| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00589/И |
| Дугаар | 129/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00510
| 2024 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 129/ШШ2024/00510 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С овогт З.Ө-ны хүсэлттэй,
М.А-гийг нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч З.Ө нь М.Аийг нас барсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч З.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ: З.Ө миний бие 1971 онд төрсөн, одоо 53 настай 4 хүүхэд төрүүлсэн. Миний том охин М.А маань 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Манайх тэр үед дөнгөж гэр бүл болсон залуу гэр бүл Т сумын М багийн И гэх газар мал маллаж амьдарч байсан. Охин маань төрөөд 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд мененгит гэх өвчнөөр өвчлөөд эмчлүүлээд гарч байсан. Ингээд эрүүл саруул бойжиж байгаад 2001 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр гэртээ дахин өвдсөн. Ингээд М багийн эмч Ш эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч тухайн үед хүйтэнд авч яваад яахав гээд гэрт эмчилгээ хийсэн боловч засрахгүй байсаар 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүндэрч охин маань өнгөрсөн. Ингээд л бид тухайн үедээ гэртээ ажил явдлыг нь өнгөрөөгөөд л дууссан. Тэр үедээ залуу хүмүүс эмнэлгээс бичиг авч Иргэний бүртгэлд нас барсныг нь бүртгүүлдэг гэж мэдээгүй эмч нь хэлээгүй, бид залуу хүмүүс анхны хүүхдээ алдаад юу ч мэдэхгүй, ээж аав маань ч хамт байгаагүй болохоор тэгээд л өнгөрсөн. Одоо миний бие 53 настай, 4 хүүхэдтэй, 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт орж болно гэж заасны дагуу тэтгэвэрт орох гэтэл энэ охин маань нас барсны бүртгэлийг Иргэний бүртгэлд бүртгүүлээгүйгээс асуудал үүсээд байна. Иймд миний охин М.А-ийг /1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн/ 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өвчний улмаас гэртээ нас барсан болохыг тогтоож өгнө үү. Үүнийг үнэн зөвөөр тогтоолгож Иргэний бүртгэлд бүртгүүлж байж надад тэтгэвэрт орох эрх үүсэх болоод байна гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч З.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1995 оны 09 сард нөхөр М-тай гэр бүл болж байсан. 1996 онд анхны хүүхэд А төрж байсан. 1997 онд дүү нь болох Э төрсөн. 1997 оны 04 сард охин А маань ханиад хүрч, өндөр халуураад эмнэлэгт очтол менингит гэж оношлогдож байсан. Би өөрөө нялх байсан тул аавтай нь хамт охиноо Т сумын эмнэлэг рүү явуулж байсан. Тэгэхэд манайх М багийн И гэх газар зусаж байсан юм. Нөхөр маань охиноо сахиад Т сумын эмнэлэгт 14 хоносон. 2001 оны 11 сард өвөлжөөндөө буучихсан байхад охин маань дахиад өндөр халуурсан. М багийн эмч Ш гуайг дуудсан. Тухайн үед эмчээ мориор зөөдөг байсан. Эмч ирэх хооронд халуун нь нэмэгдсээр охины маань биеэр жижиг юм туурчихсан байсан. Эмч ирээд халуун нь буурахгүй шинжтэй байна, зөөгөөд яахав гээд гэрээр нь халууныг буулгана гэж хэлсэн байсан. Тэгээд удалгүй охин маань нас барсан. Тухайн үед хадмынхтайгаа хамт цөөхөн ам бүл байсан тул охиноо И-ын У гэх газар мотоциклоор зөөж оршуулсан. Би 2000 онд хүү Г-г төрүүлчихсэн нялх биетэй байсан. Ингээд манайх 2002 оны хавар нь А аймгийн төв рүү орж ирсэн. Тухайн үед залуу байсан болохоор иргэний бүртгэлээс хасуулдаг гэдгийг мэддэггүй байсан. Шилжилт хөдөлгөөн хийлгэж байх үедээ ч анзаараагүй байсан. Хүүхэд дагаад шилжчихдэг гэхээр нь санасангүй. Тэгээд сая тэтгэврээ хөөцөлдөх гээд бичиг баримтаа бүрдүүлж байтал Нийгмийн даатгалын газар та хүүхдээ иргэний бүртгэлээс хасуулж болно гэхээр нь Улсын бүртгэлд хандтал архиваас эмнэлэгт хэвтэж байсан баримтыг нь авч ирээд шүүхээр тогтоолго гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хүсэлт гаргасан юм. Би одоо 3 хүүхэдтэй. Э 1997 онд, Г 2001 онд, хамгийн бага охин болох Л 2002 онд төрсөн. Манай охин жоохон халуурах гээд байдаг байсан. Бид нар гэрээрээ эмчилчихээр зүгээр болохоор нь зүгээр болчихлоо гээд яваад байдаг байсан. Анх 1997 онд менингит гэж оношлогдохдоо хөнгөвтөр байсан. Хяналт гээгүй эмнэлгээс нь гаргаж байсан. Тухайн үед сувилагчаар нь нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад Б гэдэг эмч ажиллаж байсан юм. Тухайн үед охиныг нас барсан талаар цагдаагийн байгууллагаас шалгасан зүйл байхгүй. Бид ханиад хүрчихлээ гэж бодож байтал Ш эмч ирээд менингит байна гээд халууныг нь дарах эмчилгээ хийсэн. Ш гуайтай М-гийн төвөөс эргэдэг утсаар ярьж байгаад авчирсан юм. Охиноо мотоциклоор авч яваад ил оршуулж байсан. А гэдэг хөшөө нь байгаа. Эмээгийнх нь хажууд оршуулж байсан. Бид эргэж нэг их очоогүй. 2004 онд очиход хөшөө нь байсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11/729 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтад заасны дагуу эмнэлгээс олгосон АМ-7 маягтад үндэслэн нас баралтыг бүртгэдэг. Иргэн М.А-ийн нас барсан тухай бүртгэл иргэний баримтын архивт байхгүй байна гэсэн,
- А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 83 тоот тодорхойлолтод: М овогтой А нь 1997 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл менингококкийн халдвар оноштой Т сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь үнэн болно гэсэн,
- А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 755 тоот тодорхойлолтод: З.Ө ам бүл-5, .......... регистрийн дугаартай ................ тоотод оршин суудаг нь үнэн болно гэсэн,
- 1994 оны хэвтэгсдийн журналд М.А, 1 нас 9 сар, эмэгтэй, Мөрөн баг, халдварт, 294, менингококкийн халдвар гэсэн,
- М.А-ийн 183 дугаартай төрсний гэрчилгээнд “1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эцгийн нэр С.М, эхийн нэр З.Ө” гэсэн,
- “Эцгийн нэр С.М, эхийн нэр З.Ө” гэсэн М.Э, М.Г, М.Л нарын төрсний гэрчилгээ,
- Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 129/ШЗ2024/02221 дугаар захирамж,
2.2. Хүсэлт гаргагч З.Ө-ы хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч С.М-ын шүүхэд өгсөн “З.Ө бид хоёр 1994 онд гэр бүл болсон. Том охин А 1995 оны 06 дугаар сард төрсөн. Охин А нь цэцэрлэгт яваагүй. Бид хоёр 1997 онд сумын төвийн эмнэлэгт хэвтэж охиноо эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Түүнээс хойш зүгээр байж байгаад гэнэтхэн муудаад 2001 онд нас барсан. Охин маань менегит өвчнөөр нас барсан. 1997 онд Т сумын эмнэлэгт үзүүлэхэд мененгит өвчин гэсэн оноштой гэж хэлсэн. Гэхдээ гайгүй хөнгөн, зүгээр гэсэн. Охин М.А-ийг нас барахаас 10 хоногийн өмнө М багийн эмч Ш гэдэг хүнийг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд халууныг бууруулах тариа хийгээд гайгүй болсон. Эмчид үзүүлснээс 10 гаруй хоногийн дараа дахиж муудаад эмч дуудаж чадаагүй нас барсан. Бид хоёрын дундаас 1997 онд охин М.Э, 2000 онд хүү М.Г нар төрсөн. Манайх 3 хүүхэдтэй байж байгаад том охин нас барсан. Охиноо нас барсны дараа нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй. Мэдэхгүй байснаасаа болоод бүртгүүлж чадаагүй. З.Ө бид хоёр 1994 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Охин М.А нь А аймгийн Т сумын М багийн И гэх газарт нас барж байсан. Охин М.А-ийн А аймгийн Т сумын М багийн И гэх газарт оршуулж байсан. Тухайн үед ил тавьж байсан. Эмнэлэгт очиж чадаагүй нас барсан” гэсэн мэдүүлэг,
- Гэрч М.Г-гийн шүүхэд өгсөн “Би сүүлд аав ээжээсээ эгч М.А-ийнхээ талаар сонсож байсан. Би эцэг, эхээс 3-уулаа. 1997 онд эгч М.Э, тэгээд би, 2002 онд дүү М.Л нар. 1995 онд төрсөн А эгчийнхээ талаар сүүлд аав, ээжээсээ сонсож байсан. М.А эгч 2001 оны үед өвчнөөр нас барсан гэж ярьсан. Намайг төрснөөс хойш 1 жилийн дараа нас барсан гэсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй байна ” гэсэн мэдүүлэг,
- Гэрч С.Б-ын шүүхэд өгсөн “З.Ө, С.М нарын хэдэн онд гэр бүл болсон оныг нь мэдэхгүй байна. Том охин А-гийн хэдэн онд төрснийг мэдэхгүй. М.А нь 2001 онд өвчнөөр гэртээ нас барсан. С.М-лын манай хоёр А аймгийн Т сумын М багийн И гэх газар голын наана, цаана саахалт байсан. С.М-хтай манайх ойрхон байсан болохоор би М.А-ийг 2001 онд нас барсныг мэдэж байна гэв. Би З.Ө, С.М нарын охин А-ийн оршуулгад оролцож байсан. М.А нь 2001 оны 11 сард нас барсан. М.А-ийг хаана оршуулсныг санахгүй байна. Тухайн үед М.А-ийг нас барсны бүртгэлд бүртгүүлснийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/739 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт М.А нь тэтгэвэр, тэтгэмж тогтоогдсон болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- М.Аийн төрсний ХААТР-11 маягтад “1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, А аймгийн Т сумын М баг, эхийн нэр З.Ө, эцгийн нэр С.М” гэсэн,
- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/335 тоот тодорхойлолтод: Иргэн М.А нь регистрийн дугаартай, Нийгмийн халамжийн сангаас ямар нэгэн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтөд хамрагдаагүй болно гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 03-08/5440 тоот лавлагаанд: А аймгийн Т сумын М багийн хөдөө оршин суух, С.М, тэргүүлэгч өөрөө, 1969 оны 09 дүгээр сард төрсөн, 30 настай, эрэгтэй, З.М, эхнэр, 1971 оны 06 дугаар сард төрсөн, 28 настай, эмэгтэй, М.Э, охин, 1997 оны 01 дүгээр сард төрсөн, 3 настай, эмэгтэй ... гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 03-08/5441 тоот лавлагаанд: А аймгийн Э сумын ... багийн оршин суугч, өрхийн тэргүүн И ургийн овогтой С.М, эрэгтэй, 1969 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, мужаан, эхнэр С овогт З.Ө, 1971 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 48 настай, хүү М.Г 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 19 настай, хүү М.Л, 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 17 настай гэж бүртгэгдсэн байна,
- А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 тоот тодорхойлолтод: “М овогтой А-ийн 2001 онд нас барсан тухай эмнэлгийн бүртгэл олдохгүй байна. М.А-тэй холбоотой 1997 оны 04 сарын 04-14 хооронд менингококкын халдвар оноштой эмнэлэгт хэвтсэн бүртгэлийн хуулбарыг хавсралтаар хүргүүллээ” гэсэн, хавсралтад М.А, 1 нас 9 сар, эмэгтэй, Мөрөн баг, халдварт, 294, менингококкийн халдвар гэсэн
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.3-т “...Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Хүсэлт гаргагч З.Ө нь өөрийн охин М.А-ийн нас барсны бүртгэлийг бүртгүүлэх зорилгоор М.А-ийн нас барсан болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. М.А-ийн нас барсан талаар эмнэлгийн бүртгэл бичиг баримт байхгүй учир онцгой ажиллагааны журмаар уг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.3-т заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч З.Ө-ы М.А-ийг 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй. Учир нь :
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11/729 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,
- А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 83 тоот тодорхойлолт,
- А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 755 тоот тодорхойлолт,
- 1994 оны хэвтэгсдийн журнал,
- М.А-ийн 183 дугаартай төрсний гэрчилгээ,
- “Эцгийн нэр С.М, эхийн нэр З.Ө” гэсэн М.Э, М.Г, М.Л нарын төрсний гэрчилгээ,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/739 тоот тодорхойлолт,
- М.А-ийн төрсний ХААТР-11 маягт,
- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/335 тоот тодорхойлолт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 03-08/5440 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 03-08/5441 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 тоот тодорхойлолт,
- Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.М, М.Г, С.Б нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар М.А нь 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч З.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн М.А-ийг 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН