| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01559/И |
| Дугаар | 135/ШШ2024/01478 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2024/01478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01559/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
8,173,050 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хариуцагч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан “8,173,050 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...Б.******* би П.*******гийн хүсэлт гуйлтаар, түүнд итгэсний үндсэн дээр ямар ч барьцаагүйгээр 2023 оны 08 дугаар сард 12,000,000 төгрөгийг зээлүүлж өгсөн. Гэвч П.******* амаар ярьж тохирсныхоо дагуу мөнгөө өгөхгүй байсан учраас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хууль ёсны дагуу гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулсан. Энэхүү гэрээгээр бид 12 сая төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай зээлдүүлэхээр мөн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутмын 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. П.******* нь эхэндээ гэрээ ёсоор хугацаандаа 5,100,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 6,900,000 төгрөгийг өгөлгүй 5 сар болж байна. Мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг шалтгаан зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжилж байна. П.******* бидний хооронд хийгдсэн гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд П.******* үлдэгдэл 6,900,000 төгрөгийн хүүг 4 сараас эхлээд өгөөгүй. Иймд П.*******гаас дараах мөнгийг нэхэмжилнэ. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,900,000 төгрөг, 2 сарын хугацааны хүүг сарын 1.5 хувиар бодоход 207,000 төгрөгийг нэмээд бүгд 7,107,000 төгрөг болж байна. П.******* энэ мөнгийг 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой боловч өгөлгүй 5 сар буюу 150 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд гэрээний 3.3.7-д зааснаар хоногийн 0.1 хувиар алданги тооцож 8,173,050 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч П.******* нь хариу тайлбартаа:
“... 2022 оноос хойш Б.*******ээс сарын 10-15 хувийн хүүтэй мөнгө зээлж, өгч авалцдаг байсан. Сүүлдээ зээлийн хоног нь багасаж зээлийн хүү нь нэмэгдсэн ба 7 хоногийн 10-15 хувь буюу сарын 40-60 хувь хүртэлх хүүтэй мөнгө зээлж байсан. Б.*******ээс 2022 оноос 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт давхардсан дүнгээр 56,000,000 төгрөг авч 80,499,800 төгрөг буцаан шилжүүлсэн ба 24,449,800 төгрөгийг илүү төлсөн болно. 2023 оны 08 дугаар сард хийгдсэн тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь тухайн гэрээний 12,000,000 төгрөгийг надад шилжүүлээгүй гэдэг нь дансны хуулгаар харагдах болно. Дээрх дүн зээлийн хүүний үлдэгдэл дүнгээр тооцож гэрээ хийсэн. Миний зүгээс тухайн гэрээг хийх болсон шалтгаан нь намайг олон нийтийн цахим сүлжээнд тавьж, миний нэр төрд халдсан. Мөн Б.*******ийн ээж болох Ш. нь олон нийтийн сүлжээнд намайг болон миний гэр бүлийн зургийг нийтэлнэ гэж удаа дараа дарамталсан. Ийм учир тухайн үед хуулийн мэдлэггүйгээс болж, айж түгшсэнээс дээрх гэрээг дарамтад орсноор хийсэн” гэжээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1369 дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 135/ШЗ2024/04391 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар, өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээ (хх 2-10, 57 хуудас) зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Хаан банкны5108411414 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дансны хуулганууд, Хас банкны дугаартай дансны хуулганууд , Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дансны хуулга, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дансны хуулга, Хаан банкны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дансны хуулга, гэрэл зургууд зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 31-54 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч П.*******д холбогдуулан гаргасан 8,173,050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...2023 оны 08 дугаар сард П.*******д 5,000,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг, дахиад 3,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс 1,000,000 төгрөг төлсөн. Тухайн мөнгийг ээжээсээ зээлж өгсөн. П.******* нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учир үлдэгдэл 12,000,000 төгрөг дээр гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах байсан боловч 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хүүг төлөөд түүнээс хойш мөнгө төлөгдөөгүй байна. Иймд үндсэн зээл 7,000,000 төгрөг, алдангид 1,173,050 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
3.Хариуцагч П.******* нь шүүх хуралдаад “...2022 оноос хойш Б.*******тэй харилцаатай болсон. Би анх нэхэмжлэгчид мөнгө зээлэх үү гэж санал тавиад хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлэх вэ гэхэд нэхэмжлэгч 10 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Би зээлсэн мөнгөө өгөөд явдаг байсан. Дараагаар нэхэмжлэгчээс мөнгө асуухад 15 хувийн хүүтэй мөнгө зээлж болно. 30 хоногоор 10 хувийн хүүтэй зээлэхгүй гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг их болохоор мөнгө зээлдэг байсан. Би хугацаа алдахгүй хүүгээ төлөөд явдаг. Ээж нь над руу фейсбүүкээр орж ирээд би танайхыг бүгдийг нь танина, бүх зургийг чинь сошиалд тавина гэж дарамталсан учраас мөн хуулийн мэдлэггүй болохоор гэрээ хийсэн. Би зээлийн хүүгээ цаг тухайд нь өгдөг байсан болохоор энэ хүн надад мөнгө зээлэх маш дуртай байсан. Сүүлдээ би хүү болон үндсэн мөнгөө өгч чадахаа больсон. Үндсэн мөнгөнөөс илүү хүү төлсөн болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******ээс 2022 оноос 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт давхардсан дүнгээр 56,000,000 төгрөг авч 80,499,800 төгрөг буцаан шилжүүлсэн” гэж тайлбар гаргасан.
4.Хэрэгт баримтаар авагдсан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр нэг талаас Б.*******, нөгөө талаас П.******* нар нь ...зээлдүүлэгч Хас банкны тоот дансанд 2023.08.08-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023.08.21-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 2023.09.19-ны өдөр 500,000 төгрөг, 2023.10.19-ний өдөр 500,000 төгрөгийн зээлийг тус тус төлсөн. Зээлийн хэмжээ 12,000,000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй, 2023.08.08-2024.05.15 өдрийг хүртэл 10 сарын хугацаатайгаар зээлдүүлэв гэж тохиролцжээ. (хх4)
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх зээлийн гэрээг зээлийг олгосноос хойш сүүлд бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн гэж талууд тайлбарласан.
Хариуцагч талаас ...тухайн зээлийн гэрээг хийх болсон шалтгаан нь намайг олон нийтийн цахим сүлжээнд тавьж, миний нэр төрд халдсан. Мөн Б.*******ийн ээж болох Ш. нь олон нийтийн сүлжээнд намайг болон миний гэр бүлийн зургийг нийтэлнэ гэж удаа дараа дарамталсан. Ийм учир тухайн үед хуулийн мэдлэггүйгээс болж, айж түгшсэнээс дээрх гэрээг дарамтад орсноор хийсэн... гэж тайлбарласан боловч энэ нь зээлийн гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулж, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж, хүү, алданги төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай харшлахгүй.
6.Нэхэмжлэгчээс ...зээлийн үлдэгдэл төлбөр, алдангийг гаргуулна гэж, хариуцагчаас ...зээлсэн мөнгөнөөс илүү мөнгийг буцаан төлсөн... гэж талууд маргах ба зохигчдын маргааны зүйл нь зээлийн төлбөрийг төлсөн эсэх, хүү, алдангийн асуудал байна.
7.Шүүх хуралдааны явцад талуудаас 2022 оноос эхлэн мөнгө зээлж, буцаан өгдөг харилцаатай байсан гэж тайлбар гаргасан, мөн нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга, Хас банкны дансны хуулга зэргээр нэхэмжлэгч байнга ашиг олох зорилгоор удаа дараагийн шилжүүлгээр хариуцагчид мөнгө зээлдүүлсэн, зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн байдал тогтоогдож байна. (хх6-9, 32-49х)
8.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Байнга ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулахаар эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн байдал тогтоогдохгүй байна.
9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хариуцагч нь хуульд заасныг зөрчиж зээл олгосон байх тул талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн эрх бүхий этгээдэд бүртгүүлнэ гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүснэ.
11.Хэрэгт авагдсан зохигчдын дансны хуулгуудаар нэхэмжлэгчээс 2023.08.08-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023.08.21-ны өдөр 3,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс хариуцагч 2023.08.18-ны өдөр 1,300,000 төгрөг, 2023.09.19-ний өдөр 500,000 төгрөг, 2023.10.09-ний өдөр 500,000 төгрөг, 2023.10.23-ны өдөр 150,000 төгрөг, 2023.11.24-ний өдөр 5,000,000 төгрөгийг (Э.Батчимэг гэх хүнээр дамжуулан өгсөн гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрсөн), 2023.12.31-ний өдөр 516,600 төгрөг, 2024.02.02-ний өдөр 96,600 төгрөг, 2024.02.29-ний өдөр 95,000 төгрөг, 2024.04.02-ний өдөр 96,600 төгрөг нийт 8,254,800 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. (хх6-9, 32-49х)
Мөн зохигчдоос ...2023.08.08-ны өдрөөс өмнөх зээлийн харилцаанууд тухай бүртээ дуусгавар болоод явж байсан. Ямар нэг тооцоо үлдээгүй... гэж шүүх хуралдаанд тайлбарласан учир 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг хасагдах үнийн дүнд оруулан тооцсон болно.
Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 13,000,000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн 8,254,800 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 4,745,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 3,427,850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хангасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 90,873 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар хариуцагч П.*******гаас 4,745,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 3,427,850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90,873 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН