Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/198

 

 

 

 

 

 

2023              02             14                                       2023/ДШМ/198

 

 

С.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Эт холбогдох 2203006000572 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн Сгийн Э, 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Телевизийн техник, технологич мэргэжилтэй, ....-нд борлуулагчаар ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../.

 

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 06 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын урд замд “Тоёота Приүс” загварын .... УАВ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.2 дахь заалт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Жг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Эыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч С.Эын В ангиллын 637573 дугаартай жолооны эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Эаас 5.161.801 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Жд 1.932.901 төгрөгийг олгож, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний дансанд 3.228.900 төгрөгийг нөхөн төлүүлж, Нэт Капитал ХХК-г иргэний хариуцагчаас чөлөөлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Нэт Капитал ХХК хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Жгийн нэхэмжлэлээс 119.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цалин хөлс болон бусад зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Э нь 1985 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Дээд боловсролтой, телевизийн техник технологич мэргэжилтэй, АПУ компанид борлуулагчийн ажил эрхэлдэг. 2007-2008 онд цэргийн алба хаасан. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 05 цаг 30 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Ажил руугаа очих замд ажлын принтерийг гэртээ орхисныг санаад ажлаас буцан гэр рүүгээ явж байхад Вива сити хорооллын урд замд зүүнээс баруун чиглэлд явж байтал гэнэт урдуур хүн орж гүйгээд мөргүүлсэн. Тухайн үед зам гэрэлтүүлэггүй, харанхуй бүрий байсан ба хурд 60 км/ц-аас хэтрээгүй явсан. Тухайн үед түргэн тусламж яаралтай дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь хэрэгцээтэй эм, тариагаар хангаж, эмчилгээний зардал болон хохирол гомдлыг бүрэн барагдуулсан болно. Миний хувьд эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй. Гэр бүлийн санхүүгийн ачаа үүрдэг. Би өөрийн санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа гүнээ гэмшиж байна. Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг болон хохирогч маань одоо ажлаа хийж байгаа зэргийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Г.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь анхан шатны шүүхийн шүүгч түүний учруулсан хохирол, хор уршгын шинж чанар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн гэм хорыг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн бөгөөд С.Э нь хохирогчид 1.932.901 төгрөгийг төлөх, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний газарт 3.228.900 төгрөгийг төлөх шийдвэр гарсныг С.Э нь бүрэн төлсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, С.Эын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Гэхдээ шүүгдэгч С.Э нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй, түүний хувийн байдал хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 06 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын урд замд “Тоёота Приүс” загварын .... УАВ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.2 дахь заалт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Жг мөргөж, түүний эрүүл мэндэд дух, хоёр талын суурь яс, хоёр талын ухархайн хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болох нь:

хохирогч Э.Жгийн “...Тэгж байтал найз маань утсаа авчихаар нь замын урд талд буугаад зам хөндлөн гарахаар хойшоо алхаж явтал зүүнээс баруун тийш чиглэх урсгалын 1 дүгээр эгнээгээр баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр баруун тийш явж байсан машин намайг мөргөсөн. Тухайн үед машины хөдөлгөөн багатай байсан. Явган хүний гарц ойр хавьд харагдаагүй болохоор нь би гарцгүй газраар машин харагдахгүй болохоор нь зам хөндлөн гарч явтал тухайн машин чигээрээ явж байгаад намайг баруун урд хэсгээрээ мөргөсөн. ...” /хх 12-13/,

шүүгдэгч С.Эын яллагдагчаар өгсөн “...Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа гурван эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт замын урд талаас явган хүний гарцгүй хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарч ирсэн. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч тулаад ороод ирсэн болохоор ямар ч арга байхгүй машины баруун талын урд хэсгээр мөргөж унагаасан. ...” /хх 139/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...Э.Жгийн биед дух, хоёр талын суурь яс, хоёр талын ухархайн хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 13251 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18-20/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “...Toyota Prius 20 маркийн .... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ...зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6800 cd, (10000-225000ссd) байна. ...” гэх 1138911521 дугаартай дүгнэлт /хх 42-47/,

мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1270 дугаартай магадалгаа /хх 50-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хх 8-9/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Эыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн С.Эт тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Харин шүүгдэгч С.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн буюу түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Баасанжаргал нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц овгийн Сгийн Эын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Эт 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн заалтууд нэмсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР