Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00851

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин байрлах, *******-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах тухай, JTMHX02J004193487 арлын дугаартай, ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* нь *******-тай 2022 оны 08 дугаар 09-ний өдөр 22/28 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу ******* нь М150, М200, М250, М300, М350 маркийн бетон зурмагаас захиалгын дагуу 300,000,000 төгрөгт нийлүүлэх, ******* нь нэмэлт, тээвэр, помпын үнийг төлөх үүрэг хүлээсэн. 

******* нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 4 удаагийн нийлүүлэлтээр нийт 363,574,000 төгрөгийн бетон зуурмаг авч, 300,000,000 төгрөгийг бартерын журмаар төлж, үлдэх 63,574,000 төгрөгийг төлөөгүй.

Гэрээний 4.3-т заасны дагуу 63,574,000 төгрөгийг 100 хувьд хувааж, хоног тутмын алданги 0.3 хувиар үржүүлэхэд 190,722 төгрөг. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 492 хоног хугацаа хэтрүүлсэн тул алдангийн хэмжээ 93,835,224 төгрөг болсон.

Алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 63,574,000 төгрөгийн 50 хувь 31,787,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Гэрээний 2.1-т зааснаар ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад JTMHX02J004193487 арлын дугаартай, ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон *******-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/*******/, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ/2022.08.09 №22/28/, авлагын тооцоо/*******/, нэхэмжлэх/*******/, ачаа тээврийн баримт/*******/, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ/*******/

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: ******* болон /*******-ийн хооронд байгуулсан гэрээний 2.1-т Нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ ороогүй ба хоёр талын санхүүгийн алба тооцоо нийлж, нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнийг тусад нь тооцно гэсэн заалтыг зөвшөөрөөгүй тул нийт үнэ гэсэн хэсэгт гараар помп, тээвэрлэлтийн үнийг орж тооцогдоно гэж харилцан тохиролцсон.

******* нь бетон зуурмагийн үнэ 300,000,000 төгрөгт тооцон ******* улсын дугаартай Toyota Land Criuser маркийн автомашиныг *******-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/*******/

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Үнийг дутуу төлсөн гэх үндэслэлээр бетон зуурмагийн үнэ бетон зуурмагийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/

Хариуцагч ******* нь Тээврийн зардал болон помпын үнэ бетон зуурмагийн үнэд багтсан, Toyota Land Criuser маркийн автомашиныг бетон зуурмагийн үнэд тооцон өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 79 хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан бетон зуурмагийн үнэ 300,000,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн./Хавтаст хэргийн 204-205 хуудас/

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад бичгээр хариу тайлбар гаргаагүй.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдох бетон зуурмагийн үнэ 363,574,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 300,000,000 төгрөгөөр, алданги 181,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 150,000,000 төгрөгөөр тус тус багасгаж, ******* улсын дугаартай, JTMHX02J004193487 арлын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн./Хавтаст хэргийн 231-232 хуудас/

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, уг шаардлагын талаар маргаангүй учраас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад тайлбар гаргах хугацаагаар хангуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн болно.

2. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22/28 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгээр албажуулжээ.

Уг гэрээний 1.4 дэх хэсэгт Нийлүүлэгч нь захиалгын дагуу бетон зуурмагийг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эд материалаар техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн захиалагчийн барилгын талбайд нийлүүлнэ, 2.1 дэх хэсэгт Барааны үнэ, тоо хэмжээ: бетон М150 м3 -240,000, бетон М200 м3-250,000, бетон М250 м3-260,000, бетон М300 м3-270,000, бетон М350 м3-280,000, нийт үнэ 300,000,000 төгрөг..., 2.1.1 дэх заалтад Төлбөр төлөх нөхцөл: 100 хувь бартерын нөхцөлөөр барагдуулна. Үүнд: Хаан банк ХК өмчлөгчтэй, JTMHX02J004193487 арлын дугаартай, ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон өгнө. Автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хаан банк ХК-ийн нэр дээрээс чөлөөлж, худалдан авагч талд бүрэн шилжүүлэн өгнө гэжээ./Хавтаст хэргийн 7-8 хуудас/

Нэхэмжлэгч нь бетон зуурмагийг хариуцагчийн өмчлөлд, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Учир нь арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болдог.

3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 168 метр.куб М200 маркийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 39 метр.куб М250 маркийн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 332 метр.куб М250 маркийн, 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр 301 метр.куб М250 маркийн, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 43 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг тус тус хариуцагч *******-ийн өмчлөлд шилжүүлжээ.

Хариуцагч ******* нь ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг 300,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгч *******-ийн эзэмшилд шилжүүлжээ.

Дээрх үйл баримт нь хэргийн оролцогчийн тайлбар, нэхэмжлэгч *******-ийн нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр албажсан хариуцагч *******-ийн авлагын тооцоо/хавтаст хэргийн 11 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 168 метр.куб М200 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг 250,000 төгрөгөөр тооцон 42,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 39 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 260,000 төгрөгөөр тооцон 10,140,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 332 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 139,440,000 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 302 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 126,840,000 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 43 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 420,000 төгрөгөөр тооцон 18,060,000 төгрөг, нийт 336,480,000 төгрөг-ийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь 168 метр.куб М200 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг 250,000 төгрөгөөр тооцон 42,000,000 төгрөг, 716 метр.куб М250 маркийн бетон зуурмагийг 1 метр.кубыг нь 260,000 төгрөгөөр тооцон 186,160,000 төгрөг, нийт 228,160,000 төгрөгийн бетон зуурмаг авсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж байна.

Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн М200 болон М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийн талаар маргаагүй.

Харин 2022 оны 10 дугаар сарын 09 өдөр, 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийн дүн нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэлд хавсаргасан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 2.1 дэх хэсэгт Барааны нэр: бетон М250, хэмжих нэгж м3, нэгж үнэ/төгрөг/: 260,000 гэж зааснаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 09 өдөр болон 2022 оны 11 дугаар сарын 04-ний өдөр тус тус нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ нь 260,000 төгрөг болох нь тодорхой байна.

Энэ тохиолдолд 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 420,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй.

Харин 677 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 260,000 төгрөгөөр тооцсон хариуцагчийн татгалзах эрх зүйн үндэслэлтэй.

5. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 2.5 дахь хэсэгт Бүтээгдэхүүний гол түүхий эд болох цементийн үнэ болон түлш, шатахууны үнэ 10 хувиас дээш өөрчлөлт орж, үнэ нэмэгдсэн тохиолдолд бетон зуурмагийн үнийн тариф өөрчлөгдөх бөгөөд өөрчлөгдсөн тарифыг мөрдөж эхэлснээс хойш 3-4 хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэнэ гэжээ.

Анх харилцан тохиролцсон М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ/260,000 төгрөг/ нэмэгдэж, 420,000 төгрөг болсон талаар хариуцагчид гэрээний дээрх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн, бетон зуурмагийн үнийг харилцан тохиролцож, өөрчилсөн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

Иймд М250 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 420,000 төгрөгөөр тооцох эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч *******-ийн нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр албажсан авлагын тооцоо/хавтаст хэргийн 11 хуудас/-ноос үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 207 метр.куб бетон зуурмагийн нэгж үнийг 20,000 төгрөгөөр тооцон 4,140,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 332 метр.куб бетон зуурмагийн нэгж үнийг 22,000 төгрөгөөр тооцон 7,304,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302 метр.куб бетон зуурмагийн нэгж үнийг 20,000 төгрөгөөр тооцон 6,040,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 43 метр.куб бетон зуурмагийн нэгж үнийг 25,000 төгрөгөөр тооцон 860,000 төгрөг, нийт помпын үнэ 18,344,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэдийгээр дээрх помпын үнэ 18,344,000 төгрөгийг анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд үгчлэн шууд тусгагдаагүй боловч бетон зуурмагийн үнэ хэмээн нэхэмжилсэн 63,574,000 төгрөгт багтсан нь тодорхой байна.

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 2.1 дэх хэсэгт Нийт үнэд нэмэлт болон помп, тээвэрлэлтийн үнэ ороогүй ба 2 талын санхүүгийн алба тооцоо нийлж, нэмэлт, помп, тээвэрлэлтийн үнийг тусад нь тооцно. Хот дотор 15 км дотор тээвэрлэлт багтсан үнэ болно гэсний ард Тээвэрлэлт, помп хоёрын үнэ орж, тооцогдоно гэж гараар бичвэр хийжээ.

Энэхүү харилцан зөрүүтэй гэрээний хэсгийн талаар хариуцагч ******* нь Помпын үнэ, тээврийн зардал бетон зуурмагийн үнэд орж тооцогдсон гэж, нэхэмжлэгч ******* нь Бетон зуурмагийн үнэд помпын үнэ, тээврийн зардал ороогүй гэж харилцан эсрэг агуулгаар тайлбарласан.

Үүнээс үзэхэд нэмэлт бодисын үнэ нь бетон зуурмагийн үнэд багтаж байгаа талаар зохигчийн тайлбар, гэрээний заалт харилцан зөрүүгүй байна. Харин помпын үнэ нь бетон зуурмагийн үнэд орох эсэх талаар зохигчийн тайлбар, гэрээний зөрүүтэй байна.

Помпын үнэ нь бетон зуурмагийн үнэд багтах эсэх талаар зохигчийн харилцан зөрүүтэй тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Гэвч зохигч нь помпын үнийг бетон зуурмагийн үнэд багтсан эсэх талаар шаардлага, татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй, хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбарыг нөгөөгөөс нь илүүд авч үзэх боломжгүй тул бетон зуурмагийг өөр газар шахах ажлыг гүйцэтгэдэг помпын зардлыг чухам хэн хариуцахыг гэрээгээр харилцан тохиролцоогүй гэж үзлээ.

Энэ тохиолдолд бетон зуурмагийг нэхэмжлэгч *******-иас хариуцагч *******-ийн барилгын талбайд хүргэж, шахуурга/помп/-аар шахах зардлыг худалдан авагч буюу ******* хариуцна.

Учир нь Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэжээ.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах тухай хуулийн дээрх хэсэгт нь арилжааны гэрээнд нэг адил хамаарна.

Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан.

7. Нэхэмжлэгч *******-ийн нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр албажсан авлагын тооцоо/хавтаст хэргийн 11 хуудас/-ноос үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 302 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг нэгж үнийг 25,000 төгрөгөөр тооцон 7,550,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 48 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн нэмэлт бодисын нэгж үнийг 25,000 төгрөгөөр тооцон 1,200,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ нийт 8,750,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэдийгээр дээрх нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөгийг анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд үгчлэн шууд тусгагдаагүй боловч нэхэмжлэлийн үнийн дүн 63,574,000 төгрөгт багтсан нь тодорхой байх бөгөөд бетон зуурмагийн үнэд багтахгүй, тусдаа тооцогдох талаар зохигч маргаагүй байна.

8. Дээрх дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, арифметик тооцоолол хийхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас 168 метр.куб М200 маркийн бетон зуурмагийн үнэ 42,000,000 төгрөг, 716 метр.куб М250 маркийн бетон зуурмагийн үнэ 186,160,000 төгрөг, помпын үнэ 18,344,000 төгрөг, нэмэлт бодисын үнэ 8,750,000 төгрөг, нийт 255,254,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.

Гэвч хариуцагч ******* нь Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 300,000,000 төгрөг тооцон ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг нэхэмжлэгч *******-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлжээ.

Үүгээр арилжааны гэрээний дагуу хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хариуцагчийн үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгчийн хариуцагчаас хөрөнгө гаргуулахаар шаардах эрх дуусгавар болжээ.

Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь үүрэг дуусгавар болох үндэслэл байхаар заажээ.

Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдох бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз , 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус тодорхойлжээ.

Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 4.3 дахь хэсэгт Захиалагч тал бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 2.3 хувьтай тэнцэхүйц алдангийг нийлүүлэгчид төлнө гэжээ.

Хуулийн хэрэгт хэсэгт дурдсан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас алданги гаргуулахаар шаардах эрхгүй.

Учир нь хариуцагч ******* нь ******* улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг нэхэмжлэгч *******-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлснээр арилжааны гэрээгээр хүлээсэн хөрөнгө шилжүүлэх үүрэг дуусгавар болсон талаар дээр эрх зүйн тодорхой дүгнэлт хийсэн болно.

Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдох алданги 31,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* JTMHX02J004193487 арлын дугаартай, ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс үзэхэд ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөгчөөр Хаан банк ХК бүртгэгдсэн боловч хариуцагч *******-иас фидуцийн гэрээний үүргийг дуусгавар болгож, автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******-д шилжүүлэх боломжтой.

Үүний улмаас фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангагдсан Хаан банк ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл фидуцийн гэрээний зүйл болсон байгаа талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан болно.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Шүүхээс бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637,755 төгрөг, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,407,950 төгрөг, нийт 3,042,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны явцад хариуцагч *******-д холбогдох бетон зуурмагийн үнэ 363,574,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 300,000,000 төгрөгөөр, алданги 181,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 150,000,000 төгрөгөөр тус тус багасгасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах нь хариуцагчаас үл хамаарах нэхэмжлэгчийн эрх тул багасгасан шаардлагын үнийн дунд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахгүй, улсын орлогоос буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамжийг буцаах олгох тохиолдол энэхүү иргэний хэргийн тухайд үүсээгүй болно.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана, уг хэсгийн 7.1.2 дахь заалтад эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлөх байжээ.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бус шүүх хуралдааны явцад гаргасан тул улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байсныг харгалзан үзэж, хариуцагч зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан ногдох улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах шаардлагатай.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *******-ийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 245 дугаар зүйлийн 245.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэг, 236 дугаар 236.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдох бетон зуурмаг/помп, нэмэлт бодис/-ийн үнэ 63,574,000 төгрөг, алданги 31,787,000 төгрөг, нийт 95,361,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-ийн JTMHX02J004193487 арлын дугаартай, ******* улсын дугаартай, Toyota Land Criuser 200 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3,042,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАТ