Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00507

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00507

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ч овогт Д.Э-гийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Э нь 1972 онд А аймгийн Ө сумын 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид орж суралцаад 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн ХАА-н ТМС-ын малын санитарчийн ангид орж суралцан 1983 онд төгссөн. 1983 онд ардын цэргийн албанд татагдаж яваад 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Ө сумын Х ангид манаачаар орж 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж үүнтэй холбоотой ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Эг 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Х ангид манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлтийн өөрчилсөн шаардлагадаа: Д.Э нь тус шүүхэд 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл А аймгийн Ө сумын Х ангид манаачаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ө сумын Х ангид манаачаар ажиллаж байсныг тогтоолгохоор гэж өөрчилж шийдүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь 1972 онд А аймгийн Ө сумын сургуульд сурч 1980 онд төгссөн. 1980 онд А аймгийн ХАА-н ТМС-д суралцаж малын саниторч мэргэжлээр 1983 онд төгссөн. 1983 онд цэргийн албанд татагдаж 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Иймд Д.Э-гийн 1987 онд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл А аймгийн Ө сумын Х ангид манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ ажиллаж байсан байдлыг нь мэдэх, хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асуулгасан. Иймд гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 036140 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт:

  • Т.М.Д.Сургуулийн захирлын 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймаг дахь ХАА-н Т.М.Д.Сургуулийн малын саниторчийн мэргэжлийн ангид элсүүлэн суралцуулав,
  • ТМДС-ийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 77 тоот тушаалаар, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХАА-н ТМДС-ийн малын санитарчийн ангийг төгссөн тул А аймгийн ХААУГ-ын мэдэлд шилжүүлэв,
  • Ө сумын У хоршооны 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар, 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ө сумын Х ангид манаачаар ажиллуулав,
  • 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Х б-ийн ангиас У хоршоог байгуулахад сахиулаар тус тус үргэлжлүүлэн ажиллуулав гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 698 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Х ангийн баримт шилжиж ирээгүй тул Д.Э-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/1755 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Д.Э БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар А аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 084 дүгээр ангид алба хааж байгаад Ардын армийн тусгай шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 315 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас халагдсан гэсэн,

           

            2.2.  Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Ч.Б-ийн шүүхэд өгсөн “Би 1974 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Х ангид, 1992 оноос 1997 оныг хүртэл У хоршоо, Ү ХК-д тус тус түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Д.Э нь 1986 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ө сумын Х ангид ажилд орсон. Д.Э нь 1986 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Х бэлтгэлийн сахиул, манаачаар ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Х ангид манаачаар Д.Э, н.Н, н.Ц нар ажиллаж байсан. Д.Э нь 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. Би Д.Э-тэй нэг нутгийн хүмүүс болохоор түүнийг сайн танина. Д.Э нь 1986 онд ажилд ороод Х ангийг тартал тасралтгүй ажилласан. А аймгийн Ө сумын Х ангийн даргаар Н.П гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Х анги 1992 онд У хоршоо болж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнуулж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х ангиас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Э-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг

             - Гэрч Ж.Н-гийн шүүхэд өгсөн “Би 1966 оноос 1973 оныг хүртэл А аймгийн Ө сумын Ө нэгдлийн Б бригадад тоо бүртгэгчээр, 1973 оноос 1976 оныг хүртэл А аймгийн Ө сумын Ө нэгдлийн Я бригадын тоо бүртгэгчээр, 1977 оноос 1986 оныг хүртэл А аймгийн Ө сумын Ө нэгдлийн Б бригадад тоо бүртгэгчээр, 1986 оноос 1989 оныг хүртэл А аймгийн Ө сумын Ө нэгдлийн Б бригадын даргаар, 1989 оноос 1991 оныг дуустал А аймгийн Ө сумын Х ангийн агентаар тус тус ажиллаж байсан. Д.Э нь 1986 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Х ангид манаачаар ажиллаж байсан. Би Д.Э-тэй нэг нутгийн хүмүүс, нэг сумын хүмүүс нэгнийгээ сайн таньдаг учраас түүний ажилд орсон оныг сайн мэдэж байна. А аймгийн Ө сумын Х ангид манаачаар Д.Э, н.Ц нар ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Х ангийн даргаар н.П гэдэг хүн ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Х анги 1992 онд У хоршоо болж байсан. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Х ангиас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Д.Э-тэй хамт ажиллаж байсан мөн нэг нутгийн хүмүүс болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна ” гэсэн мэдүүлэг,

                       

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Д.Эгийн 1991-1996 оныг дуустал, 1999 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/665 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,      

- Д.Эгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад Ө ХБ ангийн, 1988 он ажиллаж эхэлсэн он 1988.11.18”,

            - Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 03-05/4804 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Ө багт оршин суух Д.Э, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй ... гэсэн,

            - Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө сумын Ө багт оршин суух Д.Э, тэргүүлэгч өөрөө, 24 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХБ ангид манаач ... ” гэсэн,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 465 тоот албан бичгээр ирүүлсэн Ардын армийн тусгай шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/485 дугаартай архивын лавлагаанд: Нийгмийг аюулаас хамгаалах яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1961 тоотод Хорих газраас суллагдах цэргийн албан хаагчдын тухай БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс Октябрийн социалист их хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан цэргийн алба хааж байгаад гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн ялтан этгээдэд өршөөл үзүүлэх зарлигийн төслөөр Энгийн газраас халсан тухай бүртгэлийн 18-д А аймгаас 1983 онд Ардын армийн 084 дүгээр ангид алба хааж байсан байлдагч Д.Э гэж бичигдсэн байна гэсэн,

- Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 150/4281 тоот тодорхойлолтод: ... Ч овогт Д.Э нь Ардын армийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.а дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 146 дугаар зарлигийн дагуу Мөнгөн морьт дахь хорих 417 дугаар ангиас өршөөн суллагдсан тухай мэдээлэл бүртгэгдсэн байна гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Д.Э-гийн А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 036140 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 698 тоот тодорхойлолт,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 06/1755 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

- Д.Эгийн 1991-1996 оныг дуустал, 1999 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/665 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,      

- Д.Э-гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад Ө ХБ ангийн, 1988 он ажиллаж эхэлсэн он 1988.11.18”,

            - Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 03-05/4804 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 465 тоот албан бичгээр ирүүлсэн Ардын армийн тусгай шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол,

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/485 дугаартай архивын лавлагаа,

 - Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 150/4281 тоот тодорхойлолт,

          - худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ч.Б, Ж.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Э нь А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ч овогт  Д.Э-гийн А аймгийн Ө сумын Х ангид 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН