Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | В.Давааням |
Хэргийн индекс | 116/2024/0011/З |
Дугаар | 116/ШШ2024/0014 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 116/ШШ2024/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******гийн ******* /РД:*******/,
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга нарын хоорондын “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга П.*******, түүний өмгөөлөгч Ч.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан “...Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар “Засаг даргын Тамгын газрын дарга *******гийн ******* нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд тохилох журмыг зөрчин томилогдсон тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 тоот албан бичгийн дагуу Авилгатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна[1].
2.2. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/84 дүгээр албан бичгээр “... Таныг Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамж Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэсэн хариу өгсөн байна[2].
2.3. Б.*******ын зүгээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна[3].
2.4.Шүүхээс Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу[4] нэхэмжлэгчийн зүгээс “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохих бүрдүүлбэрийг ханган ирүүлсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2000 онд Төрийн албан хаагчийн тангараг өргөн, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Нийгмийн ажилтны албан тушаалд анх томилогдож төрийн албан хаагч болсон. Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Чойбалсан сумын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Улмаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэргэн ажиллуулах” журамд заасны дагуу тухайн үеийн Засаг дарга, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нар зөвшилцөж, надад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах санал тавьснаар ...Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар томилогдсон. Ажиллах хугацаанд тэргүүний ажилтан, жуух зэрэг шагналуудаар шагнагдахаас гадна жил бүр ажлаа 100 хувь үнэлүүлж, сумын Засаг даргын захирамжаар улирал бүрт урамшуулалт цалингийн 40 хувь авч ирсэн. Тамгын дарга нь төрийн албанд 12 жил ажилласан, ахлах дүшмэлээр 8 жил ажилласан байхыг шаарддаг бөгөөд би шаардлагыг хангасан байсан. 2019 онд төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг зүйлийг огт авч байгаагүй учраас би тухайн үед шалгалт өгөх боломжгүй байсан.
Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сумын Засаг дарга “Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжийг гаргасан. Захирамжид Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.3, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг баримталсан бөгөөд үндэслэлээ “Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох журмыг зөрчин томилогдсон тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 дугаартай албан бичгийн дагуу Авилгатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд ...албан тушаалаас чөлөөлсүгэй” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд захирамжид ямар хуульд заасан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд хэрхэн хамаарч байгаа талаар заагаагүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг зөрчсөн бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болохыг мэдсээр байж төрийн албанд хууль бусаар томилогдсон мэтээр үзсэн нь үндэслэлгүй болно. Түүнчлэн, албан тушаалд томилогдсоноос хойш Төрийн албаны зөвлөлд хандан тусгай шалгалт зарлуулах хүсэлтээ хүргүүлсээр байсан боловч Төрийн албаны төв зөвлөлөөс шалгалт зохион байгуулах эрхийг аймгийн салбар зөвлөлд өгөөгүй, өөрөөр хэлбэл надаас үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тусгай шалгалт өгөх боломжгүй байсан.
Ажлаас чөлөөлсөн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан хариуг Төрийн албаны зөвлөл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/84 дугаартай албан бичгээр хариу өгснийг 01 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан. Иймд ...Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Б/21 тоот тушаалыг харахад баримталсан хуулийн заалт нь “хуульд зааснаас бусад тохиолдол” гэдгийг дурдсан байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж байгаа бол маш тодорхой, ойлгомжтой байх ёстой юм. Хариуцагчийн хариу тайлбарт “сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэж тайлбарладаг ч, захиргааны акт нь өөрөө бодитой, хуульд нийцсэн байхыг шаарддаг. Тушаал дээр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо тодорхой дурдах ёстой байсан. Б.******* нь Тамгын газрын даргаар томилогдох үедээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан ба Засаг дарга нь зөвшилцөж байгаад төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмын дагуу ажиллуулсан.. Гэтэл ажлаас чөлөөлсөн Б/21 тоот тушаал нь өөрөө хууль зөрчсөн. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Тиймээс тэр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх саналтай байна гэв.
3.3. Хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 07 дугаар сард Засаг даргын албанд томилогдоод ажиллаж байна. Тус сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн нийцэж гарсан бөгөөд үүнийг баталж Төрийн албаны ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу ирүүлсэн. Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагад төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй талаараа хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан атлаа хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг зөрчсөн гэж шаардлагын хуулийн үндэслэлээ дурдсаныг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг захирамжид үндэслэхдээ хуульд нэр зааж дурдаагүй зөрчил буюу төрийн албаны тусгай шалгалт өгөх шаардлагыг хангаагүй байхдаа төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн захиргааны акт гаргасан нь хууль зөрчөөгүй. Б/21 дүгээр захирамжийг Төрийн албаны хууль тогтоомж зөрчөөгүй талаар ТАЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/84 дугаартай албан бичигт тодорхой дурдсан.
Хариуцагч нь төрийн үйл хэргийг зөвхөн хуульд нийцүүлэн явуулах үүрэг хүлээсэн субъектын хувьд Төрийн жинхэнэ албан тушаалд томилох хуулийн хүрээнд заалт, шаардагыг нэг мөр, хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэснийг зөрчиж томилогдсон нөхцөл байдлаа өөрөө няцаагаагүй, мөн хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрийн тусгай шалгалт өгөөгүй болохоо нотолж чадаагүй, хариуцагч нь төрийн тусгай шалгалтыг зарлах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 дугаартай албан бичгийн хүрээнд “Шүүр” ажиллагааг зохион байгуулахад нэхэмжлэгчид холбогдох цөөнгүй зөрчил илэрсэн, түүн дотроо Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй нь тогтоогдсон тул хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүргийг хариуцагч хүлээсэн тул Төрийн албаны хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан үйлдлээ хууьд нийцсэн гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө чөлөөлөгдсөн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яагаад өөр албанд томилохгүй байгаа юм бэ гэж асууж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа мэт тайлбар болж байна. Мөн 2019 онд төрийн албаны шалгалт өгөх шаардлагагүй байсан гэж ярьж байна. Тэгвэл хууль хэрэгжиж эхлээд 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Засаг даргын Тамгын дарга хүн өөрөө үлгэр жишээ байх ёстой байсан гэж бодож байна. Дарга нар зөвшилцөөд томилсон юм гэж тайлбарлаад байх юм. Үнэхээр зөвшилцсөн бол бичгээр баталгаажуулах ёстой хуулийн зохицуулалттай байдаг. Тамгын дарга санал тавьсан учраас би томилогдсон гэж ярьж байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна. Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг ойлгохгүй байна гэж ярьж байна. “Бусад үндэслэл” гэж хуульд заасан үндэслэлээр чөлөөлж байна. Тодорхой нэр заасан зөрчлөөс өөр зөрчлийг гаргасан учраас “бусад” гэсэн хэсэгт багтаан чөлөөлж байна. Өөрөөр хэлбэл “шүүр ажиллагаа”, төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй гэх нөхцөл байдлууд нөлөөлж байгаа юм. Хуульд нийцсэн чиглэлийг удирдлага болгоод ажлаас чөлөөлсөн. Сумын Засаг дарга нь дээд шатны байгууллагын чиглэлийн дагуу ажилласан. Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон бол ажлаас чөлөөлөх талаар чиглэлийг нэр заан дурдаж өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хийгдсэн ажиллагаа юм. Анх ажилд томилохдоо хоёр өөр тушаал гаргасан байсан. Нэг нь “түр албан тушаал”-д томилсон. Нөгөө нь “сэлгэн ажиллуулсан” ба аль тушаалыг баримтлан ажиллуулж байгаа нь ойлгомжгүй байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нотлох баримт бүхий албан бичгийг ирүүлсэн. Үүн дээр төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллуулах, хуулийг дээдлэх аянг өрнүүлсэн. Үүнтэй маргах зүйлгүй гэж бодож байна. Сэлгүүлэн ажиллуулахдаа “харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулна” гэсэн байдаг. Нэхэмжлэгчийг томилж байх үед энэ журам хэрэгжиж байсан. Гэтэл баримтаар баталгаажуулаагүй байна. Хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч тухайн албан тушаалд очсон гэдгээ ч илэрхийлсэн. “Сэлгэн ажиллуулах” гэсэн журмын үндэслэлийг анхнаасаа хангаж чадаагүй. Мөн төрийн албан зөвлөлөөс “Б/21 нь хууль зөрчөөгүй байна” гэж үзсэн. Мөн нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан тушаалын байдалтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Оролцогчийн хувьд тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна. Торгуулийн ялаар шийтгүүлсэн байгаа. Ингэснээр буцаан өөр албан тушаалд томилох боломжгүй болж байна. Сэлгэн ажиллуулахдаа хугацааг зааж өгөх ёстой байсан. Гэвч тийм зүйл байхгүй. Хэдий хугацаанд сэлгэн ажиллуулах нь тодорхой бус үлдсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэлийн шаардлага:
2.1. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 67 дугаар зүйлийн 67.3, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.3, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, Засаг даргын тамгын газрын дарга *******гийн ******* нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох журмыг зөрчин томилогдсон тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 тоот албан бичгийн дагуу Авилгатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна[5].
3.2. Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар “Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга *******тэй зөвшилцөж, шилжүүлсний дагуу *******гийн *******ыг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсугай” гэжээ[6].
3.3. Б.******* нь Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06 дугаар тушаалаар Чойбалсан сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан байна[7].
3.4. Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар тушаалаар “...Тус газрын Чойбалсан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн *******гийн ******* Чойбалсан сумын Засаг даргын албан тушаалд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ[8].
3.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Чойбалсан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь сумын Засаг даргын захирамжаар Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргаар шилжүүлэн томилсон байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
4.1. Нэхэмжлэгчээс, “...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд захирамжид ямар хуульд заасан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд хэрхэн хамаарч байгаа талаар заагаагүй. ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан байсан болохыг мэдсээр байж төрийн албанд хууль бусаар томилогдсон мэтээр үзсэн нь үндэслэлгүй болно. ...Албан тушаалд томилогдсоноос хойш Төрийн албаны зөвлөлд хандан тусгай шалгалт зарлуулах хүсэлтээ хүргүүлсээр байсан боловч Төрийн албаны төв зөвлөлөөс шалгалт зохион байгуулах эрхийг аймгийн салбар зөвлөлд өгөөгүй, өөрөөр хэлбэл надаас үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тусгай шалгалт өгөх боломжгүй байсан” гэж маргадаг.
5. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:
5.1. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ: “...Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалд томилох журмыг зөрчин томилогдсон тул Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/395 тоот албан бичгийн дагуу Авилгатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. ...Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэснийг зөрчиж томилогдсон нөхцөл байдлаа өөрөө няцаагаагүй” гэж тайлбарлан маргадаг.
6. Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох үндэслэлийн тухайд:
6.1. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.1. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс гэж, уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ, 27.3. Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж тус тус зохицуулжээ.
6.2. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” төрийн албаны тусгай зарчмыг хуульчилсан бөгөөд дээрх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс төрийн албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт зарлах, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс Төрийн албаны төв байгууллагаас санал болгосны дагуу томилох дээрх нарийвчилсан зохицуулалтуудад заасан шаардлагын дагуу томилохоор байна.
6.3. Б.*******ыг Засаг даргын тамгын газрын даргаар томилохдоо дээрх зохицуулалтуудыг мөрдөөгүй буюу сул орон тооны талаар олон нийтэд мэдээлээгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй, Б.******* нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, удирдах албан тушаалтны нөөцөд байгаагүй үйл баримтын тухайд талууд маргаагүй бөгөөд, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигт “Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны хуулийн дагуу 2019 оноос хойш Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтыг зохион байгуулаагүй болно” гэсэн байна.
6.4. Нэхэмжлэгчийн томилогдсон Сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд” хамаарч байх бөгөөд, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.15-д тус тус зааснаар тухайн сумын Засаг даргын тамгын газрын “төсвийн шууд захирагч” бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.
6.5. Иймд нэхэмжлэгчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох” зохицуулалтын дагуу томилох бөгөөд энэ шаардлагыг хангаагүй томилсон гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
6.6. Нэхэмжлэгчийг анх томилоход Авилгатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 05/3827 дугаар албан бичигт: Сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагын мэргэжил хэсэгт хуульч, төрийн удирдлага, мэргэшил хэсэгт төрийн удирдлага байх гэж заасныг нэр дэвшигч Б.******* нь хангаагүй, түүнчлэн төрийн жинхэнэ албаны удирдах албан ташаалтны сонгон шалгаруулалтанд ороогүй, удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байх тул Төрийн албаны тухай хууль, тогтоомжинд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавьж, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу” гэж ирүүлж байсан байна[9].
7. Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үндэслэлийн тухайд:
7.1. Нэхэмжлэгчийг Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилсон сумын Засаг даргын захирамжид “... Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга *******тэй зөвшилцөж, шилжүүлсний дагуу *******гийн *******ыг Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэсэн бөгөөд, нэхэмжлэгчээс: “... тухайн үеийн Засаг дарга, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нар зөвшилцөж, надад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах санал тавьснаар ...Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар томилогдсон.” гэж тайлбарладаг.
7.2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд тус хуульд “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж” тайлбарлажээ.
7.3. Дээрх тохиолдолд Б.*******ыг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газрын даргаар шилжүүлэн ажиллахдаа албан ажлын ямар зайлшгүй шаардлагыг хэрхэн үндэслэсэн нь тодорхойгүй бөгөөд сул орон тоо гарсан нь албан ажлын зайлшгүй шаардлагад хамаарахгүй.
7.4. Уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг баталсан байна[10].
7.5. Дээрх “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.2. Төрийн байгууллагын ажлын ачааллыг зохицуулах, төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулсан албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад энэ журмыг баримтална, 1.4. Энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно, 1.5. Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна, 2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж тус тус заажээ.
7.6. Нэхэмжлэгчийг томилохдоо албан ажлын ямар шаардлагыг үндэслэн, ямар зорилгоор шилжүүлэн ажиллуулсан нь тодорхойгүй байх тул дээрх журмын 1.2, 1.4 дэх заалтыг зөрчсөн байна.
7.7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна. Дээрх журмын 1.5-д заасан “адил төрлийн албан тушаал” гэдгийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалын “төрөл”-ийн хүрээнд ойлгоно.
7.8. Нэхэмжлэгчийн хувьд “гүйцэтгэх” төрлийн албан тушаалаас “удирдах” төрлийн албан тушаалд томилогдсон байх тул дээрх журмын 1.5 дахь заалтыг зөрчиж томилогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
7.9. Нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байсан ажлаас чөлөөлөхдөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар тушаалаар “...Тус газрын Чойбалсан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн *******гийн ******* Чойбалсан сумын Засаг даргын албан тушаалд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн байх бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч “удирдлагууд зөвшилцсөн” гэж тайлбарлаж байгаа ч шилжүүлж буй 2 байгууллагын удирдлага хооронд харилцан тохиролцсон, нэхэмжлэгчтэй тохиролцсон тухай бичгээр үйлдсэн баримт байхгүй тул дээрх журмын 2.1 дэх заалтыг мөн зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
8. Бусад:
8.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй боловч шүүх хуралдааны явцад: ... Хөдөлмөрийн тухай хуулинд 3 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалт байдаг. Энэ хуулийг Засаг дарга зөрчиж байна гэж маргасан.
8.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1. Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан.
8.3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 4.4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж заасан.
8.4. Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд, төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой нарийвчилсан зохицуулалтууд Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт, хязгаарлах үндэслэлүүд энэ тохиолдолд хамаарахгүй.
8.5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан тушаалын байдалтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Оролцогчийн хувьд тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна. Торгуулийн ялаар шийтгүүлсэн байгаа. Ингэснээр буцаан өөр албан тушаалд томилох боломжгүй болж байна” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “... 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон. Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Тиймээс тэр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх саналтай байна” гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/113 дугаар тогтоолоор: ...*******гийн *******ыг ...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Б.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн[11] байх бөгөөд тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.[12]
8.6. Дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үйл баримт нь нэхэмжлэгчийн хувьд урьд эрхэлж байсан албан тушаалдаа томилогдох, цаашид төрийн албанд ажиллах боломжгүй болох үр дагавар үүсгэх хэдий ч маргаан бүхий Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамж гарснаас хойш болж буй үйл явдал бөгөөд дээрх захирамжийн үндэслэлд энэ талаар дурдагдаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд энэ талаар цугларсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
9. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.*******ын, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хонгорзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
[1] Хавтаст хэргийн 7-р хуудас
[2] Хавтаст хэргийн 6-р хуудас
[3] Хавтаст хэргийн 1-3-р хуудас
[4] Хавтаст хэргийн 12-14-р хуудас
[5] Хавтаст хэргийн 7-р хуудас
[6] Хавтаст хэргийн 40-р хуудас
[7] Хавтаст хэргийн 120-р хуудас
[8] Хавтаст хэргийн 8-р хуудас
[9] Хавтаст хэргийн 109-р хуудас
[10] Хавтаст хэргийн 119-р хуудас
[11] Хавтаст хэргийн 92-104 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас