| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Ш-гийн Г-т холбогдох 1716001350002 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн ........... сумын ....... баг, .......... хорооны 5-11 тоотод оршин суудаг, 19** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ........... цэцэг нуурын сав газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ш-гийн Г гэв.
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед **-** ГАҮ улсын дугаартай соната-6 маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Гоёо худалдааны төвийн урд талын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс ирж яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас **-** ГАА улсын дугаартай Иж планета-5 маркын мотоцикльтой мөргөлдөж Д.Т-ын биед хүндэвтэр, Д.Т-ын эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай мотоцикльд 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед **-** ГАҮ улсын дугаартай соната-6 маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Гоёо худалдааны төвийн урд талын засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.10-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс ирж яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас **-** ГАА улсын дугаартай Иж планета-5 маркын мотоцикльтой мөргөлдөж Д.Т-ын биед хүндэвтэр, Д.Т-ын эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай мотоцикльд 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ш.Г-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа хүүхдээ гэртээ хүргэж өгчихөөд буцаж явах замдаа Эрдэнэт хивс орох зорилготой явж байсан. Тэгээд Гоёо дэлгүүрийн уулзвараар дээшээ эргэх дохиогоо өгөөд зүүн гар тийшээ эргэхдээ урдаас ирж байгаа машин байна уу? гээд харахад саад учруулах зүйл байхгүй байсан учраас би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байсан чинь яг уулзвар руу ороод бараг чөлөөлж байхад мотоцикль маш их хурдтай ирж байсан. Тэгээд чигээрээ явалгүй даяраад ирсэн. Тэгээд өмнө нь хөдөлгөөнд оролцож байхад таксины хүмүүст байнга зам тавьж өгдөг байсан. Тэр зуршлаараа тэр хүнийг согтуу байна гэж бодоод би угаасаа бага хурдтай явж байсан болохоор зогсоод зүүн гар тийшээ эргэх гэж байгаа юм байна гэж бодоод зогссон чинь тэр мотоцикль хэтэрхий хурдтай явж байсан болохоор чигээрээ явах боломжтой байсан мөртлөө даяраад ирэхээр нь би согтуу хүн байна гэж ойлгоод зогстол миний машины урд талыг ирж мөргөөд цаашаа замын хашлага очиж мөргөөд шаахай нь хажуу тийш хазайгаад нэлээд удаан зогсож байсан. Тэгээд тогтож байснаа хазайсан тал руугаа унасан. Ингэж унахдаа тэр хүний хөл нь хугарсан юм байна лээ. Тэгээд унасныхаа дараа тэр хүн босож ирээд Түлээний зах руу явж хүмүүс дуудаад наашаа цаашаа харайгаад байсан. Тэгээд би гайгүй байгаа юм байна гэж бодсон. Би бол тэр хүнийг согтуу хүн байна гэж ойлгосон. Тэгээд би өөрөө сандраад нөхөр рүүгээ ярьсан. Тэгээд цагдаа, түргэн тусламж ирээд, мөн тэр хүний гэр бүл хүүхдүүд нь бас түлээний захын хүмүүс ирчихсэн байсан. Тухайн үед хөл нь хугарчихсан байна гээд түргэн тусламж дуудаад Цагдаагийн байгууллага ирээд шинжилгээ дүгнэлтээ гаргаад явцгаасан... Төв дотроо 60 байдаг гэсэн. Тэгэхээр надад бол бүр их хурдтай л ирж байсан юм шиг санагдсан. Тэгээд хамгийн гол нь уулзварын цаана байхад би дохио өгч ороод даяраад ороод ирэхээр нь би зогсчихсон. Тэр л миний буруу болчихсон. Яг ямар хурдтай байсныг тооцоолж хэлж мэдэхгүй байна... Тийм даяраад ороод ирэхээр нь би согтуу хүн байна гэж бодоод тоормос гишгэж зогссон. Тухайн үед сэтгэж чадсан бол тоормосоо гишгэлгүй тэр чигтээ явчих байсан байна гэж хувьдаа үзэж байгаа...Замын хөдөлгөөний дүрэм бол манай аймгийн мотоцикльтой хүмүүст хэрэгждэггүй. Тэгээд тэр зуршлаас болоод хэрвээ замын хөдөлгөөний дүрэм нь хэрэгждэг тэр мотоцикльтой хүмүүс нь дүрмээ баримталдаг байсан бол ийм осол гарахгүй байх байсан. Тэр зуршлаас нь болоод би айсандаа согтуу хүн байна гэж бодоод би зогсчихсон. Хэрвээ дүрмээ бариад явдаг байсан бол тэр хүн ч гэсэн хурдаа тааруулаад замын хөдөлгөөнд орох байсан. Тэр хүн хурдаа тааруулж явсан бол бид хоёрын хөдөлгөөнд саад болохооргүй дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцсон учраас би тэр тал дээр гомдолтой байна. Тэр хүн хурдаа тааруулж явсан бол ямар ч осол гарахааргүй байсан...хадаасны мөнгө гээд 500.000 төгрөг төлсөн байгаа. Тэгээд миний санаа зовж байгаа зүйл юу гэхээр би ажилд ороод удаагүй байсан. Тэгээд яамнаас сургалттай гээд яг сургалтандаа явах гээд явахаасаа өмнө хүүхдэдээ эсгий улавч авч өгөх гээд сургалтандаа явах бэлтгэлээ хийгээд явж байсан. Тэгээд тэр хүмүүсийн хамаг гомдол нь юу гэхээр тэр сургалт 14 хоног үргэлжилсэн Увсад болоод наашлаад Ховдод манайх сургалт хийсэн. Тэгээд бүр хөндлөнгийн хүмүүс биш бас худ шах уу хүмүүс болохоор би нөхөртөө сайн ойлгуулаад хэнэггүй царайлаад яваагүй юм шүү. Яах аргагүй ажлын шаардлагаар явлаа шүү гэж хэлээд манай нөхөр миний арыг даагаад гайгүй байх аа боломжоор нь эмчилгээ юу байна асуугаад санаа тавиад байж байя гэсэн. Тэгээд би бас явахдаа охинд нь хэлсэн тэр дүү нар нь ч гэсэн намайг Ховдод явж байхад ч энд ирчихсэн байхад ч гэсэн утсаар залгаж хэл амаар доромжилсон. Тэр бол хүний сэтгэлийн хөөрөл би тэрийг хүндээр хүлээж авахгүй байгаа. Тэгээд тэр охин нь утсаар мэдүүлэг өгсөн байсан. тэр нь юу гэхээр ажил хийлгэхгүй байнга залгаад янз бүрээр хэлээд байхаар нь би хамгийн гол нь тэрийг тайлбарлаж өгөх гэж очсон. Би мөргөчихөөгүй юм шүү аль алиных нь буруу байсан. Би мөргөсөндөө санаа зовж байна. Тэгээд ирээгүй байгаа шалтгаан маань сургалт байсан юм шүү. Аль болох боломжоороо бүр болохгүй бол эмчилгээний зардлыг чинь хавар санхүүгийн боломжтой болохоороо төлье гээд эхнэрт нь бас хэлсэн одоо бид нарт боломж нь ийм байна аа. Тэгээд хавар боломжоороо мөнгөний боломж юу байна харж байгаад өгнө гэж хэлсэн. Тэгээд яваад ирсний дараа хандлага нь их хэцүү байхаар нь би гайхаад нөхрөөрөө л дамжуулаад охинынд нь очсон чинь охин нь бас дурамжхан байхаар нь та нар буруу ойлгоод байна гэсэн чинь миний өмнөөс дайраад байхаар нь за за та нар намайг ойлгохыг хүсэхгүй байгаа юм байна. Намайг зүгээр явж байхад нь дайраад хөлийг нь хугалчихсан гэж над руу зөндөө дайрч доромжилсон. Тэгэхээр нь би тэгээгүй шүү гээд одоо хэл амаа ололцохгүй юм чинь хуулийн байгууллагаар шийдвэрлүүлье. Өөр надад сонголт үлдсэнгүй та нар ойлголцох гэхээр над руу дайраад байх юм гэсэн чинь охин нь уурлаад ээж рүүгээ хэлсэн байсан. Тэгээд та нар эргэж тойрохгүй зөндөө явчихаад гээд байсан. манай нөхөр бол аль болох боломжоороо эргэж байсан гэж хэлсэн. Би бол сургалт нь ямар ч зай завсаргүй орж байсан болохоор шөнө болчихоор нь санаа зовоод нөхөр рүүгээ л залгаж асуудаг байсан...Хамгийн гол нь тэр мотоцикль хурдаа тааруулж явж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би бол маш тайван удаан явж байсан. Тэгэхэд тэр мотоцикль маш их хурдтай явж байсан... Би зүүн гар тийш эргэх дохио өгөхөөсөө өмнө харахад мотоцикль яг уулзвар руу орж ирээгүй байсан юм...Миний машины урд талын дугаар нь эвдэрсэн. Мөн машины хамрыг мотоциклийн рулээр нь зурчихсан байсан. Тэгээд бид нар тэр хүн л гайгүй бол миний машин яахав гээд тогтоолгоогүй. Тухайн мотоциклийн эвдрэл нь осолтой ямар ч хамааралгүй. Хажуу тийшээ жаахан хазайж байгаад зөөлөн унасан...500.000 төгрөг өгсөн байгаа. Хамгийн гол нь тэр хүн замын хөдөлгөөндөө соёлтой оролцсон бол ийм зүйл болохгүй байсан. Би тэр хүнийг бас бага зэрэг мэднэ. Хөл муутай, ерөнхийдөө бие муутай, хөл нь тоормосоо гишгэж чаддаггүй эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнд оролцох чадваргүй тийм хүн гэж би мэддэг. Тэгээд бас тэр хүнийг би тухайн үед архи уусан байсан болов уу? гэж бодож байгаа. Архи ууснаасаа болж хурд хэтрүүлсэн байх. Мөн мотоциклийнх нь тоормос барьдаггүй хөдөлгөөнд оролцох боломжгүй мотоциклиор хөдөлгөөнд оролцсон гэдэг зүйлүүдийг харгалзаж үзээсэй... Энэ торгуулийн хэмжээг багасгах боломж байгаа болов уу...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө тодорхой хэмжээгээр ойлгож байна. Гэхдээ бас тур хүн мотоциклийнхоо тоормосоо янзлаад замын хөдөлгөөндөө оролцсон бол бас ийм асуудал гарахгүй байх байсан. Үүнийг бас харгалзаж үзээсэй гэж бодож байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа гэхээр одоо Цагаан сар дөхөж байгаа болохоор цагаан сарын дараа 2,3 хувааж төлж болох уу? одоогоор манай өрхийн орлого төлөх боломжгүй байна. 4,5 дугаар сард 2 хуваагаад төлбөл болох байх... Ямар ч гэсэн хохирогч Т гуайд би санаа зовж байгаа. Тэгээд одоо бол санаа зовж байгаа ч гэсэн биеэрээ ирэхээс өөр боломжгүй байгааг ойлгоосой гэж хүсэж байна. Надад санхүүгийн боломж жаахан муутай байгаа. Тэгээд эргэж тойроод очиж байгаа боловч сөргөөр хүлээж аваад байгаа. хохирогч Т гуай намайг зөвөөр ойлгоосой маш их санаа зовж байгаа. Хөл хугарсанд их харамсаж байгаа. Хэн хэнийгээ зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Шинэ-Алтай захын баруун талын замаар хойноосоо урагш засмал замаар иж-планета-5 маркын тээврийн хэрэгсэлтэй явж байтал урдаас явж байсан машин баруун зүгрүү эргэх гээд хөндөлдөөд ороод ирсэн. Тэгэхээр нь хүний машин мөргөөд яах бэ гээд машинаас зугатаалгаж дараад машинтай шүргэлцээд замын хашлага мөргөж унасан. Миний хөл хугарсан, няцрал ихтэй байгаа. Эмнэлэгийн болон эмчилгээний зардал, тээврийн хэрэгсэлийн эвдрэлийг засуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх 10-11-рт/,
Шүүгдэгч Ш.Г-гийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Гоёо дэлгүүрийн хойд хэсгийн уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэх гээд машины дохио өгөөд эргэсэн. Тэгэхэд улаан өнгийн шаахай мотоцикль ирж байсан. Тухайн мотоциклийг ирэхээс өмнө уулзвараар гарч амжихаар байсан учраас уулзвараар гарах үйлдэл хийсэн. Тэгэхэд зорчих хэсгийн эсрэг эгнээ буюу мотоцикль ирж байсан эгнээг өнгөрч уулзвар луу машин орсон байхад чигээрээ явж байсан мотоцикль замаараа чигээрээ яваагүй, дохио өгөлгүй уулзвар луу орж ирээд миний машины өмнүүр ирэх шинжтэй байхаар нь би тоормос гишгээд машинаа зогсоосон. Тэгэхэд нөгөө мотоцикльтой хүн миний машины урд хэсгийг мөргөөд цаашаа чигээрээ яваад замын брожур мөргөсөн. Тэгэхэд мотоцикль нь зүүн талаараа замын брожур луу налж хэсэг тогтож байгаад мотоцикль зүүн талаараа замын брожур дээр унасан...” гэх мэдүүлэг /хх 34-35-рт/,
Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би засмал замаар хойноос урагшаа чиглэлтэй Шинэ-Алтай захруу явж байсан...Би сандарсан машин өмнүүр орж ирэхээр нь тоормос гишгэх шиг болсон. Гэхдээ дутуу гишгэсэн байж магадгүй. Тоормос гишгээд мотоцикль зогсоогүй би ямар ч байсан тухайн машины урд талаар нь тойроод гарах бодолтой байсан...Миний мотоциклийн тоормос нь хэвийн ажиллагаатай тоормос гишгэхэд тухайн газартаа нам зогсдог юм. Осол болох үед би тоормосоо муу гишгэсэн байх...Тэр машины урд талаар тойроод гарч болно гэж бодоод явсан юм...Миний мотоцикль машинтай шүргэлцэх үед миний хөл хугараагүй харин цаана очиж боржуур дээр унахад миний хөл хугарсан юм...” гэх мэдүүлэг/хх 36-38-рт/,
Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний ойлгосноор манай эхнэр Г нь зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлийг өнгөрүүлээгүй буруутай, харин мотоциклийн жолоочийн хувьд хурд тааруулж яваагүй, урд нь аюул саад болсон тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, мөн би журмын хашаанд очиж машин мотоцикльд үзлэг хийхэд би оролцсон тэгэхэд мотоциклийн урд талын дугуй нь тоормос барихгүй байсан тэгэхээр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан зэрэг буруутай үйлдэл ажиглагдаж байна...” гэх мэдүүлэг /хх 39-рт/,
Гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай аавын унаж байсан ***** ГАА улсын дугаартай мотоциклийн урд дугуйны тоормос барихгүй байсан. Урд хэсгийн 2 амаржин муруйсан, урд дугуйны обуд жайжийсан байсан бусад зүйлс нь зүгээр байсан. Харин нөгөө машины тоормос хэвийн ажиллагаатай урд талын гупер нь баруун талдаа хар өнгийн зураас олон тоогоор гарсан байсан...2009 онд **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг би авч байсан тухайн мотоцикль нь миний нэр дээр байдаг бөгөөд би өөрийн аав Д.Т-т өгчихсөн юм. Тиймээс энэ **** ГАА улсын дугаартай мотоцикль нь манай аав Төмөрбаатарын өмч хөрөнгө гэсэн үг. Энэ мотоциклийг манай аав Т унаж ашиглаж байгаа юм... Энэ мотоциклийг 2009 оноос хойш унаж ашиглаагүй байж байгаад 2017 онд сэлбэж засварлаад асаасан юм. Тэгээд манай аав өөрөө унаж байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №352 “...1.Иргэн Д.Т-ын биед гэмтэл учирсан байна.
2.Иргэн Д.Т-ын биед зүүн шилбэ ясны бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрхи гэмт нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 45-46-рт/,
-2017 оны 12 сарын 21-ны өдрийн шинжээчийн “...Нэг.Жолооч Ш.Г нь **-** ГАҮ улсын дугаартай соната -6 маркын автомашин жолооч Д.Т нь планета-5 маркын **-** ГАА улсын дугаартай мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргөлдсөн үйлдэлд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг хэн хэн нь зөрчсөн байна гэж үзлээ.
Хоёр. **-** ГАҮ улсын дугаартай Санота-6 маркын автомашины жолооч Ш.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлгийн 12.10-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг, Планета-5 маркын **-** ГАА улсын дугаартай мотоциклийн жолооч Д.Т Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.1-д заасан “механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 9 бүлгийн 9.2 -д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна,
Гурав. Жолооч Д.Т нь хөдөлгөөнд аюул, саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй, жолооч Ш.Ганчимэг нь адил замаар өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй үйлдлүүд нь зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна,
Дөрөв. Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэх автын ослын дүгнэлт /хх 50-рт/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/хх 12-рт/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа/хх 41-рт/,
Үнэлгээний дүгнэлт/хх 57-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/хх 12-рт/ гэрч Г-гийн мэдүүлэг/хх 34-рт/, хохирогч Т-ын мэдүүлэг/хх 36-37-рт/, гэрч О-ын мэдүүлэг/хх 39-40-рт/, гэрч Н-ын мэдүүлэг/хх 42-43-рт/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/хх 45-46-рт/, зам тээврийн ослын дүгнэлт/хх 50-рт/, үнэлгээний дүгнэлт/хх 57-рт/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г-гийн хүсэлтээр: Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ш.Г-гийн яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Г нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ш.Г-гийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Т нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1000000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэсэгт ямар ч баримт байхгүй байх тул шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу үнэлгээчний үйлчилгээний хөлс 20.000 төгрөгийг гаргуулж “Угалз мэргэн” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Г-гийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...мотоциклийн жолоочийн хувьд хурд тааруулж яваагүй, урд нь аюул саад болсон тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, мөн би журмын хашаанд очиж машин мотоцикльд үзлэг хийхэд би оролцсон тэгэхэд мотоциклийн урд талын дугуй нь тоормос барихгүй байсан тэгэхээр бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан зэрэг буруутай үйлдэл ажиглагдаж байна...”гэх мэдүүлэг /хх 39-рт/, гэрч Т.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай аавын унаж байсан **** ГАА улсын дугаартай мотоциклийн урд дугуйны тоормос барихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43-рт/, авто ослын шинжээчийн “...Планета-5 маркын **-** ГАА улсын дугаартай мотоциклийн жолооч Д.Т Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.1-д заасан “механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 9 бүлгийн 9.2 -д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн... Гурав. Жолооч Д.Т нь хөдөлгөөнд аюул, саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй...” гэх дүгнэлт зэргээр хохирогчийн буруутай үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь тодорхой харагдаж байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хохирогчид 500.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Т-ын шүүхийн шатанд ирүүлсэн хүсэлт /хх 150/-ээр тогтоогдож байгаа мөн прокурор 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.Г-гийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ш.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 137-рт/, шүүгдэгч Ш.Г нь “...Энэ торгуулийн хэмжээг багасгах боломж байгаа болов уу...одоо Цагаан сар дөхөж байгаа болохоор цагаан сарын дараа 2, 3 хувааж төлж болох уу? одоогоор манай өрхийн орлого төлөх боломжгүй байна. 4, 5 дугаар сард 2 хуваагаад төлбөл болох байх...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүхээс прокурорын болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, **** ГАА улсын дугаартай улаан өнгийн шаахай залгасан Иж планета-5 маркын мотоцикль 1 ширхэгийг эзэмшигч Т.Н-д, мөн **-** ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн Sonata-6 маркын суудлын автомашин 1 ширхэгийг эзэмшигч Б.Олонбаяр нарт тус тус буцаан олгох, мөн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Т-т 500.000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй,иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Ш-гийн Г-гийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ш.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт, 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах, 0117 ГАА улсын дугаартай улаан өнгийн шаахай залгасан Иж планета-5 маркын мотоцикль 1 ширхэгийг эзэмшигч Т.Н-д, мөн **-** ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн Sonata-6 маркын суудлын автомашин 1 ширхэгийг эзэмшигч Б.О нарт тус тус буцаан олгосугай.
6. Хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Т-т 500.000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй,иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу үнэлгээчний үйлчилгээний хөлс 20.000 төгрөгийг гаргуулж “Угалз мэргэн” ХХК-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА