Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2024/00501

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 129/ШШ2024/00501

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

30,021,840 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн 22,939,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, Б.Т, гэрч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  Б.А-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, хариуцагч талаас нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК 30,021,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч болох М ХХК эмийн сан нь өөрийн үйл ажиллагааг эрхлэхдээ манай байгууллагаас эм бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу эм бараа захиалан хөдөө орон нутагт авсан бөгөөд төлбөрөө бэлэн төлөлтийн гэрээтэй хийж гүйцэтгэж ирсэн. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ...... тоот гэрээг байгуулж тус гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг дүгнэх ба аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэж заасны дагуу М ХХК нь эм бараагаа 2022 оны турш авсаар ирсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд эм бараа авсан ба үлдэх төлбөр 34,014,560 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 14,000,000 төгрөгийн төлбөрийг хийж гүйцэтгэсэн. Ингээд өнөөдрийн байдлаар эм барааны төлбөрийг төлөөгүй 195 хоногийн хугацаа хэтрэлттэй. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 дах хэсэгт заасан Худалдан авагч тал гэрээгээр тохирсон хугацаанд буюу гэрээний 2.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө. Худалдан авагчийн хүлээх алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Иймд гэрээнд заасны дагуу алдангийн хэмжээг тооцож үзэхэд 20,014,560x0,5%x195=19,514,196 төгрөг бөгөөд хуульд зааснаар бууруулж 10,007,280 төгрөгийг алдангид нэхэмжилж нийт 30,021,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Талуудын хооронд гэрээний хугацаа дуусаагүй 2022 оны гэрээг дүгнээгүй, хугацаа болоогүй төлбөр тооцоо хэвийн хийгдээд Э ХХК-ийн зүгээс урамшуулал тооцох журмын дагуу 2021 оны жилийн эцэс, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллыг хасаж тооцохоос өөр үлдэгдэл байхгүй. 2021 оны жилийн эцэс, 2022 оны 01 дүгээр улирлын урамшууллыг журмын дагуу олгоогүйгээс манай компани нь Э-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаас татгалзаж гэрээний 7.5-д заасан заалтыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12,601,600, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,793,600 төгрөгийн 2 удаагийн эмийн буцаалт хийсэн. Харилцагч манай байгууллагын хувьд удаа дараа гэрээнд заагдсан урамшууллыг олгохыг маш олон удаа шаардан, мөнгөн дүнгээр болон эмээр олгох боломжгүй бол эмийн үлдэгдлийн дүнгээс хасч тооцоод гэрээгээ дүгнэж, дуусгавар болгох саналыг удаа дараа тавьж байсан. Гэрээний хугацаа болоогүй байхад шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь шүүхийн ажлыг хүндрүүлсэн харилцагчийнхаа эрх ашгийг илэрхий зөрчсөн ямар утга агуулгатай болох нь тодорхойгүй зүйл боллоо гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай М ХХК нь Э ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ......... тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж 2021 онд 347,916,545 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж борлуулалт хийсэн. Гэрээнд зааснаар харилцагчийн урамшууллын журамд заагдсан харилцагчийн урамшуулал тооцох хүснэгт 1-ийн дагуу 2021 оны борлуулалтад 5% буюу 17,395,827 төгрөгийн урамшуулал, 2022 онд ........... тоот гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэж заасны дагуу хамтран ажиллаж 2022 онд 130,885,595 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж 110,871,035 төгрөгийн борлуулалт хийсний 5% буюу 5,543,551 төгрөгийн харилцагчийн урамшуулал, нийт 2021 оны 17,395,827 төгрөг, 2022 оны 5,453,551 төгрөг болох 22,939,378 төгрөгийн харилцагчийн урамшууллыг Э ХХК нь олгоогүй өдий хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу нийт 22,939,378 төгрөгийн урамшууллыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... М ХХК-ийн гаргасан 22,939,378 төгрөгийг талуудын хооронд байгуулсан .............. тоот гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байх үндсэн нөхцөлийг хангахгүй байсан тул урамшуулал гэрээний дагуу олгогдоогүй болно гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2022 оны 5,6 дугаар сард Э ХХК-тай хамтран ажилласан. Э ХХК-ийн  хамгийн сайн харилцагч, Монгол улсын хэмжээнд 2021 оны шилдэг,  улирлын топ таван харилцагчийн нэг болж байсан.  Манай үйл ажиллагаа 2022 оны 6 сар хүртэл хэвийн явагдаж байсан.  2021 онд манайх 300,000,000 төгрөгийн борлуулалт хийж Монгол улсын хэмжээнд хамгийн тэргүүний борлуулалттай компаниар тодорч байсан. А аймагтаа М ХХК өндөр байр суурьтай явж ирсэн. Гэтэл 2022 оны эхээр Э ХХК нийт жилийн эцсийн борлуулалтын урамшуулал  20,000,000 гаран төгрөгийн урамшуулал олгох ёстой байсан. Манайх энэ урамшууллаа удаа дараа шаардсан боловч батлагдаагүй байгаа батлагдахаар нь бүх компаниуд руугаа хийнэ гэсэн тайлбартайгаар 6 сар хүргэсэн. Ингээд 6 сар болчихоор нь 20,000,000 гаруй төгрөгийн урамшууллаа гэрээний дагуу авах ёстой гэж бодоод 20,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авчихвал өр авлага цайрах юм байна гэж үзсэн.  Жилийн эцсийн урамшууллыг бэлэн мөнгөөр бус эмээр болон бусад байдлаар олгоно гэсэн гэрээний заалт байгаа учраас бараа бүтээгдэхүүн авч байснаас үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээсээ суутгуулаад болчихъё гэж бодсон. Мөн 2022 оны 1,2 дугаар улирлын урамшууллыг би авах ёстой байсан. Надад нэг ёсондоо нэг ч урамшуулал өгөөгүй тул үйл ажиллагаагаа буюу эм татан авалтаа зогсоосон. Өмнөх оныхоо үйл ажиллагааг дүгнэж асуудлаа дуусгачхаад дараагийнхаа ажиллагааг хийх ёстой юм гэж бодсоны үндсэн дээр татан авалтаа зогсоосон юм. Гэтэл Э ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр нь би нэгэнт шүүхэд өгчихсөн юм чинь гэрээ цуцлагдаж байгаа юм байна гэж ойлгоод гэрээний 7.5-д зааснаар худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийг хангуулахад үлдэгдлийн барааг худалдагч талд буцаан авч,  зөрүү тооцоог бэлэн мөнгөөр хийнэ гэсэн байгаа. Тэгэхээр нь би үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээ  өгөөд, урамшууллын асуудал жичдээ шийдэгдчих байх гэж бодоод ондоо багтаагаад тооцоогоо дуусгачихъя гэдэг үүднээс гэрээнийхээ бараа бүтээгдэхүүнийг 2 удаагийн үйлдлээр 2 падаан гаргаж буцааж өгсөн. Бараа бүтээгдэхүүнийг өгөхөд хуулийн зөвлөхөөс асуу тэгээд хүлээж авъя гэж байсан. Тэгээд хүлээж авсан. Би хуулийн зөвлөх, эрхлэгч, эмийн сангийнх нь эрхлэгч рүү гээд бүгд рүү нь залгасан. Гэтэл өнөөдөр ажилдаа очихгүй гэхээр нь би холоос ирж байна, шинэ жил гарах гэж байна, би явахаасаа өмнө хүлээлгэж өгье өө гэтэл эмийн сангийн эрхлэгч Чанцал та санаа зоволтгүй, манайх камерын өмнө танай комисстой хүлээгээд авчихна, манайх илүү дутуу тийм ийм байна гэж ерөөсөө ярихгүй, даргын өрөөнд бараа бүтээгдэхүүнийг чинь тавьчихъя гэхээр нь эгч нь явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд би  гарч ирээд өмгөөлөгч рүүгээ мессеж бичсэн.  Бараа бүтээгдэхүүнээ хүлээлгээд өгчихлөө, зардал их гарсан. 500,000 төгрөг болсон гэж хэлж байсан. Хавтаст хэрэгт хүлээлгэж өгсөн баримт байгаа. Би буцаахдаа нягтландаа задарсан хайрцагтай юмнуудыг нь битгий явуулаарай, бусад барааныхаа падааныг сайн гаргаад бичээрэй гэж хэлж байсан. Манайх Э ХХК-иас 20,000,000 төгрөгийн урамшууллын авлагатай байгаа болохоор 18,000,000 төгрөгийн бараа буцаагаад болчих юм байна гэж бодсон.  Иймд манайх Э ХХК-д өгөх өглөг байхгүй. Харин ч авлагатай. Үүнийг миний фейсбүүк чатын баруун бүсийн групп чатаас харж болно. Бусад  компаниуд 2022 оныхоо урамшууллаа өгөөч,  6 сар гарлаа, 5 сар дууслаа гэсэн утгатай чатууд  байгаа.  Мөн миний буцаасан бараа бүтээгдэхүүнийг аваагүй гэж худлаа хэлнэ гэж санасангүй. Би энийг нь гайхаж байгаа. Зууны луйвар шиг юм Э ХХК  санаачилж байгаа юм болов уу.  Өнөөдөр шүүхэд ачаалал өгөөд байх асуудал биш.  Э ХХК гэрээнийхээ дагуу бараагаа хүлээгээд авчихсан бол шаардлагагүй гэсэн барааных нь мөнгө төгрөгийг төлөөд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх байсан.  Эмийн бизнес ер нь хэцүү. Хүмүүс амарч байхад хүнд үйлчлээд,  өглөө 8 цагаас шөнийн 12 цаг хүртэл ажиллаж  байж бараа бүтээгдэхүүнээ борлуулж, ажилчдынхаа цалинг тавьж,  татвараа төлж байна. Бидний ганц хардаг зүйл бол жилийн эцсийн гэрээнд заагдсан урамшуулал юм. Энэ урамшуулал чинь манай компанийн олз ашиг шүү дээ. Би Э ХХК-г ингэнэ гэж огт санасангүй. Би итгэсэндээ л бараа бүтээгдэхүүнээ өгсөн. Эм гэдэг чинь хугацаа онцгой бүтээгдэхүүн. Гэтэл авчхаад аваагүй гүрийнэ гэж бодсонгүй.  Энэ барааны хугацаа нь өнгөрлөө гэж би их санаа зовсон. Э ХХК өдөртөө зараад дуусах байсан. Гэхдээ би Э ХХК-г  зараад дуусчихсан  гэж бодож байгаа. Э барааг хүлээн авлаа, хэдэн төгрөгийн бараа байна шүү гэж огт надад хэлээгүй. Тэгэхээр миний явуулсан барааг бүрэн бүтнээр нь  тооцоод авч байгаа юм байна гэж үзэж байгаа. Иймд бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, авсан нь тодорхой байгаа тул урамшуулал авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Э ХХК 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар улирлын топ харилцагч гээд талархлын бичиг өгч байсан.  Хуулийн зөвлөх нь буруу ойлгож, алдаа гаргаснаас болоод энэ байгууллага хохирсон гэж харж байна. Учир нь өндөр борлуулалт хийдэг манай компани байхгүй болсон. Жилд 300,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг, асуудал гарвал дор нь шийддэг газар байхгүй. Манай мөнгийг луйврын аргаар авах гэж үзэж байна. Тэрэндээ шүүхийг ашиглаж байна.  Шүүх арай ашиглагдахгүй байх. Хуулийн байгууллага луйвардах гэсэн юмыг нь биелүүлж байдаг газар биш байх.  Би тухайн үед  манай нягтлан ажлаасаа гарах гэж байна 2021 оныхоо тооцоог хурдан нийлээд, юмнуудаа цайруулъя, над руу ингээд үлдэгдэл бараа бүтээгдэхүүн болон өөрсдийнхөө тайланг явуулаач гэж удаа дараа асуухад  нэг ч явуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд манайх гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Гэрээн дээр  60,000,000 төгрөгөөс дээш худалдан авалтад 5%  гээд заасан байгаа. Мөн  улиралд 82,500,000 төгрөгийн борлуулалт хийвэл 5% хөнгөлөлт олгоно гэсэн байгаа. Манай компанийн 82,000,000 байтугай байнга давуулан биелүүлдэг байсан гэв.

 

2. Нэхэмжлэгчээс:

- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ...... дугаартай Эм, бараа худалдах, худалдан авах гэрээ /1 хавтаст хэргийн хх-7-9х/,

- Э ХХК 2021 оны харилцагчийн урамшууллын журам /1 хавтаст хэргийн 10х/,

- М ХХК-ийн .............. дугаартай Гэрчилгээ /1 хавтаст хэргийн 11х/,

- М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 12х/,

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан /1 хавтаст хэргийн 13-14х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгч Э ХХК, төлөгчийн нэр М эмийн сан гэсэн 3,536,500 төгрөгийн Нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 15х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр М эмийн сан гэсэн 3,536,500 төгрөгийн зарлагын баримт /1 хавтаст хэргийн 16х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн борлуулагчийн нэр Э, худалдан авагчийн нэр М гэсэн 3,536,500 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 17х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр Э ХХК, төлөгчийн нэр М эмийн сан гэсэн 480,000 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 18х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр М эмийн сан гэсэн 480,000 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 19х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн борлуулагчийн нэр Э, худалдан авагчийн нэр М гэсэн 480,000 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 20х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр Э ХХК, төлөгчийн нэр М эмийн сан гэсэн 3,102,500 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 21х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр М эмийн сан гэсэн 3,102,500 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 22х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн борлуулагчийн нэр Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 3,102,500 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 23х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр Э ХХК, төлөгчийн нэр М эмийн сан гэсэн 795,760 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 24х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр-М эмийн сан гэсэн 795,760 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 25х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 26х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр Э ХХК, төлөгчийн нэр-М эмийн сан гэсэн 2,110,060 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 27х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр-М эмийн сан гэсэн 2,110,060 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 28х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 2,110,060 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 29х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр Э ХХК, төлөгчийн нэр-М эмийн сан гэсэн 2,160,000 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 30х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн салбарын нэр Э төв, худалдан авагчийн нэр М эмийн сан гэсэн 2,160,000 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 31х/,

- 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 2,160,000 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 32х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр-Э ХХК, төлөгчийн нэр-М эмийн сан гэсэн 432,000 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 33х/,

- 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн салбарын нэр: Э төв, худалдан авагчийн нэр-М эмийн сан гэсэн 432,000 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 34х/,

- 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 432,000 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 35х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр-Э ХХК, төлөгчийн нэр-М эмийн сан гэсэн 1,080,000 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 36х/,

- 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн салбарын нэр-Э төв, худалдан авагчийн нэр-М эмийн сан гэсэн 1,080,000 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 37х/,

- 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 1,080,000 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 38х/,

- 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн нэр-Э ХХК, төлөгчийн нэр-М эмийн сан гэсэн 7,769,980 төгрөгийн нэхэмжлэх /1 хавтаст хэргийн 39х/,

- 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн салбарын нэр-Э төв, худалдан авагчийн нэр-М эмийн сан гэсэн 7,769,980 төгрөгийн бараа материалын зарлагын баримт /1 хавтаст хэргийн 40-41х/,

- 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн борлуулагчийн нэр-Э, худалдан авагчийн нэр-М гэсэн 7,769,980 төгрөгийн төлбөрийн баримт /1 хавтаст хэргийн 42-43х/,

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, байгууллагын нэр Э ХХК, харилцагч М эмийн сан, дансны төрөл-авлага, өглөгийн данс гэсэн харилцагчийн авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан /3 хавтас 45-54х/

 

3. Хариуцагчаас:

- 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хүлээн авсан Э ХХК, худалдаа хийгч М ХХК гэсэн 4,793,600 төгрөгийн зарлагын падаан /1 хавтаст хэргийн 72х/,

- 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүлээн авсан Э ХХК, худалдаа хийгч М ХХК гэсэн 12,601,600 төгрөгийн зарлагын падаан /1 хавтаст хэргийн 73х/,

- Э ЭХНТ-д эм хүлээлгэж өгсөн байдал гэсэн гэрэл зураг /1 хавтаст хэргийн 74-75х/,

- М эмийн сангаас савлаж буй эм гэсэн гэрэл зураг /1 хавтаст хэргийн 76-77х/,

- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн .......... дугаартай Эм, бараа худалдах, худалдан авах гэрээ /1 хавтаст хэргийн 146-148х/,

- Э ХХК 2021 оны харилцагчийн урамшууллын журам /1 хавтаст хэргийн 149х/,

- Э ХХК-иас нийт татан авсан эмийн падааны жагсаалт /1 хавтаст хэргийн 150-223х/,

- М ХХК болон С.О-гийн банкны дансны хуулга /1 хавтаст хэргийн 224-250х, 2 хавтас 1-73х/,

 

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт

- А аймгийн Т-ын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/71 тоот албан бичгээр ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 он, 2022 оны тайланд тусгагдсан Э ХХК-ийн борлуулалт, М ХХК-ийн худалдан авалтын падааны жагсаалт /1 хавтаст хэргийн 131-135х/,

- Гэрч Д.О-гийн мэдүүлэг /2 хавтас 139х/,

- А аймгийн Т-ын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/229 тоот албан бичгээр ирүүлсэн М ХХК-ийн 2018-2021 оны худалдан авалтын мэдээлэл /2 хавтас 166-187х/,

 

5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт

- Гэрч Г.А-гийн мэдүүлэг /2 хавтас 110-111х/,

- Гэрч Ж.Э-ын мэдүүлэг 2 хавтас 163-163х/,

- М ХХК нь Э ХХК-ийн эм бараа бүтээгдэхүүнийг 2020, 2021, 2022 онуудад борлуулсан дэлгэрэнгүй тайлан /2 хавтас 188-250х, 3 хавтас 1-33х/,

- Гэрч Г.Э, М.Ч нарын мэдүүлэг /3 хавтас 70-72х/,

- Гэрч Э.М-ийн мэдүүлэг /3 хавтас 136-137х/,

-  2024 оны 11 сарын 18-ны өдрийн Samsung S-21 Ultra 5G маркийн гар утсанд Үзлэг хийсэн тэмдэглэл, 2 ширхэг CD,

- Гэрч Д.О-ын мэдүүлэг зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан 30,021,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-ийн нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан гаргасан 22,939,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч болох М ХХК нэхэмжлэгч Э ХХК нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан .......... тоот гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг дүгнэх ба аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээ 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэж заасны дагуу М ХХК нь эм бараагаа 2022 оны турш авсаар ирсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд эм бараа авсан ба үлдэх төлбөр 34,014,560 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 14,000,000 төгрөгийн төлбөрийг хийж гүйцэтгэсэн. Ингээд өнөөдрийн байдлаар эм барааны төлбөрийг төлөөгүй 195 хоногийн хугацаа хэтрэлттэй. ...Иймд гэрээнд заасны дагуу алдангийн хэмжээг тооцож үзэхэд 20,014,560x0,5%x195=19,514,196 төгрөг бөгөөд хуульд зааснаар бууруулж 10,007,280 төгрөгийг алдангид нэхэмжилж нийт 30,021,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

... Манайх Э ХХК-иас 20,000,000 төөргийн урамшууллын авлагатай байгаа болохоор 18,000,000 төгрөгийн бараа буцаагаад болчих юм байна гэж бодсон.  Иймд манайх Э ХХК-д өгөх өглөг байхгүй. Харин ч авлагатай гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Манай М ХХК нь Э ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ........... тоот гэрээг байгуулан хамтран ажиллаж 2021 онд 347,916,545 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж борлуулалт хийсэн. Гэрээнд зааснаар ...2021 оны 17,395,827 төгрөг, 2022 оны 5,453,551 төгрөг болох 22,939,378 төгрөгийн харилцагчийн урамшууллыг Э ХХК нь олгоогүй өдий хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу нийт 22,939,378 төгрөгийн урамшууллыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... М ХХК-ийн гаргасан 22,939,378 төгрөгийг талуудын хооронд байгуулсан ................ тоот гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байх үндсэн нөхцөлийг хангахгүй байсан тул урамшуулал гэрээний дагуу олгогдоогүй болно гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК нар 2021 оны 01 сарын 01-ний өдөр ........... дугаартай гэрээг / 1-р хавтаст хэргийн 7-9-р хуудас/ 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатай байгуулжээ.  

2021 оны 01 сарын 01-ний өдөр ................ дугаартай гэрээнд  эм барааны төлбөрийг худалдан авагч тал падаанаар бараа хүлээн авмагц итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөнгөн төлбөрөөр бэлнээр болон дансаар төлөхөөр тохиролцсон бөгөөд эм барааны үнийг төлөхөд хүү төлөхөөр тохиролцоогүй, худалдагч талын нийлүүлсэн үнээр, түүний нэрийн өмнөөс борлуулах үүргийг хариуцагч тал хүлээгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.

Гэрээнд “ гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг дүгнэх ба аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол гэрээг 12 сарын хугацаатай сунгагдсанд тооцно гэжээ. Гэрээний хугацааг сунгасан тухай талууд бичгээр сунгалт хийхээр гэрээнд заасан боловч 2021 оны 12 сарын 31-нээс хойш нэхэмжлэгч Э ХХК-с хариуцагч М ХХК-д эм бараа хүлээлгэн өгч, хариуцагч М ХХК төлбөр төлж байсан үйл баримтыг талууд маргаагүй тул гэрээний хугацаа сунгасан байна гэж үзлээ.

7. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Э ХХК нь М ХХК-с  2022 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар эм барааны төлөгдөөгүй үлдсэн төлбөр 20,014,560 төгрөг, алданги 10,007,280 төгрөг, нийт 30,021,840 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч М ХХК 2022 оны 12 сарын 05-ны өдөр 12,601,600 төгрөгийн, 2022 оны 12 сарын 08-ны өдөр 4,793,600 төгрөгийн барааг буцааж Э ХХК-д хүлээлгэж өгсөн, төлөгдөөгүй төлбөрөөс буцаасан барааныг үнийг хасаж төлбөрийг төлнө гэж маргаж байна. Нэхэмжлэгч Э ХХК эм бараа буцааж хүлээлгэж өгөөгүй, компанийн байранд хайрцагтай эд зүйл үлдээгээд явсан, уг хайрцагтай зүйл нь хүлээлцээгүй, эм барааны төлбөрөө нэхэмжилж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Нэхэмжлэгчээс 20,014,560 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг тусгасан 2022 оны 01 сарын 01-нээс 2022 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл орлого зарлагын гүйлгээ хийсэн “Авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан” /1-р хавтаст хэргийн 13-14-р хуудас/, төлбөрийн баримт / 1-р хавтаст хэргийн 17, 20,23, 26, 28, 32, 35, 38, 43-р хуудас/ баримт ирүүлсэн бөгөөд хариуцагч М ХХК нь  нийт 20,014,560 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг маргаагүй тул барааны үлдэгдэл төлбөрийн хэмжээ нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК-д худалдсан эм, барааны үлдэгдэл төлбөр 20,014,560 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч М ХХК-н өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... эм бараа буцаасан болохыг гэрч Ж.Э, Э.М, мөн Э ХХК-ийн ажилтан болох гэрч Г.Э, М.Ч нарын мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж болох бараа бүтээгдэхүүнийг зарлагын падаанаар буцаасан тухай санхүүгийн анхан шатны баримтууд, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гар утсанд бичигдсэн хаанаас хэнд, ямар учир утгатай, юу хүлээлгэж өгөөд байгаа нь, тодруулбал эмийн бүтээгдэхүүн хүлээлгэж өгч байгаа, нэхэмжлэгч талын ажилчид хүлээж авч байгаа үйл баримт бичлэгт тусгагдсаныг үзлэг баримтуудаар барааг буцаан өгсөн болох нь тогтоогдож байна, ...2021 оны 01 сарын 01-ний өдөр .............. дугаартай гэрээнд “Худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийг хангуулахад үлдэгдэл эм барааг худалдагч тал буцаан авч тооцоог мөнгөн хэлбэрээр шаардаж төлүүлнэ” гэсэн байхад худалдагч тал энэ үүргээ хэрэгжүүлэхгүй төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Э, Э.М, Г.Э, М.Ч нарын мэдүүлгүүд /2 хавтаст хэргийн 162-163х,  3 хавтаст хэргийн 70х, 72х, 136-137х/, шүүх хуралдааны шатанд өгсөн гэрч Д.О-ын мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хүлээн авсан Э ХХК, худалдаа хийгч М ХХК гэсэн 4,793,600 төгрөгийн зарлагын падаан /1 хавтаст хэргийн 72х/, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүлээн авсан Э ХХК, худалдаа хийгч М ХХК гэсэн 12,601,600 төгрөгийн зарлагын падаан /1 хавтаст хэргийн 73х/, М ХХК болон С.О-гийн банкны дансны хуулга /1 хавтаст хэргийн 150-с 2 хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, Э ЭХНТ-д эм хүлээлгэж өгсөн байдал гэсэн гэрэл зураг /1 хавтас 74-75х/,  М эмийн сангаас савлаж буй эм гэсэн гэрэл зураг /1 хавтас 76-77х/, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гар утсанд бичигдсэн хайрцагтай эд зүйл Э ХХК-н байранд үлдээж байгаа дүрс бичлэг зэргээр Э ХХК-н байранд үлдээсэн хайрцагнуудад падаанд дурдсан үнийн дүнгийн бараа байгаа гэж тогтоох боломжгүй, эм барааг нэхэмжлэгч хариуцагч талууд буцаан хүлээлцсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч М ХХК 2022 оны 12 сарын 05-ны өдөр 12,601,600 төгрөгийн, 2022 оны 12 сарын 08-ны өдөр 4,793,600 төгрөгийн барааг буцааж Э ХХК-д хүлээлгэж өгсөн гэж баримтаар тогтоогдохгүй байх тул эм барааны төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан эм барааны төлбөр 20,014,560 төгрөг хариуцагч М ХХК-с гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Алдангийн тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК нар 2021 оны 01 сарын 01-ний өдөр .............. дугаартай гэрээнд эм барааний төлбөрийг хэдийд худалдагчид төлөх талаар хугацааг өдөр цаг, хоног, сар, улирал, жил гэх мэтчилэн хугацаа тохироогүй, уг гэрээний 2.1-т эм барааны төлбөрийг падаанаар хүлээн авмагц төлбөрийг төлөхөөр заажээ. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК буюу үүрэг гүйцэтгүүлэгчийг барааны төлбөрийг шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч М ХХК барааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Уг хугацаанд үндсэн төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн талаас үүрэг гүйцэтгүүлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК нар 2021 оны 01 сарын 01-ний өдөр .............. дугаартай гэрээний 7 дугаар зүйлд алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Э ХХК  нь алдангийг 2022 оны 05 сарын 18-ны өдрийн байдлаар 20,014,560 төгрөгийн гүйцэтгээгүй байсан үүргийн үнийн дүнгээс 195 хоногийн алданги тодорхойлж нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алданги 10,007,280 төгрөгийн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-с гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцсон алданги 10,007,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч М ХХК сөрөг нэхэмжлэлдээ: М ХХК нь Э ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ................. тоот гэрээг байгуулан харилцагчийн урамшууллын журамд заагдсан харилцагчийн урамшуулал тооцох хүснэгт 1-ийн дагуу 2021 онд 347,916,545 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт 2021 оны борлуулалтад 5% буюу 17,395,827 төгрөгийн урамшуулал, 2022 онд 130,885,595 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж 110,871,035 төгрөгийн борлуулалт хийсний 5% буюу 5,543,551 төгрөгийн харилцагчийн урамшуулал, нийт 22,939,378 төгрөгийн харилцагчийн урамшууллыг Э ХХК нь олгоогүй тул урамшууллыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжилснийг нэхэмжлэгч Э ХХК ...талуудын хооронд байгуулсан ......... тоот гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байх үндсэн нөхцөлийг хангахгүй байсан тул урамшуулал гэрээний дагуу олгогдоогүй” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК нарын байгуулсан 2021 оны 01 сарын 01-ний өдөр ................ дугаартай гэрээний 2.2-т “ Худалдагч нь худалдан авагчийн татан авсан эм барааны үнийн дүнд тохирсон хөнгөлөлт үзүүлэх бөгөөд улирал бүрийн эцэст дараах нөхцөлөөр урамшуулал тооцож олгоно. Үүнд” улиралд 82,5 сая, хөнгөлөлтийн хувь 5 хувь” гэсэн, мөн гэрээний 2.3-т “Урамшуулал тооцоход худалдан авагч тал гэрээний үүргийн биелэлтээ 100 хувь хангасан байна” гэжээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан “Э ХХК 2021 оны харилцагчийн урамшууллын журамд: 2. Улирлын татан авалт 60 саяас дээш дүнтэй татан авалтанд улирлын урамшууллын хувийг 5 хувиар тооцно. Энэ тохиолдолд нийт худалдан авалтын 25 хувьд эксклюзив бүтээгдэхүүн татан авсан байх шаардлагатай. 3.Жилийн эцсийн урамшууллыг эм бараа болон бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр олгоно.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Т-ын хэлтсийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 01/71 дугаар албан бичгээр ирүүлсэн Э ХХК-н борлуулалт, М ХХК-н худалдан авалтын падаан / 1 дүгээр хавтаст хэргийн 131-134/-аар хариуцагч М ХХК нь 2021 онд Э ХХК-с нийт 368,615,340 төгрөгийн бараа татан авалт хийсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс 20,014,560 төгрөгийн үлдэгдлийг тусгасан 2022 оны 01 сарын 01-нээс 2022 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл орлого зарлагын гүйлгээ хийсэн “Авлага өглөгийн данс” /1-р хавтаст хэргийн 13-14р хуудас/, төлбөрийн баримт / 1-р хавтаст хэргийн 17, 20,23, 26, 28, 32, 35, 38, 43-р хуудас/ баримт ирүүлсэн бөгөөд эдгээр нь 2022 оны 01 сарын 01-нээс эм барааны үнийг тооцож нэхэмжилсэн баримтууд байна. Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч М ХХК-г 2021 оны гэрээний үүргийг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй, 2021 оны гэрээний үүргийг биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч М ХХК нар 2021 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан БМГ-21-04-07 дугаартай гэрээний 2.2, 2.3  дахь заалтууд, “Э ХХК 2021 оны харилцагчийн урамшууллын журмын 2, 3 дахь заалтуудыг хариуцагч М ХХК бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Э ХХК гэрээний үүрэг биелүүлсэн худалдан авагч талд 2021 оны урамшуулал олгох Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан үүрэг үүссэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан А аймгийн Т-ын хэлтсийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 01/71 дугаар албан бичгээр ирүүлсэн Э ХХК-н борлуулалт, М ХХК-н худалдан авалтын падаанаар хариуцагч М ХХК нь 2021 онд Э ХХК-с нийт 368,615,340 төгрөгийн бараа татан авалт хийсэн болох нь тогтоогдож байх боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ 2021 онд 347,916,545 төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл татан авалт хийж борлуулалт хийсэн, 2021 оны борлуулалтад 5% буюу 17,395,827 төгрөгийн урамшуулал тооцно гэж сөрөг нэхэмжлэлдээ дурдсан тул сөрөг нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр 2021 онд олгох урамшууллыг тооцох нь зүйтэй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан “Э ХХК 2021 оны харилцагчийн урамшууллын журамд: 2. Улирлын татан авалт 60 саяас дээш дүнтэй татан авалтанд улирлын урамшууллын хувийг 5 хувиар тооцно. Энэ тохиолдолд нийт худалдан авалтын 25 хувьд эксклюзив бүтээгдэхүүн татан авсан байх шаардлагатай. 3.Жилийн эцсийн урамшууллыг эм бараа болон бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр олгоно.” гэсэн заалтын дагуу улирлын татан авалтын дүнгээс урамшуулал тооцох ёстой боловч хэрэгт авагдсан баримтуудаас уг журмын 2-т заасан эксклюзив бараа бүтээгдэхүүнд аль нь тооцогдох талаар талууд тодорхойлоогүй тул улирлын урамшууллыг тодорхойлох боломжгүй,  талууд 2022 оны жилийн эцсээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээнээс татгалзсан тул жилийн эцсийн байдлаар урамшууллыг тооцох үндэслэлгүй тул 2022 оны урамшууллыг тооцон олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн Э ХХК-ны 2021 оны харилцагчийн урамшууллын журмын 3-т урамшууллыг эм бараа болон бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр олгохоор заасан боловч талууд гэрээнээс татгалзсан тул мөнгөн төлбөрийн хэлбэрээр олгох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгч Э ХХК-с 2021 оны урамшуулал 17,395,827 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож 2022 оны урамшуулал 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Э ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,929 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.2, 208.3, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч М ХХК-с үндсэн төлбөр 20,014,560 төгрөг, алданги 10,007,280 төгрөг, нийт 30,021,840 төгрөг гаргуулж Э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-с урамшуулал 17,395,827 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,543,551 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-с нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 308,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-с сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,929 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгосугай.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН