэгт тусгагдсан албан тушаалын нэршилтэй таарахгүй, чиг үүрэг давхардсан 11 албан тушаалыг баталсан байна.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 67.2 “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна”, 67.4 “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Энэ нь төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэсэн үндэслэлийг хангаж байна гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 02 дугаар сард аймгийн Засаг даргын Тамгын газарт аудит хийж шалгасан. Энэ үед төрийн үйлчилгээний албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгосон зөрчил илэрсэн. Төсвийн тухай хуулийн 41.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.5 дахь хэсэгт төрийн захиргааны албан хаагч нарт 20 хүртэл хувийн нэмэгдэл цалин олгох боломжтой талаар дурддаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллуулаагүй байна гэж үзсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутгийн зохицуулалтын даргаас бид тайлбар хүссэн. Энэ үед бидэнд төрийн үйлчилгээний албан хаагч нь уг заалтад хамаарахгүй гэж дурдаж өгсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэмж авах эрхтэй байгууллагад эрүүл мэндийн газар, соёл урлаг спортын газрын үйлчилгээний албан хаагч нар хамаардаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан хуульд хамаарч байгаа ба энэ нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр байгаа юм. Актын хувьд ийм тайлбарыг гаргаж байна. Дараагийн дугаарт албан шаардлагатай холбоотой тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг дарга нь зөвлөх ажиллуулж цалинжуулсан зөрчил илэрсэн. Аймгийн Засаг даргын бүрэн эрхийг сайн ойлгох хэрэгтэй. Үүн дээр зөвлөхийг томилж ажиллуулах эрхийг олгоогүй. Засаг даргын зөвлөхийг Төрийн үйлчилгээний ангилалд хамааруулсан байдаг. Зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны гишүүн ажиллуулахад хориглож байгааг харуулж байгаа юм. Дараагийн дугаарт мөн л орон тоо хэтрүүлж ажиллуулсан зөрчилтэй хамааралтай зүйлийг ярьсан. Хамгийн ихдээ 88 хүнд 12 сарын турш цалин олгосон байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг баталж орон тооны бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой байсан гэж үзэж байгаа гэв.

 

3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын тогтоол дээр “Захиргааны” гэж заасныг ойлгож байгаа. Гэхдээ үйлчилгээний гэж хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга гэж ямар бүрэн эрхтэй этгээд байдаг юм бэ? Ерөнхий сайд нь аймаг нийслэлийн Засаг даргыг томилдог байгаа. Томилж байгаа байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг юм. Төрийн байгууллага нь нэгдмэл байх ёстой. Тэрнээс биш 21 аймгийн Засаг дарга нар нь дураараа хуулиас гадуур эрх эдлээд байж болохгүй. Бүтэц орон тоо нь 57 хүн байна гэж нарийн зааж өгсөөр байтал 88 хүн ажиллуулаад байна гэдэг нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг юм. Бусад 20 аймаг нь 57 албан тушаалтнаар ажиллаад болоод байхад ганцаараа 88 ажилтан ажиллуулаад байж болохгүй юм. Төрийн албаны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчөөд яваад байна. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн асуудал дээр л маргаан үүсч байна. Ийм байхад хэрэгжүүлэхгүй байгаа учраас акт тавихгүйгээр албан шаардлага өгч байна. Бид нөхцөл байдлыг ойлгоод засч, залруулах боломжоор хангаж албан шаардлага өгч байгаа. Дараагийн дугаарт зөвлөх ажиллуулсан үйлдэл гаргасан байна. Зөвлөх ажиллуулаад цалинг олгохдоо орлогч даргын цалингийн хэмжээгээр цалинжуулсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оноос хойш хэрэгжиж байгаа билээ. Санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, үрэлгэн байдлыг хязгаарлахад оршиж байгаа. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь шинээр гарч байгаа хуулийг хэрэгжүүлж чадахгүй ойлгохгүй байгаагаас болж өнөөдрийн маргаан үүссэн байгаа нь харагдаж байна. Гэхдээ нэгэнт шүүхэд хандсан байгаа учраас сайн тайлбарлаж өгөх нь зүйтэй юм. Зөвлөхийн чиг үүрэгтэй ямар нэгэн этгээдийг ажиллуулахыг бүрэн хориглосон байгаа. Өнөөдөр аудитын газар нь зөвлөхөд олгосон 1.100.000 төгрөгийг цалинг яриагүй байна. Зөвлөх ажиллуулах боломжгүй учраас зөрчлөө арилгаарай л гэж зөвлөсөн. Гэтэл “үгүй. Бидний зөв” гээд байх юм. 7 жилийн өмнө хэрэгжиж байсан хуулийн зохицуулалтыг одоо яриад байх юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл дээр “зөвлөх гэдэг орон тоо нь тухайн байгууллагад хамаарна” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талаас илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна. Тиймээс зөрчлөө арилгах нь зүйтэй юм. Төрийн байгууллага хуулийг нэг мөр ойлгох хэрэгтэй. Дорнод аймгийн төрийн аудитын газар болон Тамгын газрын дарга нь ижил утга бүхий албан бичгийг хүргүүлсэн гэж ярьж байх шиг байна. Гэхдээ хариу нь өнөөдөр байхгүй байгаа харагдаж байна. Бусад аймгууд ч гэсэн олон байртай ажиллаж байгаа. Зохицуулж ажиллах бүрэн боломжтой юм.

 

3.5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн тогтоолыг яаж ойлгож хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг асуудал яригдаж байна. 382 тоот тогтоол нь төрийн үйлчилгээний албан хаагч нарт орон нутагт ажиллаж байгаагийн нэмэгдлийг олгох тухай тогтоол юм. Гэхдээ тусгай субъектийг зааж өгсөн. Орон нутагт дутагдалтай байгаа төрийн үйлчилгээний албан хаагч нарыг үр бүтээлтэй ажиллуулах, урт удаан хугацаагаар ажиллуулах шаардлагатай байх тул бодлогоор төрөөс нэмэгдүүлж өгч байгаа арга юм. Багш, эмч нарын хувьд суманд ажиллах нь ховор байгаа учраас нэмэгдүүлэх гэж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого юм. Тэрнээс биш бүх үйлчилгээний албан тушаалтнуудад олгож байгаа чинь буруу юм. Орон нутагт хамаарч байгаа бүх төрийн үйлчилгээний ажилчид нэмэгдэл авах ёстойгоор ойлгоод байх юм. Тэгвэл шүүхийн Тамгын газрын төрийн үйлчилгээний ажилчид ч гэсэн авах боломжтой гэж ойлгодохоор байна. Гэтэл тийм биш байгаа. Орон нутагт ажилласны нэмэгдлийг Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч нарт олгоно гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг нь төрийн албан хаагч мөн шүү гэж тайлбарлаж байгаа юм. Засгийн газрын 382 тоот тогтоол дээр Төрийн үйлчилгээний албан хаагч дотроосоо нэр заасан үйлчилгээний албан хаагч нарт олгохоор нарийвчлан зааж өгч байгаа. Хөдөөгийн сэргэлт, нарийн мэргэжлийн ажилчдыг орон нутагт төвлөрүүлэх, хангах зорилгоор хэрэгжиж буй заалт юм. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар өөрөө үндэслэлгүй байна. Үнэхээр бүх Төрийн үйлчилгээнд өгөх гэж байсан бол нарийвчлан заах шаардлага байхгүй 382 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох боломжтой байсан. Ганц Дорнод аймгийн Төрийн захиргааны албан хаагч нарт сургалт хийгээгүй. 21 аймагт сургалт орж байгаа шүү дээ. Гэтэл Дорнод аймгаас л гэхэд 2 газар л энэ зөрчлийг гаргасан байна. Бусад бүхий л төрийн байгууллага хэвийн үйл ажиллагаатай явж байгаа гэдгийг тайлбарласан байна шүү дээ. Матад сумын Засаг даргын Тамгын газар зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот “Төлбөр барагдуулах тухай”:[7]  Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

            Төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл нийт 56.463.601 төгрөгийг олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйцэлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах”, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 4-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон төсвөөс сар бүр олгоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.

            Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгадагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-д “цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон”, 4.2.3.8-д “Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн” гэсэн заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Нэмэгдэл цалинд олгосон 56.463.601 /тавин зургаан сая дөрвөн зуун жаран гурван мянган зургаан зуун нэг/ төгрөгийг Дорнод аймгийн Төрийн санд дахь орон нутгийн хүү, торгуулийн орлогын 100070000952 тоот дансанд төвлөрүүлэхээр акт тогтоожээ”.

3. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот “Зөрчил арилгах тухай”:[8]Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

            Аймгийн Засаг даргын 2023 оны Б/09 дугаартай захирамжаар Засаг дарга өөртөө үйлчлэх орон тооны зөвлөх томилж ажиллуулсан байна.

            Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.4-д “Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

            Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулах байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

  1. Зөвлөх авч ажиллуулсан зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхээр Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт албан шаардлага хүргүүлжээ”.  

4. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот “Зөрчил арилгах тухай[9]Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаартай захирамжаар баталсан орон тоог хэтрүүлэн 11 албан хаагч цалинжуулж ажилласан байна.

Энэ нь Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 8 дугаар хэсэгт “Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан ...Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 57 хүртэл” Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/47 дугаар захирамжаар аймгийн Тамгын газрын бүтцийг аймгийн захиргаа удирдлагын бүтэц 3, Тамгын газрын бүтэц 53, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга 1, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан хаагчдын бүтэц 20 албан хаагчтай байхаар баталсантай нийцэхгүй байна.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулах байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

  1. Батлагдсан орон тооноос хэтрүүлэн ажиллаж байгаа зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор Дорнод аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхээр албан шаардлагыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ”.

5. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.*******гээс  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/2737 тоотТөрийн албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийн зохицуулалтын талаар тодруулга хүссэн Таны 2023 оны 2/2648 дугаар албан бичигтэй танилцлаа.

Төрийн албаны тухай хуулийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж заажээ. “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 4 дэх заалтын “төрийн албан хаагч” гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 3.1.2 болон 10 дугаар зүйлд заасан төрийн, улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагч хамаарна.

Харин тус тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5-д орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид хамаарч байна” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна[10].

 

6. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 489 тоот тогтоолд нэмэлт оруулж, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолд[11] Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын "үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам" гэсний өмнө болон тус тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын гарчгийн "үйлчилгээний албан хаагчид" гэсний өмнө "захиргааны болон" гэж, мөн тогтоолын 5 дахь заалтын "2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс" гэсний дараа ", захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус" гэж тус тус нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журамд дараахь агуулга бүхий 4, 5 дахь заалт нэмсүгэй:

4.Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон улсын төсвөөс сар бүр олгоно.

5.Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно." гэжээ.

 

 Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч гэдэгт улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж заажээ.

Иймд дээрхи хуулийн зохицуулалт Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.*******гийн  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/2737 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 489 тоот тогтоолд нэмэлт оруулж, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн Төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгосон хууль зөрчөөгүй байна.

 

7. Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 тоот захирамжаарМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалт, 11.3 дахь хэсгийг тус тус үндэслэн *******ын *******ийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөхөөр томилсон” нь үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харъяалагдана” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн заалтын дагуу зөвлөх авч ажиллуулсан нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоол нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан тогтоол болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Төрийн аудитын газрын 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот албан шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 57 дугаар зүйлийн 57.17, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус удирдлага болгон  нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Төрийн аудитын газрын 09 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 дугаартай төлбөрийн акт, 18 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309, 19 ДОА-2024/93/НА-СТА-ТШЗ А1170309 тоот албан шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай,

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.АМАРЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 20-р хуудас

[2] Хавтаст хэргийн 21-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 9-10-р хуудас

[6] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[7] Хавтаст хэргийн 6-7-р хуудас

[8] Хавтаст хэргийн 8-р хуудас

[9] Хавтаст хэргийн 9-р хуудас

[10] Хавтаст хэргийн 10-р хуудас

[11] Хавтаст хэргийн 16-р хуудас