| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0819/Э |
| Дугаар | 774 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Т.Н өөрөө өөрийгөө өмгөөлөн,
хохирогч Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706000650252 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Бөх лам овогт Тэгшжаргалын Наранхүү, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 34-555 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 44-546б тоотод Б.Анхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбоглжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ажлаа тараад гэрт ирэхэд аав гэртээ байсан. Би унтаад 1 цагийн дараа сэрэхэд аавтай энэ ах архи уугаад сууж байсан. Тэгээд байж байснаа энэ хүн орилж чарлаад агсам согтуу тавих гээд байсан. Тэгэхээр би энэ хүнийг чирээд гэрээсээ гаргасан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Анхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр энэ залуугийн аавтай архи уугаад сууж байхад энэ хүүхэд гэртээ орж ирээд намайг юу юугүй зодож эхэлсэн. Би хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би эмнэлэгт очиж шарлаг хийлгэж, бас бус эм тариа авч хэрэглэсэн. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна” гэв.
Хохирогч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би хөл алдаж унаагүй, Наранхүү нь гэрт байхдаа нүүр рүү гараараа нэг удаа цохиод дараа нь цээж рүү нэг удаа цохиод гэрээсээ чирч гаргаад түлхэж унагаад өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх9-12/,
Гэрч Г.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тэгшжаргалын хүү Наранхүү нь “чи аав шигээ хүнийг яагаад ийм зодчихвоо хэлж яриад явуулчихгүй дээ” гэхэд “манай гэрт хулгайч ирсэн юм байх гэж бодоод зодсон юм” гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг. /хх-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8735 дугаартай дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 44-546б тоотод Б.Анхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос Шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүгдэгч Т.Н нь хохирогчид өөрийн сайн дураар хохирол төлбөрт тооцож 100.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдав.
Хохирогч Б.Анхбаяр нь гэм буруутай этгээдээс хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хавтаст хэрэгт ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул түүний энэ гэмт хэргийн улмаас эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Н 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хохирогч Б.Анхбаяр нь гэмт буруутай этгээдээс / Т.Н / өөрт учирсан хохирол болох эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР