Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/138

 

      

 

 

 

 

   2023           01             31                                          2023/ДШМ/138

                                               

                                                                                               

Г.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Г,

хохирогч Б.М,

шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Ш.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ш.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Э-д холбогдох ................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэр “Р” караокены гадаа хохирогч Б.М-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдахдаа түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Э-ээс 203.100 /хоёр зуун гурван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г.Э-ээс 1.359.900 /нэг сая гурван зуун тавин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь .................... тоот дансанд тус тус олгож, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Ш.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргахгүй, хүлээн зөвшөөрнө. Харин шүүгдэгч Г.Э-д оногдуулсан хорих ялыг торгох ялын доод хэмжээ болох 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлж өөрчлөх боломжтой болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Хохирогч Б.М-д 203.100 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.359.900 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөлд нэмж тооцож, мөн насанд хүрээгүй буюу бага, өсвөр /9-17/ насны хагас өнчин 3 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвартай, хувиараа авто машины кузов засварын ажил эрхэлж орлого олдог хувийн байдлуудыг харгалзан үзнэ үү. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах гомдолдоо хохирол төлбөр төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ хувийн байдалтай холбоотой баримт буюу “П” ХХК-д хөгжмийн тоног төхөөрөмж угсарч, сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Мөн үйлчлүүлэгчийн маань 3 хүүхдийн эцэгтээ бичсэн захидлыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөх хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй. Хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Би Г.Э-тэй адил эцэг хүн. Түүний 3 хүүхэд харгалзах хүнгүй үлдэж байгаа тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Гомдол, саналгүй. ...” гэв.

Прокурор Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх цаг хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлөөгүй байсан. Прокурорын зүгээс шүүгдэгчийн насанд хүрээгүй 3 хүүхдийн хамтаар амьдардаг хувийн байдлыг харгалзан үзээд 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгчийн ар гэрээс хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээнд 1.000.000 төгрөг өгсөн байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр “Р” караокены гадаа хохирогч Б.М-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-ын “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, “Р” караокеноос хуурай ах Б.Б-г авахаар очсон. “Р” караокед ороход Б.Б ах миний танихгүй 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй хамт байсан. Би архи уудаггүй тул гараад машинд байж байя гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 01:00 цагийн орчимд караокены гадна хоёр согтуу эрэгтэй хүмүүстэй хэрэлдээд яваад байсан. Удалгүй Б ах гарч ирээд караокены үүдэнд тамхи татаад зогсож байхад нөгөө хоёр залуугийн нэг нь Б ах дээр очоод маргалдаад хоорондоо зууралдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Б ахтай маргалдаж байсан залууг цааш нь түлхээд гарыг нь өчөөд доош нь дараад суулгасан. Тэгтэл хамт явж байсан эрэгтэй нь араас толгойн арын дагз хэсэгт цохисон. Би тэгэхээр нь манараад эргээд харахад замын хажууд байдаг саарал өнгийн хаалт хийдэг чулуугаар цохисон. Тэгээд ойр орчимд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. ...”  гэх /хх 16-18, 19-20/,

гэрч М.Н-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 18:00 цагийн орчимд нөхөр Хүдрээгийн хамт Баянзүрх дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэр Чулууны овооны орчимд гражид найз Ч дээр очсон. Ингээд бид гурав Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, Р нэртэй караокед ороод 0.75 литрийн архи, ундаа, ус нэмж аваад 1 цаг дуулцгаасан. 22:00 цагийн орчимд Ч манай найз Э-г дуудсан. Э нь эхнэр Э-ийн хамт ирсэн. Дахиад 0.75 литрийн хараа нэртэй архи захиалаад ууцгаасан. Ингээд караокеноос гарсан ба тэгтэл манай нөхөр Х хүнтэй маргалдаад байсан ба Э салгах гэж байсан. Би нэлээд согтуу байсан ба ухаан гайгүй болоход Э нэг хүнийг тоосгоор цохиод хоёр цагдаа ирээд Э-г ирээд аваад явсан. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирээд Э-г авах гэтэл эрүүлжүүлсэн гээд өгөхгүй байсан. Тэгэхээр нь бид нар гэртээ харьж амарцгаасан. ...” /хх 34-35/,

яллагдагч Г.Э-ийн “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй. ...” /хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

“...Б.М-ын биед дагз ясны хугарал, бага тархины харуу хальсан дээрх цусан хураа, аалзавчин хальсан доорх цус харвалт, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13256 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 38-39/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-12/,  дуудлагын лавлагааны хуудас /хх 3-4/, “...Цайз .... чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Цайз ...-аас ирүүлсэн согтуу хүмүүс асуудал үүсгээд зодоон болоод орилж чарлаад байна гэх дуудлагын дагуу очиж зодуулсан гэх Б.М-ыг 103-т үзүүлж М нь гэмтлийн эмнэлэгт ирээд өргөдлөө өгнө гэсэн. Зодсон гэх Э-г эрүүлжүүлэв. Зодоон болсон газар нь А худалдааны төвийн замын урд талд “Р” караоке дотор болсон” гэсэн байцаагч Ж.Б-ийн илтгэх хуудас /хх 5/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.Э-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.М-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ш.С “...Г.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний бага насны 3 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Г.Э-д оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 203.100 төгрөгийн /хх 122/ төлбөрийг хохирогч Б.М-д, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.359.900 төгрөгийг /хх 121/ тус тус төлж барагдуулсан, мөн хохирогч Б.М-д цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотойгоор 1.000.000 төгрөгийг нөхөн /хх 124/ төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-оос “...Хохирол төлбөрийг барагдуулсан. Түүний 3 хүүхэд харгалзах хүнгүй үлдэж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү, гомдол, саналгүй. ...” гэсэн тайлбар, мөн “...баримтаар нэхэмжилсэн 203.100 төгрөгийг хүлээн авсан. Иймд Г.Э-д шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн  /хх 123/  нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтыг буруу бичсэн алдаа гаргасан байх тул зөвтгөж шийдвэрлэв. Цаашид энэ төрлийн алдаа, зөрчил дахин гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Ш.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон зарим заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 2023/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /27х15000=405.000/ эдлэх торгох ялаас хасаж /10.000.000-405.000=9.595.000/, түүний торгох ялын хэмжээг 9.595.000 /есөн сая таван зуун ерэн тав/ төгрөгөөр тогтоосугай.” гэж,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 9.595.000 /есөн сая таван зуун ерэн тав/ төгрөгийн торгох ялыг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-д мэдэгдсүгэй.” гэж,

-“Шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.М-д 1.203.100 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.359.900 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ