| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2103002060275 |
| Дугаар | 2023/ДШМ/137 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/137
2023 01 31 2023/ДШМ/137
П.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Э,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
хохирогч Х.Г-ын өмгөөлөгч О.А,
иргэний хариуцагч Б.О-ын өмгөөлөгч Э.А,
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ш.Г,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор П.Бт холбогдох ............................ дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 22 цаг 20 минутын үед .............. дүүргийн .......... дугаар хороо, ............... дүгээр гудамжны замд “.......................” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А-гийн амь нас хохирсон, явган зорчигч Х.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Б-т эрх бүхий байгууллагын хяналтан дор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газраар зорчихгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч П.Б-ын “В С D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Х.Г, Б.Б нар нь цаашид гарах цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял завшиж байгаад гомдолтой байна. Хүний амь насыг бүрэлгэсэн хүнд хэтэрхий энэрэнгүй ёс гаргаж, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэсэнтэй утга нэг сонсогдож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь ялтан болж гэмт хэргийнхээ хортой үр дагаврыг бүрэн ухамсарлаж ойлгож, ял шийтгэлийг зөв оногдуулах ёстой. Ялын зөв шударга бодлого баримталж ялтанд ял оногдуулна гэж итгэж байна. Эсхүл хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шүүх хуралдаанд гаргасан байр сууриа дэмжиж, дээрх зардлуудыг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байр суурьтай оролцож байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоол өмнөх шийтгэх тогтоолыг хуулбарласан байдаг. Мөн хохирогч Х.Г анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байтал шийтгэх тогтоолд оролцсон мэтээр бичигдсэн байсныг залруулах нь зүйтэй байна гэв.
Иргэний хариуцагч Б.О-ын өмгөөлөгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирол төлбөрт 19.000.000 төгрөг төлсөн учир хохирол бүрэн төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүх бүх хохирлыг тооцож үзээд 168.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Х.Г ажил эрхэлдэг болох нь тогтоогддоггүй. Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа хувь хүний тодорхойлолтоор хохирогчийг ажил хөдөлмөр эрхэлдэг гэж дүгнэх боломжгүй байсан учир цалин хөлсийг орхигдуулж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцсон мэтээр тэмдэглэсэн гэж тайлбарлаж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолд тийм зүйл байхгүй. Хохирогч Х.Г-ын өмгөөлөгч О.А гэж бүртгэгдсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч талаас уучлал хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Ш.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлд маргахгүй. Хохирол төлөгдсөн бөгөөд цаашид эдгээр хүмүүст шаардлагатай бол тусална гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас илэрхийлсээр ирсэн. Мөн хохирогчийн ажил хөдөлмөр эрхэлдэг тухай баримтад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх ёстой ч төлөгдөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн нийгмийн даатгал төлсөн, цалин хөлс авч байсан талаарх баримт хангалттай бус байна гэж үзээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргаж өгсөн эм тариа авсан баримтууд эмчийн бичиж өгсөн жорын дагуу авсан эмнүүд биш бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 168.000 төгрөгийн баримт байсан тул үүнийг гаргуулж шийдвэрлэсэн. 168.000 төгрөгийг тэр даруй төлсөн. Бусад баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учир цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Тээврийн прокурорын газраас П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 2022/ШЦТ/850 дугаар бүхий шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Учир нь,
Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тус тус тусгана гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т 19.202.000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн боловч Б.Б шүүгдэгч П.Б-аас аваагүй гэж мэдүүлжээ. Харин шүүх ямар үндэслэлээр Х.Г-д 4.339.448, Б.Б-т 19.202.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан талаар болон хохирогч Х.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж, тогтоогоогүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй зөрчил тогтоогдож байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ДШМ/467 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй байна.
Энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ