Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/199

 

 

 

 

 

 

2023              02             14                                       2023/ДШМ/199

 

 

Ц.Оод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/752 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Оод холбогдох 2210000001099 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Цын О, 1984 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 214 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ... худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Ж.Аын халаасаас “IPhone 12 рго” загварын гар утсыг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Оод мэдэгдэж, шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлийг баримтлан шүүгдэгч Ц.О элэгний хатуурал оноштой ХӨСҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, бусад эмнэлгийн байгууллагуудаас эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч эмчийн хяналтад байдаг тул хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг тогтоосон нотлох баримтуудыг харгалзан, шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг өөрчлөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/752 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүгдэгч Ц.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд гэж бүсчлэлийг өөрчлөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах магадлалтай, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон учраас бүсчлэлийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд зааснаар албан ёсны хүсэлтээ тавих боломжтой бөгөөд хуулийн гарц гаргалгаа байгаа. Нэн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг аваад явах боломжтой. Шүүгдэгчийн эмчилгээний талаарх зохих байгууллагын баримтууд хэрэгт авагдсан байсан. Гэхдээ яг хэдий хугацаанд ийм, ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тодорхой баримт байхгүй байсан тул зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон байдаг. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Оод холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ... худалдааны төв дотор насанд хүрээгүй хохирогч Ж.Аын халаасаас “IPhone 12 рго” загварын гар утсыг хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ж.Аын “... Би 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17-р хороо, ... дэлгүүрт 17 цагийн үед эгч Л.Эрдэнэцэцэгийн хамт хүнсээ цуглуулж байгаад гар утсаа шалгатал миний “IPhone 12 рго” маркийн гар утас байхгүй байсан. Имарт дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзтэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй нь миний гар утсыг аваад эмэгтэй нь цүнхэндээ хийгээд явсан. ...х 11-12/,

гэрч Б.Бгийн “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны Ц.О ахын хамт ... худалдааны төв дотор хүнсээ цуглуулах гээд явж байтал “ахад нь яаралтай ажил гарчихлаа, гялс явъя” гэж хэлсэн. Тэгээд намайг замдаа манай хүүхдийн сургуулийн орчимд буулгаад цаашаа өөрөө яваад өгсөн. ...” /хх 17-18/,

шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хадам дүү Б.Бурамцэрмаагийн хамт Хан-Уул дүүргийн ... худалдааны төвөөс хоол хүнсний зүйл цуглуулж байгаад би ганцаараа чихэр зардаг хэсэгт явж байгаад нэг эрэгтэй хүний халаасаас “IPhone 12 рго” маркийн гар утас хулгайлж аваад, дүүгийн эзэмшлийн 83-23 УЕЕ улсын дугаартай Приус 30 маркийн машинд суугаад явж байгаад Монтел дээр бууж үлдээд дүүгээ явуулсан. Тэгээд хулгай хийсэн гар утсаа барьцаанд тавих гэхэд бүх газар хаалттай байхаар нь шууд гэр рүүгээ явсан. ...” /хх 32-33/ гэх мэдүүлгүүд,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 22-24/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-37/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээд тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлдөө нууц аргаар авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс уг гэмт хэргийг төгссөнд тооцдог учиртай.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Оод тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа өөрчлөхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулга “...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг өөрчлөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чА, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс оногдуулж буй ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх учиртай.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Оод оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Харин шүүгдэгч Ц.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан, прокурорт мэдэгдэн шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлаагүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 2022/ШЦТ/752 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР