Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01975

 

 

 

 

 

 

 

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02742 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Д-гийн хариуцагч Б.Н-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16 410 000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Б.Н-т 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр найзынхаа гуйснаар 7 000 000 төгрөгийг хүүтэй зээлсэн юм. Гэвч Б.Н- нь мөнгө зээлж авсан өдрөөс хойш огт холбогдохгүй утас нь холбогдох боломжгүй байсаар нэг ч төгрөг төлөхгүй явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан. Би анх намайг гуйсан найзаасаа машинаараа хамт яваад хайлцаад өгөөч гэж гуйсан боловч би хаягийг нь мэдэхгүй, завтай болохоороо хамт яваад өгье гэж хүлээлгэсээр бүтэхгүй болохоор нь би таньдаг хүнийхээ машинд 20 000 төгрөгөөр бензин төлөн барин бүтэн өдөржин офицер, улаанхуаран, ботаник хавиар хайж арай гэж амьтан хүн мэдэхгүй, гадна хаяг байхгүй бөглүү газарт бүр дээр үеийн байрыг нь арай хийж олон уулзахад Б.Н- нь Солонгос улсад ажилллаж байгаад саяхан ирсэн. Чамаас мөнгө зээлсэн өдөр утсаа хулгайд алдсан. Одоо өөр утастай байгаа. Удахгүй Солонгос улсаас миний ачаа бараа ирж байгаа, би удахгүй бүх мөнгийг чинь өгөөд асуудлаа нэг тийш болгоно, хүлээж байгаа гэсэн. Ингэж хүлээсээр байгаад таны надтай хийсэн гэрээний хугацаа чинь дууссан байгаа тул гэрээгээ сунгая гэхэд ёстой тийм юм байхгүй, би наад гэрээн дээр чинь юу ч бичихгүй бас ямар ч гарын үсэг зурахгүй, чи зүгээр надад итгээд түр хүлээчих, би цалингийн зээл аваад бүх мөнгийг чинь төлчихнө, санаа зоволтгүй гэсэн. Би өөрөө хувиараа лангуу ажиллуулж мөнгөөрөө бараа аван эргэлдүүлж, мөнгөө сар бүр нугалан ашиглаж, олсон мөнгөөрөө сар бүр төлдөг аливаа төлбөр, лизинг, зээл гэх мэт бүх түрээс төлбөр тооцоогоо төлж амьдралаа залгуулдаг юм. 2019 оны хавар хэсэг амрахаар ажлаа завсарласан үе таарч, мөнгөө бага ч болтугай хүүтэй хүнд өгөөд буцаагаад авчихна, хоолныхоо мөнгийг ядаж олж байя гэж Б.Н-т итгэн зээлдүүлсэн. Гэвч мөнгийг минь өгөөгүйгээс төлөвлөсөн бүх ажил бүтэлгүйтэж сар бүрийн төлбөр тооцоо, мөнгөний хэрэгцээ шаардлагаар хүнээс 10 хувийн хүүтэй зээл авахаас өөр аргагүйд хүрч, сар бүр 500 000 төгрөгийн хүүг хүнд төлж явж хохирч байна. Гэтэл одоо болохоор Б.Н- нь чамд алданги төлөхгүй, мөнгийг чинь өгч чадахгүй, тэр шүүхдээ хандаад ав гэж хэнэг ч үгүй өөдөөс ярьж сууна. Б.Н- нь надаас мөнгө зээлэхийн өмнө банк бусад байраа тавин зээл авсан байсан ба банк бус нь сар бүрийн төлөлт өндөр, хүүгээ төлөхгүй хоног хэтрэх төдийд хүү, алданги нь өсөн нэмэгдэж явдаг тул намайг тэр зээлийг нь хагаад өгөөч хэмээн гуйж би банк бус дээр нь очиж хамаг зээлийг нь хааж өгч, нэмж олон сая төгрөгөө итгэн зээлүүлсний эцэст өөрөө сар бүр хүнд хүү төлж хохирч явна. Иймээс Б.Н-аас зээлийн гэрээний дагуу тохиролцсон ёсоор 14 910 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн 2020 оны өнөөдрийг хүртэл хүнээс хүүтэй мөнгө зээлж, сар бүр 500 000 төгрөг, нийт өнөөдрийг хүртэл 3 500 000 төгрөгийг төлснөөс тодорхой хувь болох 1 500 000 төгрөгийг Б.Н-аас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Б.Н- нэхэмжлэгч О.Д- нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан 7 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болохоор зээлийн гэрээ хийсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 20 байрны 12 тоотод байрлах Ү-2204009250 дугаарт бүртгэлтэй 20 м.кв талбайтай 1 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч нь надад улсын бүртгэл дээр бүртгүүлсэн барьцаалбар холбогдох материал, зээлийн гэрээний нэг хувийг өгөөгүй. Зээлдэгчээс зээлийн 7 000 000 төгрөг авсан нь үнэн. 4 000 000 төгрөгийг банк бус байгууллагын барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгөө авч, О.Д-д барьцаанд тавьж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5020799614 тоот дансанд шилжүүлэн авсан. Зээл авснаас хойш утсаа хулгайд алдаж, ямар нэгэн холбогдох дугаар байхгүй болсон надад зээлийн гэрээний нэг хувь болон холбогдох материал юу ч өгөөгүй учраас би холбогдож чадаагүй. Би Солонгос улс руу яваагүй, тэнд байдаг хүнээс мөнгө зээлье, тэгээд зээлээ төлье гэж бодсон боловч тэр хүн ажилгүй байна, өвчин гарчихсан гээд мөнгө зээлээгүй. Би найзаар дамжуулан холбогдож зээл аваагүй фэйсбүүк хаягаар зараар олсон юм. Би мөнгийг нь төлье гэхдээ үнэхээр өндөр хүү өгч чадахгүй байна, уучлаарай надад байгаа ганц байраа зараад 12 000 000 төгрөг өгье гэсэн тэр мөнгө чинь бага байна чамаас шүүхдэж бүх хүү мөнгөө авна гээд доромжлоод загнаад байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас зээл 7 000 000 төгрөг, 6 сарын хүү 2 940 000 төгрөг, нийт 9 940 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно, мөн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгө хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй учир барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг маргах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 14 910 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н- шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009250 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 20 байр, 12 тоот хаягт байрлах 20 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас 302 700 төгрөг, илүү төлсөн 450 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож, хариуцагч Б.Н- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байх тул шүүхийн шийдвэрийг 6 710 000 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан 7 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч Б.Н- авсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон. Тиймээс зээлийн гэрээний хугацааны турш төлөгдөх хүүг төлж барагдуулахаас илүү мөнгө төлөх үндэслэлгүй юм. Гэтэл шүүхээс хугацаа дууссанаас хойш 9 сарын хүү, алданги төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232.4-т заасны дагуу шүүх хуралдаанд удаа дараа хэлж нөхцөл байдлаа тайлбарлахад шүүх түүнийг харгалзан үзэлгүйгээр хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчиж нэхэмжлэгчид давуу байдал үүсгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс үүнийг багасгаж шийдвэрлэх боломжтой байсан боловч шийдвэрлэж өгөөгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Б.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 940 000 төгрөг, алданги 4 970 000 төгрөг, бусдад зээл, хүү төлсөн хохирол 1 500 000 төгрөг, нийт 16 410 000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаас хариуцагч үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 940 000 төгрөг нийт 9 940 000 төгрөг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу алданги, хохирол төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 7 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009250 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 20 байр, 12 тоот хаягт байрлах 20 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэг авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

            Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс 7 000 000 төгрөгийг зээлж авсан болон зээлийн төлөлт хийгээгүй талаар маргаагүй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүү, алдангийн хэмжээ хэт өндөр, ажил эрхэлдэггүйгээс шалтгаалан төлөх боломжгүй гэжээ.

 

            Хэргийн нөхцөл байдал, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний хугацаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүхийн зүгээс хариуцагч гэрээгээр тохиролцсон хүү 2 940 000 төгрөг төлөх тайлбарыг гаргасан тул хүүгийн хэмжээг бууруулах шаардлагагүй талаар дүгнэсэн нь  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул буруутгах үндэслэлгүй.

 

Талууд зээлийн гэрээний 2.6-д зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх боловч зээлийн хугацаа, хүүгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл анзын хэмжээ хэт их гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар зээл, хүүгийн үлдэгдэл төлбөр 9 940 000 төгрөгт тооцох боломжтой дээд хэмжээ болох 4 970 000 төгрөгийг шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 50 хувиар бууруулж 2 485 000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Дээрх тооцоог нэгтгэвэл хариуцагч Б.Н- нь зээлийн гэрээний үүрэгт зээл      7 000 000 төгрөг, зээлийн хүү 2 940 000 төгрөг, алданги 2 485 000 төгрөг, нийт 12 425 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэстэй байна.

 

            Нэхэмжлэгч нь хэдийгээр 2019 оны 07 дугаар сард найзын эгч Б.Батжаргалаас 7 000 000 төгрөг зээлсэн гэж тайлбарлан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд зээл, зээлийн хүү төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх боловч уг зээл нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоогүй гэж анхан шатны шүүх дүгнэн хариуцагчаас хохирол 1 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан хариуцагч Б.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009250 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 20 байр, 12 тоот хаягт байрлах 20 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 12 425 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 985 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 12 425 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 985 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дах заалтын “302 700 төгрөг” гэснийг “213 750 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                     ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                      

                                                                                                     С.ЭНХТӨР