Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 116/ШШ2024/0015

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: , “” ХХК /РД:/

            Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд үүссэн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., түүний өмгөөлөгч П., хариуцагч Ч.*******, түүний өмгөөлөгч О.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан, “Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолоор “...Тус сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 6-р хуралдааны 41 дүгээр тогтоолын 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцож, ... тогтоолтой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг сумын Засаг дарга П.*******т даалгаж” [1] шийдвэрлэсэн байна.

2.2. Нэхэмжлэгч “” ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандаж Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. [2]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 6 дугаар хуралдааны 41 дүгээр тогтоолоор Чойбалсан сумын 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, хадлангийн газар, төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгох болон шинээр уурхайн зориулалтаар аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг. Уг батлагдсан төлөвлөгөөний дагуу манай “” ХХК нь Чойбалсан сумын Засаг даргын 2022 оны 07 сарын 26-ны өдрийн А/93 дугаар захирамжаар Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* баг, *******, *******д байрлах нийт 511.150 м.кв бүхий 8 нэгж талбар газрыг уурхайн газар, уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж, хогийн цэг зэрэг зориулалтуудаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн манай компанид мэдэгдэлгүйгээр Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2023 оны 12 сарын 18-ны өдөр 89 дүгээр “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор дээрх газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг баталсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 6-р хуралдааны 41 дүгээр тогтоолын 2-р хавсралтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд 2024 оны 01 сарын 09-ний өдөр манай компанид уг тогтоолын хуулбарыг өгсөн.

            Манай компани тус тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

            Нэгт: Нэхэмжлэгч “” ХХК нь өөрсдийн эзэмшиж буй газрын төлбөр тооцоог тухай бүр төлж, газар эзэмшүүлэх гэрээний үр дүнг хугацаанд нь дүгнүүлэн, аливаа зөрчил гаргахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл шалтгаан бүрдээгүй.   

            Хоёрт: Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.2-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрхийг эдэлдэг бол тодорхой нэг этгээдэд чиглэсэн  иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг зөвхөн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харъяа нутаг дэвсгэрийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах замаар нийтийг хамарсан шийдвэр гаргах эрхтэй болохоос тодорхой нэг этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах, газар эзэмшсэн иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхэд халдах эрхгүй юм.             Гэтэл Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай компани руу шууд чиглэсэн, манай компанийн газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэр гаргаж, өөрт олгогдоогүй эрх хэмжээ эдэлсэн.

            Гуравт: Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллагын хувьд аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, бодит нөхцөл байдлыг тогтоон сонсох ажиллагаа хийх ёстой. Гэтэл Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1-т “...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26-р зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчин, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшсэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад шийдвэр гаргахдаа бидэнд мэдэгдээгүй, тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр хууль бус захиргааны акт гаргасан байна.

            Тухайн захиргааны акт нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн талаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-т “Бүх шатны Засаг дарга тухай хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээдэг ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.15-т “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасны дагуу өөрийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг сумын Засаг даргаас шаардах бүрэн эрхийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоол нь манай компанийн хууль ёсоор газар эзэмших эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн, заавал биелэгддэг шинжтэй, эрх зүйн ноцтой үр дагавар бүхий захиргааны акт байх бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Нэхэмжлэгч “” ХХК нь дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авсан ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн талаар гомдол гаргах дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийх боломжгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2022  оны захирамжаар Чойбалсан сумын 3 дугаар багт байрлах 511.150м2 нийт 8 нэгж талбарын газрыг уурхай, үйлдвэрлэлийн барилга байгууламж, хогийн цэг, авто засвар, засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа. Гэтэл Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгууллагын эрх ашгийг хөндсөн шийдвэрийг манай байгууллагад мэдэгдэлгүйгээр гаргасан. “” ХХК нь газрын тухай хуульд заасан газрын төлбөр тооцоог тухай бүрт төлж, газар эзэмших гэрээний дүнг хугацаанд төлж, аливаа зөрчил гаргалгүйгээр өнөөдрийг хүрсэн. Ямар нэгэн гэрээний зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй. Газрын тухай хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтыг батлах эрхийг эдэлдэг. Гэтэл энэ эрхээ хэтрүүлэн хэрэглэж, манай байгууллагын газар эзэмших эрхийг хөндсөн шийдвэрийг гаргасан.

Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг хийх, захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд боломж олгож тайлбарыг сонсоно гэж хуульд тодорхой заасан заалтыг зөрчсөн. Тухайн захиргааны акт нь шууд биелүүлэх шинжтэй байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн хуралдааны шийдвэрийг Засаг дарга заавал биелүүлэх үүргийг хүлээж байгаа юм. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоол нь манай байгууллагын эрх ашгийг шууд хөндсөн, заавал биелүүлэх үүрэгтэй, эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан учраас тухайн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч тал нь хоёр агуулгаар татгалзаж байгаа юм байна. Газар дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь нутгийн иргэдэд таалагдахгүй байна гэж байна. Мөн хариу тайлбар дээр дурдсан тусгай хамгаалалтад байдаг гэж яриад байна.

Ашигт малтмал газрын тосны газраас “” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байна. Ашиглалтын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. ...******* багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэсэн гэж ярьж байна. Тэгвэл энэ тогтоол нь эрх зүйн үр дагаваргүй болох нь харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хөнддөг юм. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдэгдлийг сум, дүүргийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх тухай дурддаг. “” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу авсан, хайгуул хийх асуудал нь аль хэдийн өнгөрсөн, үе шатаа давсан гэж ойлгож болно. Тиймээс тухайн хуулийн зүйл заалтад хамааралгүй юм. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой энэ компанийн эзэмшиж байгаа газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Хариуцагч талаас ч гэсэн энэ талаар нэмэлт тайлбар гаргасангүй. Мөн маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх ашгийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдүүлж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газар эзэмших эрхийг олгосон 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгох эрхгүй бөгөөд уг газар нь тусгай хамгаалалт бүхий газартай давхцаагүй юм. Үндэслэлгүйгээр, хэрэгцээ шаардлагагүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг гаргаж байна

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт бүх шатны Засаг дарга нь тухайн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Маргаан бүхий тогтоол нь заавал биелэгдэх шинжтэй. Засаг дарга өөрөө биелүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. Иймд Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Дорнод аймаг, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон нутгийн хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэж гаргасан нь хуульд нийцсэн. Мөн Чойбалсан сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гарсныг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааны 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон.

Багийн иргэдийн нийтийн хурлаар “” ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжихгүй байх санал гаргасан. Энэ асуудлаар тогтоолыг бидэнд ирүүлсэн. 41 дүгээр тогтоол нь хууль зүйн хэрэглээний хувьд алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр нь гарсан байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь илэрсэн учраас иргэдийн төлөөлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч энэ асуудлыг дараагийн ээлжинд хэлэлцэж газар олгох шийдвэрийг дэмжүүлсэн шийдвэрийг гаргасны дараа чөлөөлсөн. Энэ нь маш том алдаа юм. Тиймээс 89 дүгээр тогтоолыг нийтийн эрх ашгийн төлөө гаргах ёстой юм байна гэж хуралдаанаас үзсэн. “*******” нь маш том цар хүрээтэй, ойр хавьдаа малчидтай газар. Тухайн үед орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа гаргасан зураг нь эх газрын геодезийн зургийг авсан байсан. Яг үнэндээ тухайн газарт хүмүүс очиж эмчилгээ хийлгэдэг. Энэ нь ямар нэгэн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн үндэслэлээр баг болон иргэдийн нийтийн хурал шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.5.Хариуцагчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй байна. 89 дүгээр тогтоолоор өөрсдийн гаргасан 41 тоот тогтоолыг хүчингүй болгосон байгаа. Засаг даргаас оруулсан саналын дагуу газар зохион байгуулалтын асуудлыг хэрэгжүүлдэг. Тиймээс өөрийн эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч байгууллагад газар олгоогүй юм. Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч байгууллагад олгосон газар эзэмших гэрчилгээг дурдсан. Энэ захирамжаар олгосон эрхийг зөрчиж эрх ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргаагүй байна. Засаг дарга нь иргэдийн Хурлын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж ярьж байна. Засаг даргын гаргасан шийдвэртэй холбоотой нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөх үү үгүй юу гэдэг асуудал яригдах юм. Хөндөгдөөгүй байгаа эрх ашгийн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшиж буй газартай давхцалгүй байгаа нь харагддаг. Газар зохион байгуулалтад эрх хэмжээгээ хэтрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс, ...Маргаан бүхий тогтоолоор 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож, энэ нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй 8 нэгж талбар бүхий газрын 511,150 мкв бүхий газрын эзэмших эрхийг хөндсөн, ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой нэг этгээдэд чиглэсэн шийдвэр гаргах, газар эзэмшсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхэд халдах эрхгүй, ...манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад шийдвэр гаргахдаа бидэнд мэдэгдээгүй гэж маргадаг.  

3. Хариуцагчийн зүгээс, ... Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон нутгийн хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоол, Чойбалсан сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн, Багийн иргэдийн нийтийн хурлаар “” ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжихгүй байх санал гаргасан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. “” ХХК-д Дорнод аймгийн Чойбалсан сумын “*******-А” нэртэй газар орших 781.06 гектар талбай бүхий уурхайн талбайд ******* дугаар бүхий, “*******- 2” нэртэй газар орших 903.27 гектар талбай бүхий уурхайн талбайд ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдээр 2045 оны 11 дүгээр сарын 11-нийг дуустал хугацаагаар ашигт малтмал ашиглах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. [3]

4.2. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар хуралдааны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар шинээр эзэмшүүлэх уул уурхайн зориулалттай газрын байршил, хэмжээг баталсан байна. [4]

4.3. “” ХХК-д Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/93 дугаар захирамжаар 51.115 га газрыг хавсралтад дурдсанаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж[5], хавсралтад дурдсан 8 нэгж талбар бүхий газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон[6] байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

4.4.  Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “*******”-ийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, ... тус сумын ******* багийн иргэдийн нийтийн Хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит 6 дугаар хуралдааны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, тогтоолтой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг сумын Засаг дарга /П.*******/-т даалгаж шийдвэрлэсэн байна.

4.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

5. Маргаан бүхий тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар:

5.1. Маргаан бүхий тогтоолд үндэслэл болгосон  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”  гэсэн заалт нь Хурлын хуралдааны шийдвэр гаргах хэлбэр, түүнчлэн шийдвэр гаргах шалгуур буюу олонхийн саналаар батлах тухай зохицуулалт бөгөөд тухайн харилцаанд шийдвэр гаргах эрх хэмжээг хууль тогтоомжоор олгосон тохиолдолд хэрэгжинэ.

5.2. Өөрөөр хэлбэл, тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хууль тогтоомжоор шийдвэр гаргах тусгай эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байх ёстой.

5.3.  Тогтоолд үндэслэл болгосон “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг  хэрэгжүүлнэ. 20.1.2. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан.

5.4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд газрын харилцаанд сумынхаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрх хэмжээтэй бөгөөд энэ нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн хүрээнд хязгаарлагдана.

5.5. Харин өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгох хэлбэрээр өмнөх оны батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хүчингүй болгох, түүнчлэн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхэд халдах эрхгүй байх тул дээрх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

6. “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай давхцалтай” гэх үндэслэлийн тухайд:

6.1. Хариуцагчаас, маргаан бүхий тогтоолын үндэслэлийг ... “*******”-ийн орон нутгийн тусгай хамгаалалттай газартай “” ХХК-ийн эзэмшиж буй газар давхцалтай гэх агуулгаар тайлбарлаж маргадаг.

6.2. Хэрэгт авагдсан баримтаар, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаар хуралдааны “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоолоор Чойбалсан сумын хамгаалалтын бүс тогтоох газрын байршлын солбицлыг /*******/ баталж, тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. [7]

6.3. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дээрх тусгай хамгаалалттай газрын кадастрын зураг, “” ХХК-ийн эзэмшиж буй 8 нэгж талбар газартай давхцалтай эсэх талаар лавлагаа, нотлох баримт гаргуулахад “*******”-ийн орон нутгийн тусгай хамгаалалттай газартай “” ХХК-ийн эзэмшлийн 8 нэгж талбар бүхий газрууд нь давхцалгүй бөгөөд, эдгээр газрууд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газраас 0.8-2.7 километрийн зайд байршилтай болох нь солбилцлын зургаас[8] харагдаж байна.

6.4. Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх газрууд харилцан давхцалгүй болохыг хүлээн зөвшөөрч, харин ойролцоо байршилтай гэж дурдсан.

7. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал гаргасан гэх үндэслэлийн тухайд:

7.1. Хариуцагчаас: ... Чойбалсан сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гарсныг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан гэж маргадаг.

7.2. Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Санал татгалзах тухай” 04 дүгээр тогтоолд: ... Тус сумын ******* багийн нутаг дэвсгэрт “” ХХК-ний Минжүүрийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг явуулах саналыг иргэдийн Нийтийн Хуралдаанаар хэлэлцэж 86 хувийн саналаар татгалзсугай[9] гэсэн байна.

7.3. Дээрх иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд, “” ХХК-ийн газар эзэмшилтэй холбоотой агуулга байхгүй бөгөөд “...” ХХК-ийн Минжүүрийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг явуулах саналыг ... татгалзсугай” гэсэн нь агуулга болон үр дагаврын хувьд ойлгомжгүй, “” ХХК-ийн 8 нэгж талбар бүхий газар эзэмшлийн асуудалд хамааралгүй байна.

7.4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: ...Дээрх иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны “Санал татгалзах тухай” тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т заасны дагуу санал гаргасан гэж тайлбарладаг бөгөөд дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны  байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах” харилцааг зохицуулсан бөгөөд “” ХХК-ийн газар эзэмшлийн асуудалд хамааралгүй байна.

7.5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс “... “” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн асуудлаар нутгийн иргэдийн зүгээс маргаан үүсгэж, гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шатанд маргаж байгаа” гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд маргаан бүхий шийдвэр нь нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гараагүй тул энэ хэрэгт хамааралгүй.

8. Сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэх:

8.1. Нэхэмжлэгчээс, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компанид мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан гэж маргадаг.

8.2. Хариуцагч Ч.******* шүүх хуралдаанд “сонсох ажиллагаа хийгээгүй” талаар хүлээн зөвшөөрч тайлбарласан бөгөөд сонсох ажиллагааны талаарх баримт шүүхэд ирүүлээгүй.

8.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1. Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан.  

8.4. Захиргааны шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрт хамааралтай болсон үйл явдал, бодит байдлыг судлан тогтоох шаардлагатай. Энэ үүргийг шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага хүлээнэ.

8.5. Дээрх тохиолдолд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон газар давхцалтай эсэхийг холбогдох байгууллагаас тодруулсны үндсэн дээр хэлэлцэх боломжтой бөгөөд энэ үүргээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан нь эрх зүйн алдаатай болсон байна.

8.6. Маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийн газар эзэмшилд халдсан шийдвэр гаргаж байгаа тул захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаагүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй  нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн байна.

9. Бусад үндэслэлийн талаар:

9.1. Хариуцагчийн тайлбарт дурдаагүй боловч хариуцагчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд: “...Маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг хөндөөгүй, ...Засаг даргын гаргасан шийдвэртэй холбоотой нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөх үү үгүй юу гэдэг асуудал яригдана” гэж тайлбар гаргасан.

9.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.  

9.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд маргаан бүхий 89 дүгээр тогтоолын 2 дахь заалтад: “...Тогтоолтой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг сумын Засаг дарга П.*******т даалгаж” шийдвэрлэсэн байна.

9.4. Маргаан бүхий, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 89 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчид олгосон газрыг эзэмшүүлэх үндэслэл болсон “сумын 2022 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан” тогтоолыг хүчингүй болгож байгаа тул, Засаг даргаас нэхэмжлэгчид олгосон газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох үр дагавар үүсгэх, заавал хэрэгжих, нэхэмжлэгчид чиглэсэн захиргааны акт байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан  дээрх тайлбар үндэслэлгүй байна.

10. Дээрх үндэслэлүүдээр, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоол хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 89 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     В.ДАВААНЯМ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 19-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-******* хуудас

[3] Хавтаст хэргийн 191-194 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 55-103 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 129-134 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас